Уул уурхайн лицензийг нэг хүн, нэг компанид олгоод нэмэргүй гэдгийг өнгөрсөн жилүүдэд бид харлаа. Дэлхийн том гүрнүүдэд улсынхаа эдийн засгийг нуруун дээрээ үүрч, улсынхаа өрийг хувиасаа төлөөд, улсынхаа иргэд байтугай гадны иргэдийг ажлын байраар хангаад явдаг том компаниуд бий л дээ.

Манайх зах зээлд орохдоо иймэрхүү л юм бодож байсан биз. Хувийн компаниудад лиценз олгоод тэр нь ажлын байр бий болгож, бүгдээрээ газрын баялгаасаа хүртэх юм санасан. Тэр мөрөөдөл талаар болов. Уул уурхайгаа ашиглаж, лиценз олгож эхэлсэн цагаас л талцал хуваагдал, бүлэглэл мафи гэж юм эхэлсэн шүү дээ. Хэдэн том бүлэглэлтэй, тэд нь баялгаа хувааж, их, бага авлаа гэж өөрсдөө ч хоорондоо талцаж муудалцсаар өдийг хүрэв. Газрын баялагтай нөгөө баян улс чинь баяждаггүй. Манай баялгийг хямд авсан улс орон өндийгөөд л, эдийн засгаараа тэргүүлээд л яваа. Ерөнхийлөгчийн хэлдэгчлэн гучаад гэр бүл л оройгүй баян болж, бусад нь арайхийн амьдарч байна. Нэг үгээр хэлбэл гучин баян ба гурван сая ядуу хүний талаар энд өгүүлье. Дундаж давхаргынхан нь арай гэж өндийх гэхээр өнөөх л гучин айлынхан бизнесийг нь булаагаад авчихна. Нэг айл хэдэн үеэрээ идээд барахгүй өв хөрөнгө цуглуулсан ч ханаж цадах сэтгэл алга. Газрын баялагтаа суурилан хөгжсөн улсууд хамгийн энгийн ойлголтоор баялгаасаа олсон мөнгөөр сан байгуулаад хуримтлал үүсгэж, иргэддээ хувь өгөөд л баян тансаг амьдарч байна. Үүний жишээ нь Норвегийн сан. Энэ сан том уурхайнуудаа төрдөө аваад ашгаараа сан байгуулаад байдаг. Тэрнээсээ иргэддээ хуваарилдаг. Улсынхаа том асуудлыг шийддэг. Бид ингэж болох байсан. Бид яадаг гэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд жаахан ашиг гармагц гэрлэсэн хос, тэмээ, ямаандаа хүртэл хувь хишиг хүртээгээд эхэлдэг. Уул уурхайн үнийн өсөлтөөс олсон мөнгөө хадгалж байсан бол хүүхдийн мөнгөө харамлаад ширэн нүүрлээд сууж байхгүй байсан.

Манайд бол нэг компанид уул уурхайн лиценз өгөөд л өнөөх нь зах зээлийг тэр чигт нь эзлээд томорчихдог. Уул уурхайгаас олсон ашгаараа бүхий л салбар руу орж байна. Дундаж давхаргынхных нь олон болж тэдний нуруун дээр улс орон хөгждөг бол манай гучин гэр бүл нийгмийн дундаж давхаргынхандаа боломж олгосонгүй. Махийтал ажиллаж, ганзагын наймаанд явж, Нарантуул дээр наймаа хийсээр арай гэж цуглуулсан хэдэн төгрөгөө өөр бизнест хөрөнгө оруулж, шат ахих гэхээр цөөн хэдэн том компани зах зээлийг нь булаагаад авчихдаг. Бат, Дорж, Должингийн түрээсийн байранд байгуулсан жижиг дэлгүүр олигархийн сүлжээ дэлгүүрт тэр дороо залгиулчихна. Дундаж давхарга өсч өндийж чадахгүй, түүнээс доошхи нь бүр сураггүй байгаагийн учир ердөө л энэ. Монопол компаниуд өөрсдөө л улам цулайгаад байхаас бусдынхаа өсөж өндийхийн тухайд нэг ч удаа санаа тавьсангүй. Угтаа дундаж давхаргынханд боломж олгосноор улс орон улам олуулаа баян болох юм. Гэвч өнөөдөр Монголын дундаж давхаргынхан доошоо уначихгүйн тулд арай гэж л дэнжигнэж байна.

Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад хувь хүнд хэт олон лиценз өгөх хэрэггүй юм байна. Бас хэт олон компани байгуулах, бүх салбар луу дайрахыг нь болиулах хэрэгтэй юм байна. МАК, Монполимент, MCS, Шунхлай, Петровис, Номин, Моннис, Оргил, Тэсо, Худалдаа хөгжлийн банк, АПУ гэх мэт компаниуд хагартлаа баяжаад улс хөгжихгүйг мэдлээ. Угтаа дээрх хэдэн компаниудыг улам сайжирч, бусдадаа боломж олгож, нийгмээ чирээд явахын дайны бодсон. Тэд баяжаад Монгол баяжсангүй. Тэд баян болсноор Номхон далайн эрэгт хэдэн хаус л нэмэгдэх шив. Монголын борчууд хахир хатуу өвлийг утаандаа хахаж цацан өнгөрүүлж байхад хэдхэн баячууд далайн эрэг дэх хаусдаа жарган, зуны дэлгэр цагт зусах гэж Монголд ирдэг л болов. Тэдний хүүхдүүд эцэг, эхийн монополдож олсон мөнгөөр эрх дураараа зугаалах шив. Одоо удам дамжиж баян болсондоо аархана уу гэхээс улс орон гэж бодох ч сөхөөгүй өсч байна.

Гучин айл ийнхүү дэлхийн баячууд ч атаархам тансаг амьдарч байхад үлдсэн гурван сая ард түмэн нь арай гэж л амьдарч байна. Гучин айл эрх ашгаа хамгаалуулахын тулд улс төрчдийг тэжээж тэтгэдэг бололтой юм. Зарим нь өөрсдөө улс төр рүү шургалсан. Амьдралдаа ТҮЦ ч ажиллуулж үзээгүй, ганц хадаас ч үйлдвэрлээгүй улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг гэж улсын төсөв шиг тоотой юм харагдах юм. Ид шид л гэж байдаггүй бол тэд яаж ингэж бизнес хийхгүйгээр баяжих билээ.

Улс орнууд баялгийн ашгийг аль болох олон хүнд хуваарилах бодлого л сүүлийн жилүүдэд явж байна. Үүнийг яаж хэрэгжүүлж байна гэхээр уул уурхайн баялгаа аль болох дотооддоо боловсруулаад нэмүү өртөг шингээгээд гадагшаа бэлэн бүтээгдэхүүн гаргах бодлого юм. Харин буруу бодлогоор явсан нь сүйрч, эдийн засаг нь элгээрээ мөлхөж байгаа. Бид ч бас тэднээс дээрдэх юм алга. Хамгийн их баялагтай орны тоонд тэргүүлэх эгнээнд явах хэрнээ эдийн засаг нь хүндэрч ОУВС-гаас тусламж аваад л сууж байна.

1990 оны үед нэг том систем нурсныг төмөр хөшиг нурах гэж нэрлэдэг. Энэхүү төмөр хөшиг нурснаас хойш дэлхийн дайнууд түүхий эд, баялгийн дайнууд л болж хувирсан. Жишээлбэл Ирак Афганистанд цэрэг орсон нь цаанаа стратегийн түүхий эд болох нефтьтэй хамаатай. Орос, Иранд барууны орнууд эдийн засгийн хориг тавиад байгаа нь бас л түүхий эдтэй холбоотой. Энэ юуг харуулж байна гэхээр орчин цагийн дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөн түүхий эдийн өрсөлдөөн болж байна. Том гүрнүүд асар их байгалийн баялагтай орнуудаас түүхий эдийг хямд авах бодлого явуулдаг. Үүнийгээ хэрэгжүүлэхдээ баялаг ихтэй бага буурай орны түшмэдүүдийг ашигладаг. Тийм лобби хийх замаар хамтрагчаа сонгож, тухайн баялгийг үнэгүйдүүлэх, хоёрдугаарт бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх бодлого хэрэгжүүлж байна. Үүний хамгийн тод жишээ бол 1930-аад онд Монголд нефтийн үйлдвэр байгуулагдаад ажиллаж байсан юм. Гэтэл алс дорнодод нефтийн том орд нээмэгц “Танайд нефтийн үйлдвэр байх шаардлага байхгүй” гээд ах нар хаяад явсан.

Тэр ашиггүй гэж хаясан цооногоос өнөөдөр бид жилд сая гаруй тонн түүхий нефть олборлож байгаа. Энэ цаашид өсөн нэмэгдэнэ. Өмнө нь оросууд энэ цооногийг ашиглаж байсан бол одоо хятадууд ашиглаж байгаа. Ашиг нь бидэнд ирээгүй л байна.

Энэ нь байгалийн баялаг ард түмэндээ наалдахгүй байна гэсэн үг. Бид түүхий нефтиэ боловсруулахгүй урагш гаргах хэрнээ дэлхийн зах зээл дээрхээс өндөр үнээр бензин худалдаж авдаг. Ийм тогтолцоо байгаа учраас байгалийн баялаг ард түмэндээ ирэхгүй байна. Үүнийг зохион байгуулж буй түшмэд байгаа учраас л ашиг нь ирэхгүй байгаа юм. Үүнд гучин гэр бүлийн төлөөллийг хардаж байгаа. Лицензээр авсан уул уурхайн баялагаа үйлдвэр аж ахуйн нэгж бүтээн байгуулалт болгож улс орондоо шингээх ёстой атал тэд тэгсэнгүй.

Манайд нэг нь уурхай, аваад ухаж төнхөөд тэрийгээ Хятад руу түүхийгээр нь гаргадаг. Аль болох хурдан, аль болох ихээр борлуулахыг хичээгээд байгаа учраас л асуудал үүсээд байгаа юм. Пибоди компанид Америк улс олон шаардлага тавьдаг. Нэгдүгээрт өндөр татвар авдаг. Боловсруулах юм бол үйлдвэр байгуулаад ажлын байр нэмэгдүүлэхийг шаарддаг. Трамп “Хэн хамгийн их ажлын байр бий болгоно, түүнтэй би найз байна” гээд л хэлчихсэн шүү дээ.

Ажилгүйчүүд нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй улс орон яаж хөгжих билээ. Ажилгүй хүн олон байх тусмаа л ядуу байна. Нэг хүн нэг уурхайг эзэмшээд өөр нэг улсад маш хямдаар баялгаа өгөөд баяжаад байхаар ажилгүйчүүд тэрийг тэсвэрлэдэггүй. Сүүлийн 26 жилийн хугацаанд төр өөрийн мөнгөөр 20 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Хятадаас сандал, ширээ зөөж байна. Хэрэгтэй хэрэггүй машин техник авч байна. Энэ их мөнгийг бид боловсруулах үйлдвэр барихад зориулсан бол өдийд түүхий нефть, түүхий нүүрс гаргахгүй байсан. Зэсийн баяжмал биш зэс гаргах байсан. Түүхий нефть гаргах биш бид өөрсдөө бензинтэй сууж байх байлаа.

Монголд нэг нам сонгуульд ялж гараад ард түмэн, улс орноо таг мартчихдаг. Яаж идэж ууж баяжих вэ гэдгээ л төлөвлөнө. Тэд аль нэг банк юм уу эсвэл том уурхайг өөрийн талын хүмүүстээ өгч, түүгээр дамжуулан идэх тухай л бодно.

Монголд ерөөсөө таван том үйлдвэр байхад ажилгүйдлийн асуудал шийдэгдээд зогсохгүй ажиллах хүчин дутагдана. Ингээд эдийн засаг сэвхийгээд улс орон өөдлөөд ирэх байтал тэгсэнгүй өдий хүрлээ. Эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох гэж усан цахилгаан станц ярьсаар хичнээн ч жил болов. Бас л бүтсэнгүй, эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө хараат байна. Гучин гэр бүл баян, тэдний асуудлыг шийддэг улстөрчид мөнгөө авчихсан байхад ард иргэдийн амьдралыг дээш нь татах, улс орондоо үйлдвэр байгуулах нь хол юм шиг байна.

Тиймээс ард түмэн бид байгалийн баялгаасаа хувьтай болъё. НИК, MCS, Шунхлай, Петровис, Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтээс хувь эзэмшье.

Ард түмэн ядуу байвал дуулгавартай байна гэдэг ойлголт хоцрогдож. Харин хэн баян байна, тэр хүнийг үзэж чадахаа байлаа. Баян намыг унагадаг, баян хүнийг үзэн яддаг, муулдаг боллоо. Нэг эх оронд төрчихөөд нэг хэсэг нь баялгийн хувь хүртээд алтанд умбаж байхад нөгөө хэд нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд ч өөд нар үзэхгүй бол өөр яах ч билээ. Тиймээс ч нэг айл, нэг нам баян байгаад нэмэргүй юм байна. Бүгдээрээ хувьтай байж л бүгдээрээ санаа зовно. Тэрнийгээ өөд татахын төлөө санаа тавина. Эрсдлээ өөрсдөө үүрнэ. Норвеги, Чили, Австрали, Арабын улсууд иргэн болгон нь баялгаасаа хувь хүртэж болоод байгаа юм. Бид яагаад болохгүй гэж.

Б.ДОНРОВ