“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан”  хамтран Монгол Улсын өнөөгийн  нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

   1992 оны анхны “Next Stop” наадмын нийгэм улс төрийн салбарын  “Оны залуу”-аар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Эдийн засаг бизнесийн”-ийн салбарын “Оны залуу”–аар одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 26 залуу удирдагчийг өнөөдөр эргээд харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Сайд 15, УИХ-ын гишүүн 18, Монгол банкны Ерөнхийлөгч 2, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд төрөн гарсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт юм.

   Монголын нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах энэхүү ёслол өнгөрсөн онд 20 жилийн ойгоо “Сүү өргөж амьдаръя” уриан дор архигүйгээр тэмдэглэн тэр дундаа залуусыгаа уриалан дуудсан нь олон хүний талархлыг хүлээж байсан. Тэгвэл энэ жилийн “Next Stop”  харшийн наадмын онцлог нь өнөөдөр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй, нийгэмд оруулах хувь нэмрээрээ манлайлж буй эрхмүүдийн саналыг нэгтгэн нэр дэвшигчдээ тодруулж буйгаараа онцлог юм байна.

   “Next Stop 2013” наадмын “Оны залуу” тодруулах шалгаруулалтыг 30 хувь нь олон нийтийн буюу сошиал ертөнцөөр санал авах байдлаар, 30 хувь нь “Залуу удирдагч сан”, 30 хувь нь салбар салбарын шилдэг эрхмүүдийн санал, 10 хувь нь МЗХ-ны Удирдах Зөвлөлийн саналаар нэгтгэн тодруулах юм. “Next Stop” харшийн наадам 12-р сарын 29-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, яамдын сайдууд, агентлагийн дарга нар болон, эдийн засаг бизнесийн томоохон төлөөллүүд гэр бүлийн хамт оролцох юм байна.

   Дашрамд дурьдахад өнгөрсөн жилийн “Next Stop” наадмын Нийгэм  улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан юм. “Оны залуу”-д нэр дэшиж буй залуучуудыг http://www.myf.mn/myf/vote сайтнаас үзэж болох юм байна.