Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг нийтэд нь бид нинжа хэмээн нэрлэдэг. Та бидний нинжа гэгдээд байгаа хүмүүсийн зохион байгуулалтад орж, хууль, журмын хүрээнд ил тод хариуцлагатайгаар ажилладаг хэсгийг бичил уурхайчин гэдэг. Харин хэнээс ч зөвшөөрөл авалгүй “том толгойлон” татвар төлөхгүйгээр, нөхөн сэргээлтийн үүрэг хүлээхгүй дуртай газраа ашигт малтмал олборлож байгааг нь хувиараа ашигт малтмал олборлогч гэдэг. Манай улсад  хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон албажсан 6 500 гаруй бичил уурхайчин бий. Бид энэ удаад  Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд орших Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулж байгаа ХАМОДХ ТББ-ийн үйл ажиллагааг онцолж байна.

“Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” (ХАМОДХ) ТББ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 40 нөхөрлөлийн 400 гаруй бичил уурхайчныг нэгтгэсэн байгууллага юм. ХАМОДХ нь 2012 оноос эхлэн “Спешл майнз” компаний олборлолтын талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар Баян-овоо сумын ИТХ-ын төлөөллийг  оролцуулан гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.  Уртаашаа  гурав  км  үргэлжлэх  30 га  газарт  12 цооногоос  гар аргаар алт олборлож байна.

 

\

Алт олборлохын тулд нүх ухаж, ухсан нүхэндээ тэсэлгээ хийж цооног гаргана. Улмаар газрын гүнээс алтны хольц бүхий хүдрийг шуудайлан гаргаж ирнэ. Тухайлбал нэг цооног руу орохын тулд доошоо 45м буугаад гаргасан жимээр 10 гаруй метр явж байгаад дахин доошоо 20-25метрийн гүнээс хүдэр алтны хольцтой чулуу буюу хүдэр гарган авдаг. Гаргаж авсан хүдрээ Баянхонгор суманд байрлах  Хонгорын Хүдэр баяжуулах үйлдвэрт аваа­чиж дэлхийд сайшаагдаж байгаа гарал үүслийн бичиг бүхий эко алтыг гаргаж авдаг байна.

Эко алт гарган авахын тулд Хонгорын Хүдэр баяжуулах үйлдвэрт эхлээд хүдрээ тээрэмдэнэ. Таны харж байгаа энэ тээрэмд нэг тонн хүдэр ордог. Улмаар тээрэмдэж үйрмэг болсон хүдрээ усаар угааж тээрмээ цэвэрлэхэд доод хэсэгт нь алт тунадаг. Түүнийг мөн усаар угаана. Харин угаасан усаа дахин шүүж алтыг ялгаж авдаг.

Ингээд гаргаж авсан алтаа хайлуулна. Алтыг 1064 хэмд хайлуулдаг.

Ингээд дэлхийд танигдсан “эко алт” худалдаалагдахад  бэлэн болж байгаа юм.

Эко алт гэдэг нь алт олборлох явцдаа мөнгөн ус, цианид ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн болохыг тодорхойлох нийт 245 стандарт шалгуурыг бүрэн хангасан байх ёстой. Тухайлбал

·         Алтаа мөнгөн усгүй боловсруулсан байх,

·        Хүний эрхийг дээдлэх,

·        Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй байх,

·        Алтаа цианидаар баяжуулаагүй байх,

·        Хүчирхийлэл, хүний наймаа бүхий орчинд алтаа олборлон, боловсруулаагүй байх,

·         Боолчлол явуулаагүй байх,

·  Зөрчил мөргөлдөөнтэй газар үйл ажиллагаа явуулаагүй байх гэх мэт 245 стандартыг хангасан  уурхайчинд олгодог “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг гардан авна.  “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг гардан авсан бол олборлосон 1 кг алт тутамдаа 6000 ам.долларын урамшууллыг олон улсын байгууллагаас авдаг байна. Хамгийн гол нь Нобелийн шагналын одонг эко алтаар бүтээдэг. Тиймээс жил бүр “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээтэй газарт шалгалт ирдэг.

Колумб улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-оос Ази тивд анх удаа “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг олгосон нь ХАМОДХ ТББ юм. ХАМОДХ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ)-ийн дэмжлэгтэйгээр 2015 онд уг гэрчилгээг авсан байна.

ХАМОДХ ТББ алт олборлохоос гадна бүс нутагтаа нөхөн сэргээлт хийдэг. Ингэхдээ төсөв санхүүг өөрсдөөсөө болон орон нутгийн захиргаанаас гаргадаг. Улмаар нөхөн сэргээлт хийсэн газраа орон нутагтаа хүлээлгэн өгдөг. Хэдийгээр нөхөн сэргээлт хийдэг ч нинжа нар ухчихдаг тул нөхөн сэргээлт хийсэн газраа дахин техникийн нөхөн сэргээлт хийдэг гэдгээ хэлж байв.

Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй гэсэн сэтгэлээр ХАМОДХ ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гол нь олборлолт, нөхөн сэргээлтийн ажилд хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж эрсдэлээс сэргийлдэг. Мөн уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрмийг уурхайчдад зааж сургадаг байна.  Үүний дараа дадлагажуулж олборлолт хийх ажил сургаж авдаг байна. Тэднээс туршлага судлахын тулд өөр аймаг, гадаадын улс орнуудаас их ирдэг. Тухай бүрт нь үйл ажиллагаагаа танилцуулж, алт олборлосон л бол нөхөн сэргээлт заавал хийхийг ХАМОДХ ТББ-ийн тэргүүн  Ч.Отгонбаатар захидаг.

ХАМОДХ ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар: “Манай ТББ экологийн шударга олборлолтын аргаар олборлосон алтаа дэлхийн зах зээлрүү экспортолж байгаадаа баяртай байгаа. Бид экспортолсон кг тутам алтанд олгогддог 6,000 ам.долларын урамшууллаа орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан. ХАМОДХ ТББ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай бичил уурхайчид илүү хариуцлагатай болж ажлын байр дахь аюулгүй ажиллагааг үргэлж сахидаг мөн тогтвортой ажилладаг болсон.” гэж ярьсан юм.

Олон улсад шударга олборлолтын болон эко алтыг худалдан авах сонирхол ихээр нэмэгджэж байгаа. Энэ жишгийг Монголбанк мөрдөн, алт худалдан авахдаа эко алтыг илүү өндөр үнээр худалдан авбал манай байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна гэдгийг тэрбээр онцлсон юм.

А.Баярмаа