Эрүүл мэндийн сайдын 275 тоот тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарласан билээ. Энэхүү сарын аяны ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нар өнөөдөр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзав.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгийн байгууллагуудын удирдлагуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ, “Бид жил бүрийн 8 дугаар сард Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар ярилцаж, тулгамдсан асуудлуудыг төр засгийн бодлогын түвшинд шийдвэрлүүлдэг сар болгохоор зорьж байна. Энэ ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар нэгдсэн хэлэлцүүлэг хийхийг үүрэг болгосон. Уг хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд хийж, гарсан саналаа нэгтгэн яаманд ирүүлснээр “Нийгмийн эрүүл мэндийн ажилтны улсын зөвлөгөөн” дээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхэд ач холбогдолтой болох юм. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө юу бодож, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэхийг хүсч байгааг мэдэх, зөв гарц олох нь чухал болоод байна. Манай эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өдөр бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг авардаг мөртлөө өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо гаргаж чадахгүй байгаа буруу байдлыг өөрчлөх цаг болжээ. Тиймээс энэ жилээс эхлэн 8 дугаар сарыг үр дүнтэй болгож, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа алдаршуулж, сайныг урамшуулж, гаргасан алдаа дутагдлаа засаж залруулдаг болно. Үүнийг өөрчлөх хүч нь бид өөрсдөө. Нийгэмд үүссэн эрүүл мэндийн салбар сайн байсан ч муу, саар байсан ч муу байдаг гэсэн ташаа ойлголтыг зөв чигт оруулах хэрэгтэй” гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас 2013 оныг “Хариуцлага хяналтыг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд сар бүр тодорхой зорилтот үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, 9 дүгээр сарын Оюутны эрүүл мэндийн, 10 дугаар сарын ахмадын эрүүл мэндийн, 11 дүгээр сарыг Суурь шинэчлэлийн эхлэлийн тайланг танилцуулах сар болгохоор тус тус төлөвлөжээ. Мөн зохион байгуулах улсын зөвлөгөөнөөр эрүүл мэндийн тухай болон хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал авахаар болжээ.

Ингээд бүх аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар”-ын хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн болон хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа ирүүлэхийг үүрэг болгосон юм.