“Сэнтий түшсэн хатад” номыг сонсдог ном болгон хөрвүүлэн уншсан продюсер нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо юм. Түүний Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойдоо барьж буй бэлэг нь энэхүү сонсдог ном болж байна.

Өнөөгийн Монголын төдийгүй, дэлхийн орчин үеийн залуучуудын нийгмийн чиг хандлага, амьдралын хэв маягт нийцүүлэх үүднээс энэхүү номыг электрон хэлбэрт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Та бидний өнөөгийн завгүй амьдралд сонсдог номыг өөрийн амьдралын хэв маягийн нэг хэсэг болгон сонсох нь илүү хялбар.

Энэхүү хатдын түүхэн номыг сонгон сонсдог ном болгосноор Монголын залуучууд түүхээ мэддэг байх, Монгол эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ хэрэглэж заншсан ёс заншлыг ойлгож, уламжлан авч үлдэх мөн амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлээсэй хэмээсэн юм. Ингэснээр эмэгтэйчүүд төдийгүй Монголын айл гэр бүл бүр ухаалаг сайхан харилцаатай байж бат бөх харилцааг үүсгэж улмаар Монгол улсын ирээдүй тогтвортой хүчирхэг байхын суурь тавигдах болтугай. Энэ нь төслийн гол зорилго юм. 

 

Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” номын танилцуулга.

Монголын их Юань гүрэн 1271-1368 он хүртэл 97 жил оршин тогтнохдоо өнөөгийн Ази тивийн дийлэнх газар нутгийг эрхшээн захирч, эзэн Чингис хааны дөрвөн хүүгийн удмын хаант улсуудыг хянаж байсан түүхтэй. 

Монгол их Юань гүрний түүхийг сонирхон судалж байхад Их хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ  хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, гүрний ирээдүйн хувьзаяаг тодорхойлж байсан байдаг. Юань гүрний үе үеийн Их хаадын хэдэн арван хатад татварын түүхэнд холбогдох өдий төдий мэдээ сурвалж баримт байдаг ч тэдний намтрыг бүгдийг нь тусгайлан туслах нь ач холбогдол агуулгын хувьд уг номын үндсэн зорилгод нийцэхгүй. Тиймээс хөвгүүдээ Их хааны сэнтийд залж бараг Юань гүрэн оршин тогтносон бүхий л хугацаанд эрх мэдлийн өндөрлөгт байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван эх хатны түүхээр төлөөлүүлж, тухайн цаг үе, олон хатад, татварууд, түүхийн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг хичээжээ.