УИХ дахь МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай шийдвэрийн төслийг өчигдөр  УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаа тэднийг муу, маш муу ажилласан тул огцоруулах санал оруулж байгаа гэдгээ МАН-ын дарга М.Энхболд мэдэгдсэн юм.  Энэ талаар  МАН-ын дарга  М.Энхболд ингэж тайлбарлаж байна.  “УИХ-ын нэр бүхий 23 гишүүн улсын орны нийгэм, эдийн засгийн байдалд үүссэн нөхцөлд үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид Засгийн газрын үйл ажиллагааны алдаа, оноог засаж, залруулах ёстой гэдэг байр сууринаас Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайд нарыг огцруулах танилцуулга, шийдвэрийн төслийг УИХ-ын даргад “Дэгийн тухай” хуульд заасны дагуу өргөн барилаа.

Ер нь бид өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний санал бодол, амьдрал ахуйн талаар танилцсан. Тэгэхэд иргэд өнөөгийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд сэтгэл тун тааламжгүй байгаагаа илэрхийлсэн. Сөрөг хүчний хувьд засах, залруулах, хариуцлага тооцож ажиллах ёстой гэдэг байр суурийг иргэд, олон түмэн илэрхийлсэн.

Нөгөө талаас аравдугаар сарын 1-нд 2014 оны улсын төсвийг өргөн барьснаас хойш эрх баригчдад гурван удаа “Дотроо хариуцлага тооцоож ажиллаач. Алдаа, оноотой шийдвэрээ засаж, залруулаач” гэдэг хүсэлтийг өгсөн. Гэтэл үүнд тодорхой арга хэмжээ аваагүй. Нөгөөтэйгүүр өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, тэдний өмнөөс хариуцлага тооцъё гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эр зориг гаргасан. Мөн өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ бүгдэд олонхи олонхийн хүчээр түрий барьж, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлийг энэ УИХ, Засгийн газарт байхгүй мэтээр явж байна. Иймээс 23 гишүүн санаа оноо нэгдэж, 2014 оны төсвийг хэрэгжүүлэх гол хоёр сайдыг шинэ оны эхнээс шинээр томилж ажиллуулах ёстой гэснээр энэ асуудлыг тавьсан” хэмээн мэдэгдлээ. Харин энэ асуудлаар  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Сайд нарыг огцруулах асуудлыг таниас сонслоо. Засгийн газрын сайд нарыг огцруулах зүйл ярьдаг нь сөрөг хүчний үүрэг байдаг байх. Анхнаасаа Ардын нам энэ Засгийн газрыг огруулъя гэж зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд явж байгаа. Засгийн газар тогтвортой байх нь улс орны тогтвортой байдал эдийн засагтай шууд  холбоотой учраас хүлээж авах боломжгүй. 

Эрх баригч болон сөрөг хүчин өөрсдийнхөө байр суурийг ийнхүү илэрхийллээ. Харин сайд нарыг огцоруулах асуудлыг энэ долоо хоногтоо багтаан  Байнгын  хороогоор шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл  асуудлыг  хэлэлцэх хуулийн хугацаа нь долоо хоног тул энэ долоо хоногтоо багтаан  байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд үүний дараа  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.  

Харин сайд нарыг  огцоруулахгүй байх магадлалтай юм.  Учир нь   асуудлыг олонхийн  саналаар шийдвэрлэнэ. Өнөөдөр байнгын хороод болон  УИХ-д  АН олонх болсон  бөгөөд   энэ асуудлыг хэлэлцэхэд  МАН-ын  суудлын тоо багадах төлөвтэй юм.

Нөгөө талаас МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд Ч.Улааныг сайдын суудлаас нь тийм ч амархан босгочихгүй  нь тодорхой.

Харин сайдынхаа суудалд үлдэх эсэх нь тодорхой болох сайд нарын талаар ард түмний дунд ямар сөрөг “бор шувуу” нисэж байгааг хүргэе.

Н.Батбаяр сайд “Чингис бонд амжилттай арилжаалагдсан.  Улс орноо хөгжүүлж байхад битгий олон юм яриад бай. Жилийн дараа улсаа хөгжүүлчихнэ.  Өдөр шөнөгүй бөөлж, галаа манасаар Чингис бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжсан” гэж өөрийгөө өмөөрдөг бөгөөд өөртөө хир халдаах дургүй.  Гэвч тэрбээр намдаа төдийгүй улсдаа нэр хүндгүй нэгэн ажээ.  Өөрөөр хэлбэл Барилга хот байгуулалтын сайд байхдаа 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн ярьж байсан ч охиныхоо нэрээр нэрлэсэн “Жаргалан” хотхоныг л барьж, нөгөө 40 мянган айлын орон сууц гэдэг үлгэр болсон. Монгол Улсын Гавъяат Эдийн засагч, Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонтой, бөө, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдыг  намынхан нь “байгалийн гамшиг” гэж хочилдог. «Батбаяр явсан газар балагтай» гэсэн хэлц үг хүртэл гарсан.

Сангийн сайд Ч.Улааны хувьд Сангийн сайдаар удаа дараа ажиллаж байгаа нэгэн. Харин хүн муутай гэж улс төрчид ярьдаг.  Тодруулбал залуу халуун насаа  өөрийнх нь төлөө барж, гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн анхны эхнэрээ залуухан бүсгүйгээр сольж, хэнз үрийн зулай үнэрлэсэн.  УИХ-ын гишүүний суудалд эвслээс жагсаалтаар орж ирсэн нь учиртай. Тэрбээр нутаг усныхаа хэсэг газрыг улаанаар нь ургүүлж, там болгож орхисон тул муу нэр зүүж, сүүлд болсон УИХ-ын сонгуулиар нэр дэвших аргагүй болсон нэгэн.   Мөн эдийн шуналтай гэдгийг улс төрчид ярьдаг.

Энэ мэтээр сайдын суудлаасаа хагацах эсэх нь тодорхойгүй байгаа Ч.Улаан, Н.Батбаяр нарын талаар муу яриа цөөнгүй бий.  

Харин ийм нөхдийг  Засгийн газартаа байлгах эсэхийг  та бидний төлөөлөл болсон  УИХ-ын гишүүд л шийдэх нь дээ...