Яг одоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна талбай"-гаас эхлэн Дарь-Эхийн "Очир" төвийг чиглэн үргэлжилж байна. 13 настай охин хэрцгийгээр зодуулж, хүчирхийлүүлж буудалд нас барсан ч түүнийг архины хордлогонд орон нас барсан хэмээн дүгнэсэн. Таван настай бяцхан охин хойд аавдаа хүчирхийлүүлээд ирэхэд шүүх эмнэлэгийн ажилчид үзлэгийн 10,000 төгрөг тушаахгүй бол үзэхгүй боломжгүй хэмээн халаглаж буй энэ бүхний эсрэг нийгэмд хүчтэй дуу хоолой болж ирсэн "Лантуун дохио" ТББ-аас өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Нийгмийг цочирдуулсан хэрэг болоход бид 7 хоног сошиалд шуугиад өнгөрөх бус бодитой үр дүн авчиртал тууштай тэмцэх хэрэгтэй юм. Учир нь яг одоо таныг энэ мэдээг уншиж байх хооронд ахин ямар хүүхэд бузар гаж донтнуудын золиос болж байгааг та бид таашгүй билээ. Одоогийн байдлаар жагсаалд ирэгсдийн тоо сошиалд шуугиж байсан тэр олон хүмүүсийн тооноос хэд дахин бага байгааг тус ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан фэйсбүүкдээ мэдэгджээ. Тийм учраас иргэн та бүхнийг ахин нэг ч хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргийн золиос болгохгүйн тулд тус жагсаалд яг одоо нэгдэхийг уриалж байна. 

Эх сурвалж: Seen.mn