Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх нь хорих ангийн хийх ажил байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдээд  шоронд хоригдож байгаа ялтныг суллагдахаас нь өмнө хүмүүжүүлж дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх сэтгэл зүйг засаж өгдөг. Гэвч энэ ажил хангалттай хийгдэхгүй байгаагаас болж ял эдэлж байгаад гарч ирсэн хүмүүс дахин гэмт хэрэгт холбогдсоор байна.

Дахин гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх нь өмнө нь үйлдэж байсан хэргээ хүндрүүлж бусдад хохирол учруулдаг. Хүчингийн хэргээр ял эдэлж байсан хүн дахин хүчингийн хэрэг үйлдэж шоронд орох жишээтэй.

Тэгвэл бидний татварт төлсөн мөнгөөр ялтныг нийгэмшүүлэхгүйгээр хорьж цагдаад хооллож, хувцаслаад, дулаан байраар хангах урсгал зардалд өдөрт 10 000 гаруй төгрөг зарцуулдаг.  Үүнийг ял эдэлж байгаа ялтны тоогоор үржүүлбэл жилд хэдэн тэрбум төгрөг зарлагдаж байгаа. Нэгэнт тэднийг төрөөс хооллож ундалж, хувцаслаж байгаа бол тэднийг нийгэмшүүлэхдээ анхаарах ёстой. Тухайлбал, олон жил хо­рих ял эдэлсэн этгээдүүд сул­лагдахаараа нийгэмд дасан зохицож чаддаггүй, мэргэжил боловсролгүй, найз нөх­дийн хүрээлэлгүй болчих­сон байдаг.

Тийм хүмүүсийг иргэн Г.Загдаа л хүлээн авч ажлын байраар хангаж байгаагаас наашаа гээд хүлээн авах газар өнөөдөр үнэндээ байхгүй. Уг нь ял эдэлж байсан хүмүүсийг туслахаар ч хамаагүй ажилд авчих газар цөөнгүй бий. Тэдгээр газруудад дөнгөж суллагдсан этгээдийг ажилд оруулбал дахин гэмт хэрэг үйлдэхгүй нийгэмших боломжтой.

Гэвч ШШГЕГ-аас дахиж битгий гэмт хэрэг үйлдээрэй гэж мөрөн дээр нь алгадаад явуулдгаас болж ял эдэлж байгаад гарч ирсэн хүмүүс нийгэмшиж чадахгүй дахин гэмт хэрэг үйлдэж байна.

Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авсан ААН-ийг урамшуулдаг шиг ялтнуудыг сургаж ажилд авч байгаа ажил олгогчийг төр нь урамшуулаад явах учиртай. Ингэж байж ял эдэлж байсан этгээд нийгэмших боломжтой болно. Нийгэмшиж чадахгүй байгаа ял эдэлсэн этгээдүүд л өнөөдөр дахин гэмт хэрэг үйлдэж байга.

 

Уг нь ялтныг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх нь ШШГЕГ-ын ажил. Цаашлаад Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа агентлагуудын анхаарах асуудал. Тиймээс төр нь тэдгээр хүмүүст хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулж байгаа шигээ эргээд тэднийг ажиллах хүчин болгох замаар нийгэмшүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу.