​Н.Батбаяр, Ч.Улаан сайдыг АН, “Шударга ёс” эвсэл хамгаалж үлдэхийн төлөө байдаг хүчээ шавхах нь тодорхой болов. Яг л гишүүнээсээ татгалзъя гэсэн хүсэлт гаргасан Р.Амаржаргалыг авч үлдсэн шиг.

Түүний хүсэлт сайн дурынх байснаараа хоёр сайдыг огцруулахаас тэс өөр юм. Хариуцлага хүлээдэггүй Засгийн газар, сайд нарын өмнөөс хариуцлага хүлээхийг тэр хүссэн. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр, Ч.Улаан нар шиг хариуцсан ажлаа муу гүйцэтгэж буй сайд нарын өмнөөс хариуцлага үүрэхийг хүссэндээ УИХ-ын гишүүний албан тушаалаас татгалзах хүсэлтээ гаргасан юм. Харин хоёр сайд бол хариуцлага алдсан. Олон хууль тогтоомж зөрчсөн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ам.долларын ханш огцом өссөн, төсвийн орлого тасалсны бурууг сөрөг хүчин энэ хоёр сайдад тохсон. Төрийн ажлын ёс зүйг эрхэмлэдэг сэн бол тэд уг нь өнөөдөр сайн дураараа өргөдлөө өгчихвөл нийгэмд илүү эерэг харагдах байлаа. Даанч сайд нараас тийм эр зориг гарахгүй нь бололтой. Тиймдээ ч хууль зөрчсөн нь, муу ажилласан нь хэний ч нүдэн дээр илт байхад УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийнхэн хоёр сайдаа цээжээрээ хамгаалж үлдэх тохироог хэдийнэ хийжээ. Манай хоёр “зүтгүүр” сайдыг огцруулах гэлээ гээд арай л матрын нулимс унагах нь холгүй л аяглацгааж байна. Эдийн засаг хүндэрсэн үеэс эхлээд зунжин, намаржин шүүмжлэлийн үг хэвлэлээр дайж явсан нам нэгт нөхөд нь өнөөдөр амаа үдүүлсэн мэт таг чиг. “Засгийн газарт алдаа дутагдал байгааг бид хүлээн зөвшөөрч байна.

Засч залруулахын төлөө ажиллана” гэсэн үгээр ивж, сайд нарын толгойг илсээр суудалд нь үлдээх гэж олонхи чармайж байна. Улсын төсөв, санхүү, хөрөнгө мөнгийг юунд зарцуулахыг шийддэг хоёр сайд юу амласан болоод саяхан л огцруулах юмсан гэж сэм шивнэлдэж явсан гишүүд дуугаа хураачихав. Үнэхээр сонирхол татам асуулт эндээс урган гарч байна. “Бид хоёрыг огцруулах үндэслэл байхгүй” гээд хоёр сайд ч цээж тэнэгэр алхацгаах юм. Сөрөг хүчин сайд нарыг огцруулах есөн үндэслэл дэлгэж тавьчихаад байхад “огцруулахгүй” гэх эрх баригчдын мэдэгдэлд ард олон эгдүүцэж байна. Өглөө босоод хажуугийн дэлгүүр рүү ороход л юмны үнэ ямар хурдацтай өсч байгааг албан тасалгааны цонхоор амьдрал тольддог сайд нар даанч мэдэхгүй. Үнийн өсөлт иргэдийн амьдралд ямар хүндээр тусдагийг сайд нар үнэндээ гадарлахгүй. Авдаг хэд, олдог мөнгөнөөс нь инфляц хэрхэн “татаас” авдгийг сайдууд анзаарахгүй. “Цагаан будаа өсчихсөн юм бол гурилаа ид, өндөг бол тансаг хэрэглээ” гэх мэт инээдтэй зөвлөгөөг ард иргэд хүлээж авах уу. Хоёр сайдыг хамгаалах тусмаа, өндөг шиг өөгүй харагдуулах гэж хичээх тусмаа АН ард түмэнд муухай харагдаж байна. Н.Сүрэн