Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдээс дахин хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон талаар ОБЕГ-аас мэдээлэв.

 

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт хоёр иргэнийг нас барьсан байдалтай олжээ. Одоо үлдсэн таван иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байгаа бөгөөд уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа тул уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм байна.

 

Эрэн хайх ажиллагaаны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байгаа бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагын нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна.