Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баярт нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero&Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр нар зохион байгуулсан юм. Мөн хамтран зохион байгуулагчаар Монголын сурагчдын холбоо, Монгоын лектор төв зэрэг байгууллагууд оролцож хувь нэмэрээ оруулж байгаа аж. Тэдний хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулж, олон хүүхдийг баярлуулж байгаа нь хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй болоход нь дэм болж буйгаараа онцлог гэдгийг онцолж байсан юм.

“Hero&Cool” шинэ жилийн баярт Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хороололд амьдардаг, сурдаг сургууль, цэцэрлэг нь хотын төвөөс зайдуу байдаг хүүхдүүдийг хамруулсан гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү хэлж байсан юм. Тэдний хувьд энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулна гэдгээ энэ үеэр хэлж байсан нь хүүхэд багачуудыг улам их баярлуулж байлаа. Тэрчлэн дуучин хүн дуулах бус нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэх үүднээс энэ шинэ жилийн баярыг зохион байгуулж буйгаа дуучин  А Cool хэлж байлаа.

Х.Даваа