МАН-ын бага хурал энэ сарын 25-нд хуралдана. Хуралдаанаар МАН-ын бага хурлын товыг гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хэсэг бүлэг хүмүүст хариуцлага тооцно.

Үүний дараа МАН-ын даргыг огцруулаад, шинэ даргаа сонгох болно. Улмаар шинэ даргаа Ерөнхий сайд болгож, түүнд танхимаа бүрдүүлэх эрхийг олгоно. Гэвч МАН-д өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд болгочихоор олигтой аавын хүү тун цөөн байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө үед уг нь эдийн засгийн мэдлэгтэй, гадаад дотоодод танилтай, харилцаа холбоо сайтай, туршлагатай улс төрч байвал зохилтой.

Гэвч Ерөнхий сайд болохоор сэрүүн зүүүдэлж байгаа нөхдүүд эрх мэдэл, сандал ширээний төлөө хэт зүтгэж байгаагаас улс орны эрх ашиг гэж нэг их зүтгэхгүй нь илт байна. Шинэ ерөнхий сайд болох хүнээр МАН парламентад хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон нэгнийг сонговол нэрэнд цэвэр байх болно.

Мөн гадаад харилцааны сайд эсвэл сангийн сайдаар ажиллаж байсан хүн бол бүүр ч нэр хүндтэй байх болно. Дээрээс нь гадаад дотоодын төслүүдээ зоригтой хөдөлгөчихөөр залуу хүн байвал шалаар нэг унасан МАН-ын нэр хүндийг бага ч гэсэн өргөх болно. Нөгөө талаас залуу хүн шийдэмгий байж чадах болохоор эрч хүчтэй ихийг хийж бүтээх биз. Одоогийн парламентад дээрх шалгуурыг яв цав хангаж байгаа хүн ганц хоёр л байгаа.

Харин тэдгээр хүнд нь Ерөнхий сайд болох бодол байгаа эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч УИХ, ЗГ-ын гишүүнээс татгалзаж байсан, МАН-ыг самарч байсан түүхтэй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохгүйгээ МАН-ынхан мэдэх байх...

Дэлхий нийтийн жишгээр бол Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдад намаа тэргүүлээд зогсохгүй улс орны өмнө бүрэн хариуцлага хүлээх нэр цэвэр улс төрч л энэ албыг хашдаг. Харин Японы улс төрийг жишгийг ярьвал танхимын бүх сайд нарын өмнөөс хариуцлага хүлээх чадвартай шилдэг лидер л байх хэрэгтэй.

Гэтэл манай улсад бол энэ тогтолцоо бүрдэхгүй өдийг хүрсээр. Өнгөрсөн Засгийн газрын Шадар сайд Засгаа муулан муу ажиллаж байна хэмээн ажлаа өгнө гэх мэтээр хий хоосон үг дөвийлгөж байсан. Тиймээс шинэ Засгийн тэргүүн хий хоосон ярьдаггүй, зөвхөн улс орны төлөө ажлаа хийдэг, хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай, нэр цэвэр, эрч хүчтэй байх хэрэгтэй болов уу. Эдийн засгийн өндөр мэдлэгтэй нэгэнээр удирдуулан уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөн гадны улс орнуудтай харилцан тохиролцож, элгээрээ хэвтээд буй эдийн засгаа сэргээх улс төрч л одоо хэрэгтэй байна. МАН одоо түмний итгэл даах, улс орныг удирдах туршлагатай, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, нэр цэвэр хүлээн хүнээ л зөв олж нэр дэвшүүлэх хэрэгтэйг цаг хугацаа харуулж байна.

Ерөнхий сайд болохоор улайрч байгаа нь дэмий, улайрахгүй байгаа нь дэмтэй байгаад байгаа энэ үед МАН-ынхан ямар шийд гаргахыг хүлээж л сууя.