Миний найз “ногоон намын” гэж алдаршсан Д.Энхбат их “юм” уншина аа. Тэгээд тэр саяхан твиттерт нэг ийм үлгэр тавив.

 Манай твиттерийнхэн их шуугиж маргасан юм. Д.Энхбат үүнийгээ “Монгол ардын үлгэрүүд” номоос авсан “үлгэр” гэнэ. Би өөдөөс нь энэ бол “монголын нийгмийн бодит байдал” гэв. Тэгээд бид хоёрын “маргаан” эхэлсэн ба хэн хэн нь “дийлээгүй” учир асуудлыг олон нийтийн “шүүхэд” шилжүүлж байна. Маргааны “эд мөрийн баримт” болох “Монгол ардын үлгэрүүд” номын зургийг хавсаргав. 
“Монгол ардын үлгэрүүд” номоос…

Миний үндэслэл
Энэ бол үлгэр биш, монголын нийгмийн бодит байдал учраас Монголын боловсролын яам монгол хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж энэ номыг олон тоогоор хэвлэн гаргасан байна. Энд манай өнөө үеийн “хүүхдийн эрх чөлөөг” яруу тодорхой харуулсан байна. Аавыгаа цохиж алахаас өмнө хүү тусдаа гэртэй байсан байна, мөн тусдаа “өмчтэй” буюу “алтан мөнгөн аргайтай” байсан байна. Гэхдээ тусдаа гэрийг нь үлгэрт дурдаагүй байна. Энэ бол компьютер тоглоомын газар, шөнийн цэнгээний газар, бар зэрэг байх нь үлгэрийн хам сэдвээс тодорхой байна.


Ер нь “хүүхдийн эрх” гэсээр байгаад хүүхэддээ үг хэлэх “эрхгүй” болж, сүүлдээ хүүхдээ “сонсож” тэднийг хүмүүжүүлдэг системтэй улс Монголоос өөр байхгүй. Ийм байхад хүүхдийнхээ гарт амиа алдах нь зүйн хэрэг ш дээ…
Аав нь яахав, эхнэрээ зодохоос өөр “буруу юм” хийгээгүй атлаа амиа алдаж байна. Гэхдээ түүнийг цагаатгах нэг том үндэслэл байна. Яагаад гэвэл тэр “архи уугаагүй” байна. Боловсролын яамны үлгэрт аавыг хэтэрхий гүтгэж байна, түүнд хүн зодох мод яагаад ч байх ёсгүй, түүний гарт их л сайндаа машины түлхүүр, телевизийн гар хоёр л байгаа. Хүүхдээ эхийн эрхт ёсоор хүмүүжүүлэх Яамны бодлогын үүднээс аавын амийг дэндүү хямд, “жирийн явдал” мэт үнэлж байна.
Ээж бол “нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодуулсан гэж үлгэрт гарч байгаа боловч ямар нэг “том хэрэг” хийсэн нь тов тодорхой. Миний таамгаар хонины махныхаа ихэнхийг алга болгосон нь их “сэжигтэй”. Эмэгтэйчүүдийн “эрхийг” хамгаалах “төрийн бодлогын” үүднээс энийг үлгэрт огт дурдаагүй байна.


Ер нь бол “нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодвол таарах хүүхнүүд манай нийгэмд хэтэрхий олон болсон нь Монгол Улс мөхөхийн нэг гол шинж юм. 
Зөв юм хэмжээнээсээ хэтрэхээр утгагүй болдог. Манай “эмэгтэйчүүдийн эрх” хэмжээнээсээ нэгэнт хэтрээд буруу тал руугаа орчихжээ. Бараг л маань мэгзэм шиг болж.
Энэ бүх үндэслэлийн улмаас “Монгол ардын үлгэрүүд” ном бол үлгэрийн ном биш, монголын нийгмийн өнөөгийн бодит байдлыг харуулсан “төрийн бодлогын” сайтар бодсон баримт бичиг мөн гэж би үзэж байгаа юм.
Нийгмийн ийм бодит байдлын улмаас олон монгол гэр бүл сарниж, Монгол Улс мөхөж байгаа нь социологийн няцаашгүй баримт юм. Нийгмийн ийм бодит байдлыг зөвхөн арчаагүй төр л бий болгодог юм.
Гэтэл Д.Энхбат болохоор “энэ бол хэсэг хүний алдаа”, “энэ бол жинхнээсээ үлгэр”, “ийм муухай үлгэрийг хасаад л гүйцээ” гэж “нотлохоос” гадна өөдөөс байн байн инээд бэлэглэхээс өөр “олигтой” үндэслэл гаргаж “чадахгүй” байгаа юм.
Харин Д.Энхбат сүүлийн үеийн монголын нийгэм үлгэр бодит байдал хоёр нь холилдчихсон гэдгийг зөвшөөрч, их сайн ойлгож байгаад баярлаж байна.
Би болохоор ийм хөгийн байдалд хүргэсэн төрийг өөрчлөх хэрэгтэй гэж үздэг юм. Тэгээд би найз Д.Энхбатыгаа Ц.Элбэгдорж шиг гэв гэнэт “ухаалаг” болчихоод “үлгэр” яриад унах бий гэж их айдаг юм ш дээ. Өөрийнх нь ухаан Д.Энхбатад дэндүү хангалттай л даа…


Судлаач Х.Д.Ганхуяг