Олонхи “хариуцлагатай” Засгийн газар, түүний сайд нарт дэндүү хайртай юм. Өнгөрсөн тавдугаар сард хууль зөрчсөн Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан удаатай.

Гэвч түүний шадрууд, намынх нь нөхөд толгойг нь илж байгаад аваад үлдсэн. Гэтэл энэ удаа цөөнхийн зүгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг тавихад мөн л адил хариуцлагагүй байдлыг өөгшүүлсээр аваад үлдэх нь. Нэг үгээр хэлэхэд, АН-ынхан арчаагүй загнаж байгаа сайд нартаа дэндүү хайртай нь илэрхий байгаа юм. Хэн ч гэсэн алдаа гаргаж болно, харин хариуцлага тооцуулж болохгүй гэдэг хуулийг энэ Засгийн газар нүүрээ шарлуулж байгаад үйлдэж суугаа нь эмгэнэлтэй. Гэхдээ энэ нь хэн нэгнийг хохироож үлдээх нь тодорхой асуудал. Өөрөөр хэлбэл, цэцэрхэж ярьдаг сайд нар нь өөрийгөө өрөөл бусдаар хамгаалуулж, хүрээлүүлээ ч үүний цаана 2,5 мянган нүд харж байгаа гэдгийг санах хэрэгтэй. 

УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулж, өөр хүмүүсийг оронд нь томилох хэрэгтэй гэдгээр шийдвэрийн төсөл өргөн барьж, үүнийг нь өчигдөр байнгын хороодоор хэлэлцсэн. Гэтэл энэ үеэр АН-ын гишүүд цөөнхийн тавьсан асуудалд “МАН сайдын суудал горилж ийм алхам хийж байгаа. Хоёр сайдын хувьд огцруулах гэж байгаа шалтгаан нь хангалтгүй” хэмээн үг чулуудсан юм. Тэр байтугай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Огцруулж болно. Үндэслэл нь улс төрийнх баймааргүй байна. Бидэнд хүндрэл байгаа нь үнэн. Хамтраад шийдье гэж байхад өөдөөс ингэдгээ болиорой. Хоёр сайд огцруулна гэж байгаа нь МАН бүтээлч сөрөг хүчний ажил мөн үү” гээд шүлсээ үсчүүлж байгаад ярьж байсан нь нууц биш. 

Харин ард иргэдийн амьдрал доройтож, худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудаж байгааг захын нэг иргэнтэй уулзахад хэлнэ. Тиймээс төр засгийн буруутай шийдвэр, бодлогоос иргэдийн амьдрал хүндэрч байгааг  засаж, залруулах гэсэндээ МАН-ын бүлгээс энэ санал, санаачилгыг гаргасан гэдэг. Гэтэл энэ нь эрх баригч хүчний хувьд жижигхэн асуудал болж хувираад, сайд нарыг огцруулах нь улс төрийн тоглоом мэт харагдаж байгаа аж. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын хоёр сайдыг дараах үндэслэлээр огцруулахаар болсон байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэл: 
Н.Батбаяр сайдын “Чингис” бонд бол өр биш өвөг эцгээс бидэнд ирүүлсэн өглөг гэх мэтчилэнгээр тайлбарлан эдийн засгийг сүсэг бишрэлээр удирдах гэж оролдох нь олон түмнийг дургүйцлийг улам бүр нэмэгдүүлж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.16 дахь заалтад заасан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтыг хангалтгүй гүйцэтгэж ирлээ. 

1. Алдаатай бодлого, үйл ажиллагааны улмаас Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 шахам хувиар тасалдуулсан. 

2. Гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд огцом буурсан нь салбар хариуцсан сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой. 2013 оны есдүгээр сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин багассан /3.8 тэрбум ам.доллараас 1.9 тэрбум ам.доллар болсон/.

3. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой дүгнэж, эдийн засгийн үр ашиг бүхий хэрэгжихүйц томоохон төсөл хөтөлбөр бэлэн байгаа эсэхийг судалж тооцсоны үндсэн дээр “Чингис” бондын хэмжээ, арилжаалах хугацааг тогтоох ёстой байсан. Гэвч Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор олгогдсон таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг үндэслэл тооцоололгүйгээр эхлүүлж, 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг шууд олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан нь Монгол Улсын өрийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хүү төлж алдагдалд оруулаад байна. Эдийн засгийн, хөгжлийн яам “Чингис” бондын эх үүсвэр, бондын хөрөнгийн зарцуулалтыг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3. дахь заалтын “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”,  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4. дэх заалтын “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой”. 42 дугаар зүйлийн 42.7. дахь хэсгийн “төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно”,  49 дүгээр зүйлийн 49.3. дахь хэсгийн “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төсөвт суулгахгүйгээр, төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг бий болгон УИХ-ын хяналтаас гадуур зарцуулах хууль бус үйл ажиллагаа даамжруулсаар байна. 

4. Эдийн засгийн хөгжлийн яам Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8. дахь хэсэгт “Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно”, УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын 3 дахь заалтад заасан “дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Улсын Их Хурал баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, 2012 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өнөөг хүртэл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлуулаагүй байна. Өөрөөр хэлбэл улс, орны эдийн засаг ямар ч бодлого, төлөвлөлтгүй явж байна. 

5.Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсгийн ”Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалтыг зөрчин 2013 онд Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж хэрэгжүүлсэн олон хөрөнгө оруулалтын ажлуудыг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг зөрчсөн байна. Тухайлбал, “Гудамж” төслийг Засгийн газар 2013 оны 81 дүгээр тогтоол гаргаж шууд хэрэгжүүлжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан хяналт, шалгалтын ажлын хэсгийн танилцуулгаас харахад “Гудамж” төслийн барилгын ажил гүйцэтгэгч компаниудад тусгай зөвшөөрөл олгогдсон байдлыг үзэхэд 12 компани 2013 оны 4, 5 дугаар саруудад тусгай зөвшөөрөл авсан байхын зэрэгцээ “Пабликроуд” ХХК “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсаны дараа ч тусгай зөвшөөрөл авсан тохиолдол байна. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон ажлуудыг зураг төсөвгүйгээр, шууд гэрээгээр хийлгэж хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэх шүүмжлэл байнга гарч байна. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй нь ЭЗХЯ-аас хийж хэрэгжүүлсэн, Хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн ажлууд нь хууль зөрчин хийгдсэнийг харуулж байна. 

Сангийн сайд Ч.Улааныг огцруулах үндэслэл: 

1. Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлогыг хариуцаж буй Сангийн сайд Ч.Улаан улс оронд үүссэн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн огцом сулрал, төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгө оруулалт зэрэгт цаг тухайд нь бодитой дүгнэлт хийж чадалгүй ажлын хариуцлага алдаж Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийх асуудлыг Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэхтэй давхцуулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5. дахь заалтад заасан Сангийн сайдын хамрах хүрээний асуудал болох “нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт” гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй улс орны бүтээн байгуулалт, эдийн засагт ноцтой хохирол учруулсан юм. 

Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн 1 дүгээр улирлын төсвийн орлого бүрдүүлэлтийн гүйцэтгэл 92,5 хувьтай байхад 1 дүгээр улиралд төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 303.7 тэрбум төгрөгийн зардлаас ердөө 11,8 хувийг зарцуулж, 267.7 тэрбум төгрөгийг огт санхүүжүүлээгүй байв. Энэхүү асуудалд даруй арга хэмжээ аваагүйн улмаас Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийх үед нөхцөл байдал улам хүндэрсэн буюу хөрөнгө оруулалтын санхүүжилт ердөө 30,5 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 гаруй хувиар тасалдуулсан байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хуваарийн дагуу гүйцэтгэлгүй их хэмжээгээр тасалдуулсан нь улс орны бүтээн байгуулалтын үйл ажиллагааг удаашруулах, үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг боомилох, тэр хэрээр ажлын байр бий болох, улмаар татвар шимтгэлээр дамжуулан эргээд эдийн засагт дэмжлэг болох боломжуудыг үгүй хийсэн юм. Сангийн сайдын дээрх үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамаарах 11.1.12-ын “төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах”, мөн тус хуулийн 11.1.13-ийн “төсвийн хуваарийг батлан мөрдүүлэх”, түүнчлэн 11.1.15-ын “төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

2. Монгол Улсын Засгийн газар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу 1,5 тэрбум ам. долларын Засгийн газрын үнэт цаасыг /Чингис бонд/ 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр арилжиж, үнэт цаас борлуулсны орлого нь 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орсон байдаг. Гэвч Монгол Улсын санхүү, төсөв, өр, зээлийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нь хуулиар хүлээсэн үүргээ умартаж бондын хөрөнгийн зарцуулалтыг улсын төсөвт суулгахгүйгээр хяналтгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5. дахь заалтын “санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал” гэснийг ханган ажиллаж чадсангүй. Нөгөө талаар бонд гаргах цаг хугацааг буруу сонгож, хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөр бэлэн болоогүй байхад үндэслэлгүй их хэмжээний бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж, Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүлэн төсвийн зээлийн үйлчилгээний зардлыг 2013, 2014 онд 3-4 дахин нэмэгдүүлсэн нь “өрийн удирдлагын асуудлыг” хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна. Сангийн сайдын дээрх хариуцлагагүй үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-ийн “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”, 6.3.4-ийн “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой”, 49 дүгээр зүйлийн 49.3-ийн “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. 

3. Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй хуулийн өгөгдлийг ашиглан санхүү, эдийн засгийн тооцооллоо хийсэн нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн. Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдсан юм. 

4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоолын 1.1-д “Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхэд бүхий л нөөц, бололцоогоо дайчлах, төлөвлөгөөний зорилтыг нэр, төрөл бүрээр нь хангаж биелүүлэх ажлыг шуурхай, оновчтой зохион байгуулах” гэснийг ханган биелүүлж ажиллаж чадаагүй. Үүний улмаас Монгол Улсын 2013 оны төсвийн орлогыг 1-1,5 их наяд төгрөгөөр тасалдахад хүргэж 2013 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байна. 

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан “..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг Монгол Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан зөрчиж Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын олон зүйл заалтуудыг зөрчиж, төсвийн хөрөнгөөр хийгдэх улс орны бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан, төсөв мөнгөний бодлогын уялдаа, зарчмыг алдагдуулсан, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тасалдуулсан, хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн байна. 

Тэгэхээр Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар нь хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн нь энэ бүхнээс тодорхой байгаа юм. Харин эрх баригч хүчин “Огцруулах шалтгаан нь хангалтгүй” гэж эхлээд дуугарчихсан нь ичгэвэртэй хэрэг биш үү. Энэ бүхэн огцруулах хэмжээний үндэслэл болж чадахгүй гэж үү хэмээн дахин асуухад хүрч байгаа нь энэ. 
 




С.МӨНХБАЯСГАЛАН