Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын баярыг тохиолдуулан “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт бүтээлийн уралдааныг хоёр дахь удаагаа зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, гэрэл зургийн сурвалжлагчид оролцох боломжтой. Боловсролын чанарт шинэчлэл хийхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид өөр, өөрсдийн нүдээр сайн багшийг олж, дүгнэн бүтээлдээ тусгах юм байна. 

Энэ нь нийгэм дэх багшийн тухай ойлголтыг таниулах, бусад багш нарт үлгэр дуурайл үзүүлэх ач холбогдолтой юм. Уралдаанд ирсэн бүтээлийг телевиз, сонин, сайт радио, гэрэл зураг гэсэн таван төрлөөр шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулна. Сэтгүүлчдийн бүтээлийг 2013 оны 12-р сарын 16-ны өдрөөс 2014 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.