Эрдэнэтийн овооноос цааш газаргүй, Булганы Хайрханаас цааш нутаггүй гэж бодсоор... Энэ бол Эрдэнэтийн шинэ цагийн хуучин хүүгийн бодол. Ертөнцийн зах хязгаарыг хэтэрхий наана гэж бодон явсан хуучин хүүгийн бодлоо тээсээр, Эрдэнэт хотын тавдугаар микрорайоны сүмийн дэргэд баригдсан гэх нүд гялбам барилга руу яаран очив.

 

Гурван жил сургийг нь сонссон ч итгэж ядан огоорч явсан би зэсэн өнгө гэрэлтэж, тэнгэрийн нар газарт мандсан мэт тансаг шаргал өнгөтэй барилгыг хараад итгэж ядаж байсандаа харамсах шиг болов.

 

Хөлийн алхааг минь сэтгэлийн хурд гүйцэж, хэдийнээ дотор нь орсон мэт санагдан, яарсаар иртэл онгоцны үйлчлэгчийнх шиг дэгжин хувцастай, инээмсэглэл дүүрэн бүсгүйчүүд найрсгаар угтах нь тэр. Энэ нөгөө яригдаад байсан “Эрдэнэт Өргөө” кино театр мөн үү хэмээн ихэд яаран асуутал, “Тиймээ бид өчигдөр нээлтээ хийсэн, та тавтай морил” гэв. Хуучны хүн хашир зангаа гээсэнгүй, дотор талын ханыг гараараа тэмтэрч үзээд, барилгын өнгө, үнэрт татагдан хоёр давхар руу яаран гарлаа. Өнгө өнгийн автомат тоглоом, үнэхээр өвөрмөц кинотеатрын тэр үнэр сэтгэлийг татах нь тэр. Энэ чинь юуны үнэр билээ гэж бодтол шарсан шиш буюу залуусын хэлдгээр попкорнын үнэр аж. Үнэхээр өнгө бүрийн кино бүтээлийн үзэмж төгс жүжигчдийн зураг, үнэр тансаг тэр л орчин Эрдэнэтэд нэг л өдөр мэндэлжээ.

 

 

Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй энэ орчинд хүүхэд залуус хөгжилдөн, нийгмийн гаднах стресс бухимдал арчигдан хаягдсан нь илт.

Нээрээ л манай улс Ардчилсан хөгжлийн замд ороод 30 гаруй жил болж байгаа ч соёл урлагийн салбар хаягдаж, мартагдсан гэхэд буруудахгүй. Хотод хоёр алхам тутамд л баар, ресторан таархаас биш соёл аматаарахгүй нь үнэн. Хотынхон соёл боловсролын салбараа таягдан мартахаар, хөдөө орон нутагт энэ тухай бодоод ч хэрэггүй биз...

“Холын Эрдэнэт” гэж онцлон жишээ татая. Эрдэнэт газар нутгийн хувьд Улаанбаатар хотоос хол биш ч гэлээ, соёлоос бол холджээ гэдгийг шинэ театрын орчинг гайхан алхах зуураа ухаарсан юм. Үг сийрүүлж, бодлоо буулгах сэтгүүлч би ингэж хожуу ухаарахаар, хүүхэд залуучууд энэ тухай ухамсарлаагүй яваа нь гарцаагүй.

Анх 1977 онд Эрдэнэтэд “Уурхайчдын Соёлын Ордон”, “Спортын ордон” байгуулагдсанаас хойш соёл амралтын төв Эрдэнэт хотод нэг ч мэндэлсэнгүй, тэгэхээр 40 жил соёлт хүмүүн бид соёлгүй амьдарч иржээ гэж дүгнэгдэхээр байна.

Гэтэл дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд кино театр барих нь огт асуудал биш харин кино контент үйлдвэрлэл хөгжсөөр дэлхийн бөмбөрцгийн тэн хагасыг бүрхэж, хүн төрөлхтөний уураг тархийг соёлын давалгаа нөмөрч байна.

Харин Монголчууд бид “соёлын хувьсгал гэдэг үнэт зүйлээ мартаад мөнгөний хувьсгал руу” нэвт орсон нь хамгийн том алдаа.

Эрдэнэтийн залуусыг соёлоор хувцаслах үйл хэрэг мартагдан 40 жил болсныг товчхон дүгнэхэд “хөмөрсөн тогооны доорх хуучин хүү шиг амьдарч байна” гэж зүйрлэмээр... Би Эрдэнэтийн хөгжил цэцэглэлт бүхнийг хоёр нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч буй Эрдэнэтийн уугуул иргэн. Гэхдээ “Хуучин хүү мэт амьдарч буй хөмөрсөн тогоон доороосоо гарахыг хүссэн “Шинэ хүү” гэж өөрийгөө онцлон хэлье... Хүү гэхэд нас маань ахадсан ахмад сэтгүүлч... Зуугийн тал наслахдаа их бүтээн байгуулалтын өмнө очоод хөл маань чичирч, сэтгэл зүрх минь догдлон шимширдэг эх оронч Монгол хүн...

 

 

Үнэхээр 2017 оны 06 сард Эрдэнэт хотод нээлтээ хийсэн хүрэл боронз гадаргуутай, харийн гэмээр хийцтэй, хачин өвөрмөц барилгыг хараад сэтгэл тэнийж, омогшил төрсөн юм. Мэдээж энэхүү өвөрмөц хийцтэй, үнэтэй чамин газрыг манай улсын төр засаг ивээн тэтгээд, Боловсролын яам маань баричихлаа гэсэн бодол тээн театрын ажилтнуудаас асуун сураглав. Энэ зэсэн барилгыг ГОК баричихав уу?, Боловсролын яам баричихав уу? гэж асуутал, хэл хугалам хэдэн гадаад нэр хэлээд .....энэ компани барилаа гэж хариулав. Сүүлд нь сийрүүлж бичтэл “Нью Тур Сафарис” гэдэг компани болж таарлаа. Гадаад эзэнтэй юм байж гэсэн харам сэтгэл төрөөд явчихав... Гэтэл үгүй, Улаанбаатар хотод байх “Өргөө” кино театрын сүлжээ, монгол хүний сэтгэлээр, зүтгэлээр, бас хөрөнгөөр нь бүтсэн их бүтээн байгуулалт байсныг сонсоод цээж дүүрэн агаар амьсгалсан мэт сайхан мэдрэмж төрөөд, хөл хөнгөрөн театраас гарч гэрийн зүг алхлаа.

 

 

14 тэрбум төгрөгөөр боссон гэж Эрдэнэтийн иргэдийн ам дамжин ярих энэхүү зэсэн өнгөтэй тансаг соёл амралтын төв биш юмаа гэхэд боловсролын яам улсын хөрөнгөөр жижигхэн ч хамаагүй театр өнөөдрийг хүртэл бариагүйд харамсах бас халаглах сэтгэл төрлөө.

Хүрэл боронз, зэсэн ордныг эргэн эргэн харж явахдаа, энд л соёлын үрийг түгээх нь дээ гэж итгэл бардам алхсан нь гуравхан сарын өмнө байсан юмсанж. Эрдэнэтийн залуусыг “соёлоор хувцаслах” зорилготой энэхүү хосгүй бүтээн байгуулалт нь өнгө мөнгө хардаг өнөөгийн нийгэмд харин оюуны хөгжлийг дэмжсэн, социализмын үеэс хойш хийгдсэн анхны том хөрөнгө оруулалт байлаа. Энэ компанийн эзэд захирлыг танихгүй ч гэлээ энэхүү сонингоор захиа дайж, “Эрдэнэтийн ард иргэдийг хөмөрсөн тогооны доорх хуучин хүү биш, шинэ хүү болгохын төлөө хийсэн үйл хэрэгт нь талархав” хэмээн товчхон бичээд илгээмээр...

Нэгэн цагт бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг юм хэмээн суут хүмүүн хэлсэн нь бий. Кино урлаг бол дуу дүрс, утга уянга бүхнийг агуулдаг урлаг урлагийн дотроос утга төгс нь билээ. Улсын хийгээгүй ажлыг уралдан хийж, соёлын үрийг элсэн цөлд тарьсан их үйл хэрэг нь зөвхөн Эрдэнэтийн бидэнд биш эх орны дөрвөн зүг найман зовхистод амьдран суугаа ахан дүүс рүү тэлэн хүрээсэй гэж ерөөе.

 

 

Хуучин цагт орос ах нарын хамтран бүтээлцсэн өнгө алагласан өндөр барилгууд он цагийн эрхээр хуучирч ханзраад, Эрдэнэтэд шинэ сайхан гэх барилгагүй болж байсан нь саяхан. Гэтэл одоо хот, хөдөөнөөс төдийгүй холын Америкаас ирсэн зочноо хүлээж авах хосгүй чамин газар бидэнд бий гэдгээрээ бахархан сууна.

60 гаруй ажилтантай “Холын Эрдэнэтэд тарьсан хосгүй соёлын үр буюу “Эрдэнэт Өргөө” кино театр нь загварын хувьд хотод байхгүй... Агуулгын хувьд азидаа байхгүй ээ гэж ахмад сэтгүүлч Рагчаасүрэн би нэг удаа бардамначихая...

Энэ гайхамшигт кинотеатрт хүмүүний гараар бүтсэн хосгүй оюуны бүтээлүүд гарч, Эрдэнэтийн залуусын уураг тархийг тэтгээд, холын эрдэнэт соёлоос хоцроогүй харин ч улам ойртсон гэдгийг хүн бүхэн удахгүй мэдэх болно.

 

Эрдэнэт хот сэтгүүлч Н.Рагчаасүрэн