Монгол улсын иргэн болж төрсөн хүн бүхэн төрсний гэрчилгээ авдаг.  Буян заяа, төөрөг тавиланг нь тэгшилж эцэг эхийнх нь өгсөн нэрийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ажилтнууд буруу зөрүү бичих тохиолдол сүүлийн үед гарсаар байна. Улмаар дахин явдал суудал болж иргэдийг чирэгдүүлэх тохиолдол гарсаар байна.

Эцэг эхийн өгсөн нэрийг Иргэний бүртгэлийн ажилтнууд шинэ дүрэм зохион  дур зоргоороо өөрчилж бичиж байна. Тухайлбал, Бат-Амгалан гэх нэрийн Батамгалан, Сүлд-Эрдэнэ гэх нэрийг Сүлдэрдэнэ, Оюун-Эрдэнэ гэх нэрийг Оюунэрдэнэ гэх мэтээр бичиж байна.

Ингэж алдаатай бичсэн нэрний бурууг ажилчид өөрсдөө үүрэхгүй  программ руугаа чихдэг байна. Гол учир нь програмд бус харин Иргэний бүртгэлийн ажилтнуудад байгааг эх сурвалжууд баталсаар байгаа.

Уг нь Монгол хэлний зөв бичих дүрэмд “Хоёр үгээс бүтсэн оноосон нэрийн хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг том үсгээр эхэлж бичнэ” гэж заасан байгаа. Энэ дүрэм өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ, өөрчлөгдөөгүй.

Бүртгэлийн ажилтнууд Монгол хэлний зөв бичих дүрмийн мэдлэг муу байгаагаас ийм  тохиолдол гарч байгаа. Ядаж л нэр нэр таслах, том жижгээр бичих  гэх мэт хүн бүрийн заавал мэдэж байх ёстой дүрмүүдийг мэдэхгүй өөрийнхөөрөө хэрэглэдэг нь “гай” болох эхлэл тавьж байгаа юм.

Нэгэнт бичиг баримтан дээрээ буруу бичсэн бол иргэд явдал суудал болж дахин засуулах болно. Хэрвээ засуулахгүй бол сургуульд ороод хувийн хэрэг, аттестат, гадаад паспорт, диплом, иргэний үнэмлэх зэрэг бүх бичиг баримтан дээр буруу бичигдэх болно.

Уг нь Иргэний бүртгэлийн ажилчид хүнд гай болохгүй зөв бичгийн дүрмээ судлаад, шинэ дүрэм зохиохоо больж, ажилдаа хариуцлагатай хандах учиртай.  

Дарга, хурган дарга нар нь анхаарч энэ алдааг засахад анхаар!!!

А.Баярмаа