Сүүлийн үед цахим ертөнцөөр нэгэн сонирхол татсан ам дамжсан яриа гарсан нь Дамба Даржаагийн сүнстэй байшин эзэнтэй болсон яриа байв. 

Үнэн худал нь мэдэгдэхгүй ч өдийг хүртэл яригдсаар ирсэн Дамба  Даржаа дахь нэгэн эзэнгүй байшин сүнстэй гэж яригддаг ба олон хүнийг айдаст автуулсан байшинг Эрдэнэт хотын Хутагт ламын хийдийн тэргүүн хамба Даян хутагт В. Бөртэчоно гэх хүн засч янзалж хийд болгох гэж байгаа гэсэн яриа гарчээ. 

Цаашдаа энэ хийд улам өргөжин тэлж буян номын сайхан газар болгох зорилготой ажиллаж байгаа гэнэ. Хэдийгээр энэ яриа баттай биш ч гэлээ иргэдийн дунд таамаг дэвшүүлсэн ийм яриа гадуур таржээ 

 

Иргэдийн дунд Дамба Даржаагийн эзэнгүй байшингийн талаар үлгэр домог мэт яриа их байдаг бөгөөд эдгээрийн талаар уншигч та бүхэнд товч хүргэж байна. 

 

1995-1996 оны үед баригдсан барилгыг ах дүү хоёр барьж эхэлсэн гэдэг. Тухайн үед барилгын материалаар “зодож” хийснийг одоо ч харах боломжтой.
Гэр хороолол дундаа амины гайгүй орон сууц болох байсан болов уу. Гэвч удалгүй байшингийн эзэд ар араасаа зуурдаар өнгөрсөн аж. Түүний дараа хувиараа бизнес эрхэлдэг залуу гайгүй үнээр худалдаж авсан ч мөн л түрүүчийн адилаар зуурдаар хорвоог орхижээ. Үүнээс хойш хэд хэдэн хүн авсан ч бүтэлтэй зүйл бололгүй өдийг хүргэжээ. Тэндхийн оршин суугчид сүнстэй байшингаас нэг ч тоосго авдаггүй гэсэн.

 

Учир нь өнгөрсөн жил пийшин барихаар нэг залуу өнөөх сүнстэй барилгаас хэдэн ширхэг тоосго авчээ. Гэтэл пийшингээ ч барьж амжилгүй гараа хугласан байна. Зарим шөнө хүн уйлж байгаа дуу ч сонсогддог ажээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон тухай ойролцоо амьдардаг иргэн ярьж байлаа. Хоёр тоосгон байшингийн ойролцоо олон суварга босгосон байдаг. Мөн чанх ар талд нь хадагаар ороосон өндөр багана босгожээ. Үүнийг энэ жил бөө нар ирж босгосон байна. Өдрийн цагаар явахад хуучны барилгыг хог новшиндоо дарагдсан балгас гэж хэлж болох ч шөнө нь хажуугаар нь явах хүн олддоггүй ажээ.

Үнэхээр энэ газарт хар энерги шингэсэн байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил ажлаа тараад явж байсан эмэгтэйг мөнөөх улаан байшин дотор хүчирхийлсэн хэрэг гарчээ. Өглөө үүрээр хичээлдээ явж байсан охин байшингийн хажууд бие зассанаас болоод ухаан санаа нь орон гаран болсон байна. Охины ярьснаар байшин дотроос аймаар хүн дуудаад, нүд нь харагдсан тухай ярьсан байдаг. Энэ мэтчилэн баримтгүй атлаа бараан сүүдэртэй явдлууд олон тохиолдож байжээ.

Одоо сүнстэй байшингийн талаар ам дамжсан яриа олон байдаг. Гэхдээ тухайн хороонд олон жил амьдарсан хүмүүс энэ талаар илүү мэдэх нь лавтай. Дээр үед Дамбадаржаа хийдэд чадалтай олон лам нар шавилан суудаг байж. Тэгээд тухайн лам нарыг одоогийн бичигтэй уулын бэлд нутаглуулсан гэдэг. Энэ нь одоогийн хоёр давхар тоосгон барилга байгаа газар ажээ. Үүний үнэнийг гэрчлэх үйл явдал энэ жил тохиолдсон. Сүнстэй байшингаас хойшоо өгсөх замд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ.
Намар барилгынхаа суурийг тавихаар ухтал олон хүний чандар гарсан байна.