Монголчууд хэнэггүй нь дэндсэн хайнга улсууд. Тиймдээ ч төстэй л бол хэний ч хамаагүй бичиг баримт ашиглана даа гэсэн бодолтой явдаг нь нууц биш. Яг ийм бодолтой нэг эр найзаасаа  гадаад пасспортыг нь авч хил гарах гэж байгаад баригдсан байна. Улмаар шүүхээс ял сонслоо.

Тодруулбал Монгол улсын иргэн Б.Батбаатар нь Э.Ганбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, Э.Ганбаярын Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг хурамчаар ашиглан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар гарахыг завдсан байна.

Учир  нь  Б.Батбаатар 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр БНСАУ-ын элчин сайдын яаманд виз бүрдүүлэхээр гадаад паспротаа өгсөн байжээ. 2016 оны 06 дугаар сарын 22 гэхэд визнь гараагүй  тул гадаад паспортыг нь ЭСЯ-аас өгөөгүй гэнэ. Улмаар “Хүний паспортаар хил гарч болно” хүмүүсийн дам яриаг сонсож хэрэгжүүлэхээр шийдсэн.  Ингэхдээ өөрийн найз  найз Э.Ганбаяраас гадаад паспортыг нь гуйж аваад Алтанбулаг хилийн боомтоор гарахаар 2016 оны 06 дугаар сарын 24-нд хил дээр ирээд шалгагдаж байгаад баригдсан байна. Хилээр гарах гэж байсан зорилго ажлийнхантайгаа буюу “Практикал даатгал” компанийн ажилчидтай хамт  Байгаль далай үзэх.

Б.Батбаатарыг хилийн шалганы ажилтан өөр хүний гадаад пасспортоор хил нэвтрэх гэж байгааг нь тогтоогоод байхад “хэргээ хүлээхгүй гүрийсэн” нь асуудлыг улам хүндрүүлсэн байна.

Ингээд асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ  Б.Батбаатарыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, гадаад пасспортоо найздаа өгсөн Э.Ганбаярыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр шалгажээ. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзсэн.

Улмаар Бүрэнбаясахын Батбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял, шүүгдэгч Шавь халх овогт Энхбаатарын Ганбаярт мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 01 жилийн хорих ял тус тус оноосон. Улмаар уг ялыг тэнсэн харгалзсан байна.

Ялихгүй юмнаас ямааны гарз болдогийг хоёр найз өөрсдөөрөө харуулсан нь энэ.  Тиймээс иргэд энэ мэт хэнэггүй  үйлдэл гаргахгүй байж, хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.