​Өнгөрөгч баасан гаригаас буюу энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 27 хүн осгож амиа алдсан харамсалтай мэдээллийг бид хүргэсэн.

Тэгвэл эдгээр иргэдийн нэг болох байгууллагынхаа тэргүүний ажилтан болсон 34 настай Б шинэ жилийн үдэшлэгээ тараад харих замдаа осгож нас баржээ. Өнгөрсөн баасан гаригийн шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын энэ явдал болсон аж. Талийгаач санхүүч мэргэжилтэй бөгөөд Эрдэнэт хотод таван жилийн өмнө шилжин очиж, уг ажилд орсон байна. Байгууллагаасаа зохион байгуулсан шинэ жилийн баярт тэрбээр өмнөх жилүүдэд оролцож байгаагүйгээрээ догдлон, яарч орсон тухай ар гэрийнхэн нь ярьж байна. Үхэлдээ бэлдэж байсан гэлтэй хөөрхий эмэгтэйд ийм зүйл тохиолдоно гээд яаж мэдэх билээ. Түүнийг оны Шилдэг ажилтан болсон учраас уух ёстой хэмээн хамт олон нь хөгжөөж, харсан хүн бүхэн шахуу л архиар дайлж, нэг нь нэг, хоёр нь хоёр дарга нь бүр гурван хундагыг нэг дор тулган баяр хүргэж байсан аж. Архи, дарс нэг их хүртээд байдаггүй ч баярласандаа болоод өгсөн бүгдийг нь л уучихаж. 24:00 цаг болж шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулсан ресторан нь хаах цаг болсныг мэдэгдэн, зочдыг тарааж эхэлжээ. Ажлын хамт олон ч уван цуван гарцгааж, хоёр нь хоёроороо, зарим нь нэгнийх рүүгээ үргэлжлүүлэхээр явсаар цөөн хэдэн хүн хань бараагүй үлдсэний нэг нь талийгаач байсан аж.

Талийгаач өндөр өсгийтэй туфль, шилэн тирко, үдэшлэгийн даашинзныхаа гадуур өвлийн куртикээ өмсөөд, цахилгааныг нь ч татаж чадалгүй, баярын бичиг, дурсгалын сувинерээ барин гарсан байна. Тэднийг рестораны зохион байгуулагчид “Ингэтлээ ууж, идээд байхдаа яахав дээ. Хурдан гар, гар. Хамаг цаг аваад хаячих юм” хэмээн төвөгшөөж, “Жаахан суучихвал л толгой гайгүй болох гээд байна” гэх Батцэцэгийг рестораны ажилтнууд сугавчлан хөөх шахам үүдэнд хүргэсэн аж. Талийгаачтай хамт ажлынх нь гурван ажилтан хамгийн сүүлд гарч ирсэн бөгөөд тэд нэгнийдээ очиж үргэлжүүлэн ууя гэсэн ч талийгаач “Найз нь нэлээд согтсон байна. Харихгүй бол хүүхдүүд хэцүүдлээ. Гэр ойрхон юм чинь гүйгээд харьчихъя. Харин та нар эртхэн харьцгаагаарай” гээд гэрийнхээ зүг алхжээ. Гэвч түүнийг маргааш өглөө нь гудамжныхаа урдхан талын хонхорт осгосон байдалтайгаар нас барсан байхыг тэндэхийн оршин суугч харж, цагдаад мэдэгдсэн аж. Түүнтэй хамт тэр шөнө нийслэлд таван хүн ийм золгүй байдлаар амиа алдаж, харин маргааш нь буюу бямба гаригт золгүй байдлаар нас барсан 14 хүний арав нь осгож үхсэн байдальай олдсон байна. Дайн байлдаан болж байгаа биш баяр тэмдэглэж яваад ганцхан өдрийн дотор 14 хүн осгож нас барна гэдэг хүний санаанд оромгүй аймшигт хэрэг боллоо. Энэ нь монголчуудын хэн хэндээ найдсан, хайхрамжгүй хайнга зантай шууд холбоотой. Өндөр хөгжилтэй орнуудад ресторанд үйлчлүүлсэн үйлчлүүлэгч өөрийгөө авч явж чадахгүй байдалтай байвал такси дуудаж өгөх, дуудлагын жолооч дуудах, найз нөхөд хамт олонд нь хариуцуулах гээд ажилдаа хариуцлагатай ханддаг. Харин манай рестораны удирдлагууд ажилчиддаа энэ мэт үүрэг өгдөггүй, үйлчилгээний хөлсөө авсан л бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд анхаардаггүй, цаг нь дууссан бол заалаа хурдан чөлөөлөхийг шаардаж хөөх шахам гаргадаг. Ингэхлээр манай оронд шинэ жилийн баяр тэмдэглэх нь маш өндөр зардалтай буюу бүхэл бүтэн хүний аминд хүрсэн баяр болж хувирч байгаа юм.

Энэ мэт хэргүүдээс буруутанг хайх хэцүү. Архиар шахан баяр хүргэж, эмэгтэй хүн өөрийгөө авч явж чадахгүй болтлоо согтсон байхад хүргэж өгөхгүй юмаа гэхэд ядахдаа таксинд суулгаж өгөх сэтгэлгүй хамт олны буруу юу?, үйлчлүүлэгчдээ анхаардаггүй рестораны ажилчдын буруу юу? байгууллагынхаа шинэ жилийн баяраар шагнуулан баярласан хөөрхий эмэгтэйг буруу юу? Сүүлийн үед хаа сайгүй л камержуулсан гэдэг. Үнэндээ энэ олон эргүүлийн цагдаа, камеруудын хэрэг гарч байгаа билүү. Манай оронд хүн согтотлоо баярлаж ч болохгүй болсон гэлтэй олон иргэд энэ мэтээр амиа алдлаа.

Энэ мэт байдлаар бидний баяр цэнгэл харуусал, зовлон, үхэл дагуулсаар байна. Энэ өдрүүдэд амиа алдсан нь энэ болохоос биш хөл, гараа хөлдөөсөн, осгохын даваан дээр эргүүлийн цагдаа, хүмүүстэй таарч эмнэлэгт хүргэгдсэн мөн тооны хүн байгааг санах хэрэгтэй. Монголчууд баяр наадам тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг хэзээнээсээ хэтрүүлэн хэрэглэж ирсэн. Харин үүндээ тохируулсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэгжүүлэх цаг нь болжээ.

А.Алтанзул