​“Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн захирал А.Шоовдорыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд удаж байна. Тэрбээр төрийн өмчит компанийн захирлын үүргээ эзний эрх мэдлээр сольсон нэгэн.

Тиймээс ч улсын өмчийг өөрийн эрх ашигт хувиргаж, олон тэрбум төгрөгийг хувьдаа ашигласан гэх хэрэгт сэжигтнээр татагдаад буй. Гэсэн ч А.Шоовдор захирлын эрх ашиг Ардчилсан намын хүсэл сонирхолтой огтлолцдог гэдэг үндэслэлээр тэрбээр өдгөө батлан даалтад гарчихаад байгаа аж. 
Уг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдэд түүний талаар дараах үнэнийг хэлж байсан удаатай. 

Тодруулбал, “Энэ хэргийг шалгаж байгаа нь үнэн. Уг компанийн удирдлагууд анхнаасаа үгсэн тохиролцож, өөрсдөө аж ахуйн нэгж үүсгэн байгуулаад тэрхүү аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулалтгүйгээр бараа худалдан авч, тэр хэмжээгээр өөрсөддөө давуу байдал үүсгэж, төрийн компанийн хөрөнгийг завшдаг байсан юм билээ. “Хөтөлийн занар” гэдэг компанийг үүсгэн байгуулсан гэсэн үг. Нөгөө талаар үйлдвэрийг хэвийн ажиллагаатай байлгахын тулд худалдан авалт хийдэг байж. Ингэхдээ мөн л танил тал, ах дүүгийн холбоогоор үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үндэслэл тогтоогдож байна. Зарим хүмүүсийг хэрэгт сэжиглэж цагдан хорьсон. Одоо ч үргэлжлүүлэн хорьж байна. Эхлээд долоон хүнийг сэжиглэн шалгаж байсан бол өнөөдөр дөрвөн хүн хоригдож байгаа” гэж байсан. Гэсэн ч энэ хэрэг өнөөдөр замхрах шатандаа орж, А.Шоовдор захирал болон түүний гэр бүлийнхэн гадуур байцаалт өгөх нэрээр “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг удирдаж эхэлсэн гэнэ. 
А.Шоовдор захирлын хувьд 2004 оноос уг үйлдвэрийг удирдах болсон. Хэдийгээр энэ хугацаандаа үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлж, үйл ажиллагааг нь шинэчилсэн ч гэлээ хувийнхаа эрх ашгийг дээгүүрт тавьж байсан нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын дээрх яриагаар нотлогдож буй. Гэсэн ч сүүлийн үед А.Шоовдор захирал хийгээд түүний хань хамсаатан гэгдэх 10  орчим хүний тухай мэдээлэл хэвлэлээр гарах нь хомсдох болж. Яг үүнтэй зэрэгцээд тэрбээр батлан даалтад гарч, улмаар “Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийн удирдлагыг гартаа авсан аж. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сар гэхэд түүний асуудал шийдэгдэж, ажлаа хэвийн үргэлжүүлэхээ ч ойрын нөхөддөө ярьсан гэж байгаа. Ингээд бодохоор төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг гэгдэх А.Шоовдор захирлыг шалгасан Авлигатай тэмцэх газрын шалгалт үр дүнгүй болж мэдэх нь. 
Тэгээд ч түүний талаар Ардчилсан намаас хүчтэй дэмжлэгтэй гэх яриа байдаг. Тиймээс ч баривчлагдах үед нь “Авлигатай тэмцэх санаачилга Ардчилсан намынхныг ч тойрохгүй нь бололтой. Зөвхөн Ардын намынхныг шалгаад байгаа юм байхгүй. Хар тэр, Ардчилсан намынхныг ч гэсэн шалгаж байгаа биз дээ. А.Шоовдор бодит жишээ нь шүү” гэх мэт мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Өөрөөр хэлбэл түүнийг баривчлагдахтай зэрэгцээд одоогийн засгаас “Ардчилсан нам шударга ажиллаж байгаа” гэх мессежийг олон нийтэд зориудаар өгөхийг чухалчилсан байж болох. Гэсэн ч өнөөдөр А.Шоовдор захирал ажлаа хэвийн үргэлжлүүлэх бэлтгэлээ хийж харин Монгол Ардын намын угшилтай гэмтнүүд нь ялаа эдлээд шоронд хоригдож буй. 
Эндээс Ардчилсан намынхныг шалгах шалгалт суларч, Ардын намыг чиглэсэн дайралт хатуу ширүүн болж байгааг бэлхнээ харж болох биз. Хамгийн гол нь тэрбээр улсын компанийн дэргэд хувийн компани байгуулж, түүнийгээ “Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийн ханган нийлүүлэгч болох замаар олон арван тэрбумыг хувьдаа завшсан хэрэгт гэм үүрэх ёстой хүн. Гэтэл нөхцөл байдал өөрөөр эргэж, ирэх оноос ажлаа хэвийн үргэлжүүлж эхэлбэл битгий гайхаарай. Учир нь түүнийг хамгаалах Ардчилсан намд ашигтай учраас тэр шүү дээ.