МАН 27 дугаар Их хурлаас хойш шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхэлсэн бөгөөд зөвхөн намын тухай бус Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал ахуйд чиглэсэн бодлого явуулж эхэлсэн нь иргэдийн талархалыг хүлээж буй. Тиймээс эх орноо нар зөв тойрч иргэд сонгогчид, гишүүд дэмжигчидтэйгээ уулзсан нэг сарын аян өрнүүлсэн билээ. Харин өчигдөр энэхүү аяны хаалтын ажиллагаа болж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татсан юм. Тодотгож хэлбэл, ард олон залуу генсекийн хэлсэн үгийн утга учир, гал цогийг бахдан ярьж байгаа юм. МАН сүүлийн хэдэн шатны сонгуульд дараалан ялагдал хүлээсэн энэ цаг үед намд ийм утга учиртай бодлого, гал цогтой үгс дутагдаж байсныг харуулсан хэрэг болов. Нөгөө талаар галтай залуу лектор бий болжээ гэж дүгнэхэд хүргэсэн юм. Ардын намд ус агаар мэт хэрэгтэй байсан энэ дайчин чанар нь сөрөг хүчний жинхэнэ дуу хоолой болж чадна гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Тийм дээ ч 27 дугаар Их хурлын дараа намын удирдлагийн баг бүхэлдээ шинэчлэгдсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн 70 гаруй хувь нь залуу боловсон хүчнээр цус сэлбэсэн учраас энэ намд аргагүй шинэчлэлийн суурь хүчтэй тавигдаж байна гэж харж болохоор. Нөгөө талаар бусад улстөрийн намуудтай зөвшилцлийн ширээнд сууж, үндэсний зөвшилцлийг эхлүүлсэн нь нүдээ олсон зүйл гэлтэй. Залуу удирдлагуудын хувьд ялагдал бол гутрал биш, ялагдал бол ухаарал хэмээн ойлгож байгаа нь ч цаанаа учиртай. Иймээс Ардын нам даргын бөөрөнд наалдаж, даргын үүд сахиж албан тушаал ахидаг биш, ажлыг багаас нь эхэлж туршлага суутлаа явсан хүмүүсээ дэмжих, крандуулж биш шатаар өгсөж хүлээн зөвшөөрөгдөх, зугтсан нь биш зүтгэсэн нь амжилтын хойморт суудаг зарчмыг баримтлахаар болсон нь өнөөдрийн нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл юм. Учир иймээс залуу генеск төрд бугшаад байгаа зүйлийг ёстой л зад ниргэв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хэлсэн үгээс товчлон хүргэж байна.

"...Ардын намын удирдлага ард түмэн, жирийн иргэд сонгогчид, гишүүд дэмжигчдээсээ тасарсан гэдэг шүүмжлэлийг бид бүхэн эрүүлээр хүлээн авч, энэ тасарсан орон зайг халуун дулаан амьд уулзалтуудаар нөхөх үүднээс эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллах зорилго тавьсан. Өнгөрсөн нэг сарын богино хугацаанд бид 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, нийслэлийн 152 хороодод хүрч Удирдах зөвлөл,  УИХ-ын гишүүд, бага хурлын гишүүдийнхээ хамтаар иргэд сонгогчдынхоо амьдрал ахуйг нь газар дээр нь очиж нүдээр үзэж, чихээр сонсоод ирлээ. Наран мандах Халхын гол, Мэнэнгийн талаас, наран жаргах Алтай таван богд хүртэл, Өмнийн цэнхэр говиос өргөн Сэлэнгэ хүртэл Ард түмэн маань бидэнд юу хэлж, юу захиж, бас шаардаж байсныг би та бүхэндээ цөөн хэдэн зүйлээр багцлан хэлье. Эрх баригчдын ард түмний амьдрал сайхан байгаа, улс орон цэцэглэн хөгжиж байгаа гэсэн албан тасалгааны цонхоор харсан дүгнэлт амьдрал дээр эсэргээрээ байна гэдгийг онцлох хэрэгтэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй, цалин тэтгэврийг  нэмэх шаардлагагүй, Улаанбаатарын утаа их ч хоргүй байгаа, будаа үнэтэй бол лавшаа сайхан ш дээ гэсэн Ерөнхий сайдын үгийг ард түмэн басамжлал, доромжлол хэмээн үзэж байна. Авдаг хэдэн цалин тэтгэвэр нь цаас болон хувирч байгааг ард иргэд нилэнхүйдээ ярьж байна. Мах гурилаас авахуулаад өндөгний үнэ хүртэл нэмэгджээ. Ерөнхий сайд өндөг бол тансаг хэрэглээ гэж тодорхойлсон. Би Ерөнхий Сайдаас, тансаг хэрэглээтэй тэтгэврийн эмээ хэдэн бор ачийнхаа хоногийн хоолыг залгуулах гэж дүн өвлийн тачигнасан хүйтэнд гудамжинд өндөг зарж зогсох уу? гэж асуумаар байна. Монгол улсын эдийн засаг өнөөдөр энэ өндөг мэт эмзэг, хэврэг байна.  Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлогоос болж валютын ханш эрс нэмэгдэж Монгол төгрөг цаас болон хувирлаа. Та бүхэн энэ нэг ширхэг нэгтийн доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байгааг харж байна. Ам ажлын чинь зөрүү ийм байна ерөнхий сайдаа. Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 метр квадрат болж байна. 18 м2 ханын обой өнөөдөр зуун айлын барилгын дэлгүүрт дунджаар гучин мянган төгрөгт хүрсэн байна. Монгол төгрөгийн ханшийг ямар болгосноо эрх баригчид харж байна уу? 2 жилийн өмнө нэг кг мах авдаг байсан үнээр өнөөдөр дэнжийн мянгын зах дээрээс нэг кг цувдайны набор гэгддэг таван цулын цуглуулга  авч хүрэхгүй байна. Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнэ буурав уу гэж олон түмэн эрх баригчдаас асууж байна. Яг нэг жилийн өмнө мкв байрны үнэ байршлаасаа шалтгаалж дунджаар 900 000-1 500 000 байсан бол өнөөдөр 1 200 000-2 500 000 төгрөгт хүрчээ. Орон сууцны үнэ тогтворжуулах засгийн бодлого эзнээ олсонгүй. 8 хувийн эпотикийн зээлд хамрагдсан 20 мянган хүний зөвхөн 10 хувь нь л шинээр орон сууц худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл үлдсэн 18000 хүн нь хоёр, гуравдахь байраа авсан бэл бэнчинтэй хүмүүс байсныг судалгааны дүн харуулж байна. Эрх баригчид ядууралтай дайн зарласан, авилгалтай дайн зарласан, Улаанбаатарын  утаатай дайн зарласан. Энэ олон дайн хэдий болтол үргэлжлэх юм вэ? Утаатай дайн зарлах нэрээр нүүрсний шахааны бизнесс хийж, үнийн хөөрөгдөлтэй дайн зарлах нэрээр гурван их наяд төгрөгөөр цөөхөн  эрх баригч сайдуудын хэдэн олигархи компанийн халаасыг түнтийлгэлээ. Энэ гурван их наяд төгрөг гэдэг  бол Монголын бүх ард түмэнд бүтэн 4 жил 6 сарын хугацаанд сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр л байна. Энэ их мөнгө хайчсан бэ? гэж ерөнхий сайд, хөгжлийн сайд, сангийн сайдаас асууя. Ардын нам 2003 онд ОХУ-д төлөх 11 тэрбум ам долларын их өрийг тэглэж улс орноо ард түмнээ өргүй болгосон. Энэ 11 тэрбум америк доллараар ардын нам ард түмэнтэйгээ хамт 20-р зуунд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, 21 аймаг, 330 сум суурин газар, 1600 гаруй багийн төв, Монголын бүх эмнэлэг, сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн комбинатууд, төмөр зам, цахилгаан станцуудаас авахуулаад хуримын ордон, хүүхдийн зусланг хүртэл цогцлоон бүтээсэн юм. Ард түмнээ бичиг үсэгтэй, соён гэгээрсэн, тусгаар тогтносон эрүүл үндэстэн болгосон юм. Энэ бол 20-р зууныг босгосон өвөг дээдсийн маань Монгол Ардын намын түүхэн гавъяа мөн билээ. Гэтэл өнөөдөр энэ бүхнийг цогцлоосон их өрийн тал хувьтай тэнцэх 5 тэрбум ам долларын Чингис бонд хэмээх өрийг босгож 1.5 тэрбумыг нь ямарч хяналтгүй зарцуулж эхэлсэн байна.

 Энэ Чингис бондын зөвхөн хүүнд өдөрт 280 сая төгрөг буюу жилд 300 цэцэрлэг 100 дунд сургууль барих хэмжээний мөнгийг зүгээр төлж байна. Хоёр хоногийн өмнөөс Самурай бонд гэгч өрийн бичгийг дэлхийн зах зээл дээр арилжаалж эхэллээ.  Монгол улс өнөөдөр 8 тэрбум ам долларын их өртэй болжээ. Монголын иргэн бүр, бүр эхээс төрж байгаа нялх хүүхэд хүртэл өнөөдөр 5 сая зургаан зуун мянган төгрөгийн өртэй төрж байна. 2012 оны 3 сард Ардчилсан нам хамтарсан ЗГ -аас гарч байхад 11 яамыг цөөлнө, дэд сайд шадар сайдын орон тоог хасна, гадаад томилолтыг бууруулна, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй хэмээн ярьж шаардаж байсан нь өнөөдөр хэрэгжив үү? Гуравхан сарын дараа 11 яам 17 яам болж, зарим яамд бүр хоёр дэд сайдтай болж, 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүний давхар дээл өмссөн байна. Ирэх оны улсын төсөвт дарга сайд нарын гадаад томилолтын зардал 30 гаруй хувиар нэмэгджээ. Ард түмэн шинэчлэлийн гэгдэх Засгийн газрыг Монгол улсын засгийн газар уу юм уу, олигархи компаниудын Засгийн газар юм уу гэдгийг мэдэхээ больсон байна. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь Монголын толгой баян компаниудын эздээс бүрдэж жинхэнэ утгаараа олигархийн засаглал ноёрхсоныг олон түмэн эгдүүцэн ярьж байна. Төрийн алба төрлийн алба болж ах дүү, хүргэн бэрээ өндөр албан тушаалд шалгуургүйгээр хууль зөрчин томилдог туйлын буруу жишигийг Ерөнхий сайд Алтанхуяг өөрийн биеэр үлгэрлэн манлайлж хүргэн Дэнзэнгээ төрийн өндөр албанд томилсоноор барахгүй 17 тэрбум төгрөгийн тендерийг хамаатан садандаа ямар ч шалгуургүйгээр олгосныг ард түмэн шуугин шүүмжилж  байна. Намын харъяалалаар төрийн албанаас хууль бусаар халж болохгүй гэж ярьж байсан ардчилагчид 30 гаруй мянган төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хууль зөрчин ажлаас нь халаад зогсохгүй 1 жил 6 сарын дотор 47 мянгаар нэмж 187 мянгад хүргэсэн байна. Ирэх онд энэ тоо 3800- аар нэмэгдэхээр төлөвлөгдсөн. Нэг л төрийн албан хаагчын орон тоог нэмбэл би огцорно гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайдын амлалт яасан бэ? Үнэхээр хэлсэн үгэндээ эзэн болдог байсан бол Ерөнхий сайд Алтанхуяг өнөөдөр 47000 удаа огцрохоор болсон. Үүнийг нь задалбал өнгөрсөн 1 жил зургаан сарын хугацаанд өдөр бүр 86 удаа огцрохоор болсон байна. Ардын нам засаг барьж байхдаа оюутан бүрт өгч байсан 70 мянган төгрөгийг 90 мянган төгрөг болгож өгнө, иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөгийг 50 мянган төгрөг болгож өгнө гэсэн сонгуулийн амлалтууд яасан бэ? Онц сурдаг, ажлын байраа олсон оюутан Монголын 170 мянган оюутны 10 гаруйхан хувь нь болж байна.

 Үлдсэн 150 мянган оюутан тэтгэлэггүй хоосон хоцрох боллоо. Ардын намын олгож байсан хүний хөгжлийн 21 мянган төгрөг олигархи дарга сайд нарт хэрэггүй юмаа гэхэд хоногийнхоо хоолыг залгуулж яваа жирийн бор айлд хичнээн их нэмэр жийрэг болж байсныг ард түмэн дурсан хэлж байна. Албан хаагчдын тоог нэмэхийн хирээр төрийн үйлчилгээ хүнд ойртох биш харин хүнд суртал, шат дамжилга хирээс хэтэрч, асуудал бүхэнд төр оролцож  баялаг бүтээгчдэд саад тотгор болж байгааг бизнес эрхлэгчид шүүмжлэх боллоо. Монголд бизнес эрхлэх таатай орчин устаж, гадны хөрөнгө оруулалт 50 хувиар буурч, гадны хөрөнгө оруулагчдын тал хувь нь оффисоо хаагаад нутаг буцсан байна. Өнөөдөр Монгол улсад хамгийн их дарлагдсан салбарынхан бол хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид болсон гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч зөвлөлдөх уулзалт дээрээ цохон тэмдэглэлээ. Том төрөөс ухаалаг төрлүү гэсэн Ерөнхийлөгчийн философоос өнөөдөрийн Монголын төр ид ажлын садаа, их ажлын дүр болсон чөрийсөн хөлтэй цүрдийсэн гэдэстэй данхар том бэрд, эсхүл мулгуу мунхагуудаар дүүрсэн тэнэг төр болжээ гэсэн логик эндээс уншигдаж байна. Үнэхээр машин нь томдсон, хөөрөг нь томдсон, албан тушаал нь томдсон, үг нь томдсон, хувийн компаниуд нь томорсон тоодгорхон хүмүүс Монголын төрөөр тоглож байна.  Ирэх оны улсын төсөвт 37 тэрбумаар шорон барьж байхын оронд 37 хүүхдийн цэцэрлэг, 37 төрөх эмнэлэг барьж яагаад болсонгүй вэ? Монгол улс шоронжсон улс юм уу? эсвэл ард түмнээ хорих гэж шорон бэлдэж байгаа юм уу? гэж иргэд, татвар төлөгчид асууж байна. Хууль шүүхээр түрий барьж барина, хорино, шалгана, цагдана гэсэн дарангуйлал дор Монголын нийгэм айдас хүйдэст автлаа. Монголын хууль шүүхийхэн жирийн ядарсан иргэнд биш архины үйлдвэрийн эзэн, банкны захирал, мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг авилгажсан утсан хүүхэлдэй болсныг Өвөрхангай аймагт болсон УИХ-ын сонгуулийн жишээг иш татан ард түмэн ярьж байна. Албан тушаалтын үзэгний үзүүрээр ард түмний сонголт, Үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрх нь үнэ цэнэгүй болж өөрчлөгддөгийг Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр аймгууд болон Багануур дүүрэгт болсон сонгуулийн дараах үйл явдлууд нотлон харуулж байна. Эрх баригчдын яриад байсан "Ард түмний сонголт бол хаан сонголт, түүнийг өөрчлөх эрх, хэнбугайд ч, ямар ч эрх мэдэлтэнд байхгүй " хэмээн тунхаглаж байсан ардчилалын алтан зарчим яасан бэ? Дэлхийн ардчилалын төлөө  насан туршдаа цогтой тэмцэж буй Мяньмарын ардчилагч хатагтай Ан сан су чи Монголын ардчилалыг "дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас аюултай" хэмээн дүгнэсэн нь үнэнд нийцэж байна хэмээн  олон түмэн ярьж байна. Хэт их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэж эзэн Чингис хаан юутай үнэн  хэлээ вэ. Ерөнхийлөгч маань Монголын төр мунхаг төр болсон гэдгийг өөрийн илтгэлээрээ нотоллоо. Монголд өнөөдөр  ухаалаг сайд дарга, ухаалаг төрийн албан хаагч ус агаар мэт хэрэгтэй болжээ. Үнэхээр ухаангүй, унхиагүй засгийн газартай хариуцлага тооц, сөрөг хүчнийхаа үүргийг биелүүл гэж ард түмэн уулзалт бүхэн дээр биднээс шаардаж байна. Ухаангүй, унхиагүй сайд нартай хариуцлага тооцох нь ухаалаг төрлүү дөхөх эхний алхам гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас ард түмнийхээ амьдралыг доройтуулж, улс орныхоо хөгжлийг зогсоож, өрөнд оруулж, эдийн засгаа сүйрүүлж, төсвийн орлогыг олон тэрбумаар тасалдуулж, эх орондоо хоноцын сэтгэлээр хандаж буй хоёр сайдыг огцруулахаар манай намын бүлэг өргөн барьсан юм.

  Монголын эдийн засгийг хүнтэй зүйрлэх юм бол сэхээний орон дээр дусал залгуулж хэвтээ өвчтөн мэт  болжээ. Өөрөө өөрөөсөө ичдэг, ичих булчирхайтай нэг нь УИХ-н гишүүнээсээ сайн дураараа  огцорч хариуцлагаа хүлээеэ гээд байхад олонхоороо хүч түрэн авч үлдэж  байгаагаас нь харахад эрх баригчид хариуцлагаа үүрэх нь байтугай хариуцлагаа ухамсарлах чадвар, ёс суртахуун, сэтгэл жудаггүй гэдэг нь харагдаж байна. Энэ бол Монголын ардчилалын түүхэнд урд хожид байгаагүй ичгэвтэр үйл явдал боллоо хэмээн ард түмэн хэлж байна. Эх орны өнцөг булан бүрт хаана ч очсон энэ л үгсийг иргэд сонгогчид бидэнд хэлж, дайж байсныг та бүхэндээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн эрх баригчид улс орноо удирдаж чадахгүй, төр засгийг дампууруулж гүйцлээ гэж ард түмэн дүгнэж байна. Одоо эрх баригчид хариуцлагагүй сайдууддаа хариуцлага тооцож алдаагаа засах уу, аль эсвэл хайцаалан хамгаалж Шинэчлэлийн засгийн газраа шившигийн засгийн газар болгох уу гэдэг хоёр сонголтын өмнө зогсож байна. Монголын ард түмэн, Монгол төрд завшилцал биш зөвшилцөл хэрэгтэй. Тийм учраас ардын нам, ард түмэн та бүхэнтэйгээ хамт хадуурсан төрд хазаар болж, даварсан эрх баригчдад даруулга болж, ухаан муутай сайд нарт ухаарал, сануулга өгч, хариуцлага тооцон ажиллах болно.