Монголчууд нэг үеэ бодвол юу ч хамаагүй ходоод руугаа хийгээд байдгаа больчихсон байна. Би сайн санадаг юм. Манай нутгийн ихэнх айл хятадын ясны гурил гэгчийг хүнсэндээ ашигладаг байв. Эвгүй үнэртэй, удаан идэхээр цээж гашуун оргиж, хорсуулдаг гээд сөрөг талуудыг нь хөгшчүүд ярьдаг байв.

Тухайн үед одоогийнх шиг олон төрлийн сонголт байдаггүй байсан биз. Лангуун дээр ямар хүнс байна түүнийг л авч, хүнсэндээ хэрэглэдэг байсан байх. Харин одоо та л хүсвэл эрүүл, зөв хооллох бүхий л боломж бололцоо, сонголтууд бүрдсэн байна. Эрүүл хооллолтын чиглэлээр танд туслаж, зөвлөх цахим хуудас, бүлэглэлүүд ч бий болжээ. Гэвч хэнэггүй, эсвэл мэдлэг, мэдээлэл дутмагаасаа болоод өвчин үүсгэгчийг хоол хүнсээрээ дамжуулан авсаар л байна. Үндэсний хэмжннгд харанга дэлдлээ.

 

Одоо яах ёстой вэ. Эхний ээлжинд мэргэжлийн байгууллагуудаас өвчин үүсгэгч болоод байгаа хүнсний болон хүнсний нэмэлтүүдийн талаар иргэдэд ойлгомжтой мэдээ мэдээллийг өгөх хэрэгтэй. Мэдээлэлтэй болсон иргэд хүссэн хүсээгүй тухайн бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлнэ.

Тухайлбал, бидэнд чимээгүйхэн аюул заналхийлж байгаа транс тос гэгч байна. Энэ нь ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу устөрөгчөөр баяжуулсан тос юм. Энэхүү тос нь судасны хананд очиж өнгөр үүсгэн наалдаж хуримтлагддаг болохыг эмч нар тогтоожээ. Дэлхийн улс орнууд хэдийнэ транс тосноос татгалзаад эхэлсэн. Хамгийн сүүлд АНУ-ын эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан тосыг 2018 оноос эхлэн огт хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Иргэнээ боддог нийгэмтэй улсад шийдвэрийг үндэслэлтэй, зоригтой гаргадаг юм байна. Хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг нь тогтоосон учраас ийм шийдвэр гаргасан хэрэг. Гэтэл манайд транс тос ямарч хяналтгүйгээр хүнсний хэрэглээнд байсаар л байгааг Эрүүл мэндийн болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын сонорт хүргэе. 

 

Транс тос нь олон өвчний эх үүсвэр болж байна 

 

Тос гэхээр бид лангуун дээр худалдаалагдаж буй "ургамлын тос”-ны хэмжээнд сэтгээд байж магадгүй. Гэвч транс тос маргарин, чипс, майонез, үйлдвэрийн боорцог, гурилан бүтээгдэхүүн, бялуу, вафли, кетчупаар дамжин бидний ходоодонд нэвтрээд байна. Мөн зарим төрлийн зайрмаг, түрхдэг шоколат, түргэн хоолны газрын шарах үйл ажиллагаанд хэрэглэдэг тос хэлбэрээр бидний эргэн тойрноос салахгүй янзтай. Нэг ёсондоо бид транс тосонд бүрэн бүслэгджээ. Одоо хоёр гараа өргөөд бууж өгөх үү, эсвэл тэмцэх үү гэсэн салаа зам дээр ирээд байна.

 

 

Та транс тосыг мэдэлгүйгээр хэрэглэвэл бидэнд юу тохиолдох вэ. Эрдэмтэд дараах тайлбарыг хийжээ. Зохиомол аргаар гаргаж авсан тос нь хүний судас нарийсгах, зүрхний шигдээс үүсгэх, чихрийн шижин, элэгний өвчин, хорт хавдар, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх, түрүү булчирхайн хорт хавдар, үргүйдэл зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдгийг тогтоосон байна. Тэгэхээр зөвхөн транс тосыг хэрэглэснээр ямар олон өвчнийг өөртөө тусгаж байгааг ойлгоход хүнд биш байгаа биз. Транс тосоор хийгдэж буй хамгийн их сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн нь маргарин. Маргариныг бид талханд түрхдэг масло гэж андуурах нь бий. Монголчууд маслог цөцгийн тос ч гэх нь бий. Тэгвэл энэ андуурлыг арилгах багахан мэдээллийг дор хүргэж байна.

 

Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж авсныг цөцгийн тос гэж нэрлэнэ. Энэ нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг дэмждэг төдийгүй бие дэх тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэвч дэлгүүрүүдэд зарагдаж буй цөцгийн тос гэсэн шошготой "масло” яг үнээний сүүг шүүсэн үү гэвэл эргэлзээтэй. Эндээс маргарин гэх үг гарч ирнэ. Маргарин бол химийн найрлагаар гаргаж авсан тос юм. Чухам ямар орц найрлагатай болохыг химичид л илүү сайн тайлбарлах байх. 

Наполеон ядуусаа тэжээхээр маргариныг бүтээлгэж байсан 

 

Википедияд бичснээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс гэжээ. 1860 онд Францын эзэн хаан Наполеон армийн болон ядуу ардуудын хүнсний хэрэглээг хангах зорилгоор цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан харамж өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь өртөг өндөртэй байж. Энэ үед Ипполит Меже-Мурье гэх франц химич шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулж, Наполеоны шагналыг хүртэж байжээ.

 

Цөцгийн тосыг орлогч хямдхан холимог нь гялтганасан өнгөтэй байсан учир грекээр сувд буюу маргаритарион гэдэг нэр өгсөн байна. Сайхан түүхтэй боловч энэ нь хүний биед шууд сөргөөр нөлөөлж болохуйц аюултай хүнсний бүтээгдэхүүн байв. Өөрөөр хэлбэл, устөрөгч гүйлгэсэн тосны нэгдлийг задлах фермент хүний биед байдаггүй учир шингэхгүйгээр судасны хананд наалдаж, хуримтлагдсаар байдаг байна.

 

АНУ-ын эрдэмтэн, хоол судлаач Роберт Аткинсын 1999 онд хэвлүүлсэн "Доктор Аткинсын био нэмэлтүүд” номны "Маргарин л биш шүү” бүлэгт "би маргарин эрүүл мэндэд ямар их аюултай вэ гэдгийг 1970 онд анх мэдсэн. Тэр цагаас хойш маргарин агуулсан юу ч идэхээ больсон” гэж бичжээ. Ер нь дэлхий ертөнц маргаринаас татгалзаад эхэлсэн. Гэвч Монголд үүний учрыг төдий л сайн ухаарч ойлгохгүй байсаар байна.

 

Маргарин ерөнхийдөө цагаан өнгөтэй. Үүнийг шар болгохын тулд будагч бодис ашигладаг. Мөн үнэр, амт оруулагч хүртэл нэмдэг. Наполеон ядуу буурай иргэдээ болон цэргийнхээ хоол хүнсний зардлыг бууруулахаар захиалгаар ийм тос оруулагчийг бүтээлгэж байсан. Тухайн үедээ зардлаа хэмнэж байсан ч гарсан сөрөг үр дагавар нь аюултай. Одоо дэлхийн улс орнууд ядаж хоол хүнсээрээ өвчин авдаг явдлыг таслан зогсоохоор тэмцэж байна. Гэвч ядуу буурай орнууд хүнсний нэмэлт орсон хямд бүтээгдэхүүнийг худалдан авсаар байгаа. Бид ч тэдний тоонд ордог. Олон мундаг сүлжээ дэлгүүрүүд манайд байгаа ч лангуун дээр нь өрсөн бүтээгдэхүүндээ ямарч эрүүл ахуйн шаардлага тавьдаггүй. Е тэмдэглэгээтэй, хорт хавдар үүсгэгч хүнсний нэмэлт орсон бүтээгдэхүүнүүдийг рекламдан худалдсаар байна.

 

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа транс тосны хор хөнөөлийн талаар анх танилцуулж, асуудал дэвшүүлж, олон нийтийн анхаарлын төвд оруулж байсан. Гэвч түүнээс хойш транс тосны хэрэглээг багасгах чиглэлээр хийгдэж буй дорвитой арга хэмжээ алга. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэд хэдэн удаагийн анхааруулга, зөвлөмж хүргэж байж. Тэгвэл бид одоо яах ёстой вэ.

 

 

Л.Тамир

undesten.mn