-Түүний ерөнхий нягтлан бодогчийг мөнгө завшсан хэрэгт голлон оролцсон гэж буруутгав-

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хэд хэдэн хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

Энэ хэрэгт сэжигтнээр татагдан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүхийг батлан даалтад гаргажээ. 

Түүнийг тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан бодогч А.Болдмаа, БОНХЯ-ны ажилтан Д.Цэцэгээ, “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарын хамт эрүүгийн хэрэгт татсан. 

Тэднийг арав орчим тэрбум төгрөгийг хувьдаа ашигласан, бусдад шилжүүлсэн хэргээр Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг завшсан гэх хэрэгт буруутгасан юм. 

Н.Хүрэлсүхийг батлан даалтад гаргах болсон шалтгаан нь түүнийг хэрэгт оролцсон оролцоо, гэм буруутайд тооцох үндэслэл багатай гэж хуулийнхан үзсэн бололтой. 

Тодруулбал “Цэвэр агаар” сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хуланг энэ хэрэгт голлох үүрэгтэй оролцсон гэж цагдаагийн байгууллага буруутгаж буй ажээ. 

Ерөнхий нягтлан бодогч М.Хулан нь “Цэвэр агаар сан”-г анх байгуулагдсан цагаас нь нягтлан бодогчоор ажилласан ба энэ хугацаанд хувьдаа мөнгө завшсан, шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон мэдээлэл байна. 

Тэрбээр өөрийн төрсөн дүү М.Болдын эзэмшлийн “Шарын гол болд” компани руу хоёр тэрбум орчим төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон гэнэ. 

Эл хууль бус зүйлийг үйлдэхдээ туслах нягтлан бодогч А.Болдмаагийн хамт үгсэн хуйвалдсан гэж буруутгаж буй ажээ. М.Хулан нь А.Болдмааг анх санал болгож ажилд оруулж байсан найзууд гэнэ. 

Иймд дээрх их хэмжээний мөнгийг нягтлан бодогчид хуйвалдаж хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа юм байна. Ерөнхий нягтлан бодогч М.Хуланг хуулийнхан илүү нарийн шалгаж байгаа ба 600 сая орчим төгрөгийн үнэтэй олон өрөө байранд амьдардаг байсан аж.

Мөн Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгө, зочид буудалтай чинээлэг нэгэн болох нь шалгалтаар тогтоогджээ. Түүний эзэмшлийн дээрх хөрөнгүүдийг ямар эх үүсвэрээр авсныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. 

Н.Хүрэлсүх мэдүүлэгтээ “Манай нягтлан “Цэвэр агаар сан”-гийн данснаас гадагшаа мөнгө гаргахдаа надаас зөвшөөрөл авдаг байсан ч ямар зориулалтаар зарцуулах гэж байгааг сайн мэдэхгүй гарын үсэг зурчихдаг байсан. Нэг сая төгрөгийн зарлага хийнэ гээд 100 сая төгрөгийн гүйлгээ хийх зэргээр залилсан байх боломжтой” гэх утгатай тайлбар хийсэн гэх мэдээлэл байна. 

Цагдаагийнхан түүний мэдүүлгийн дагуу одоо ерөнхий нягтлан бодогч М.Хуланг нь хорьж шалгаж байгаа юм байна.

Т.Амартүвшин