Лондонд болдог, жил тутмын чуулгандаа цуглаж буй төмөрлөг, уул уурхайн үйлдвэрлэлийн төлөөлөгчид үнэт таваартай ирцгээлээ. 

Хөрөнгө оруулагчдад "борлуулах" уг "таваар" бол хүрээлэн буй орчинд хал балгүй сайхан ирээдүйн тухай яриа. Олон жилийн турш зардлаа танаж, тайлан тэнцэлдээ засвар оруулж ирсний эцэст төмөрлөг, уул уурхайн үйлдвэрлэл ногоон эрчим хүчний хувьсгалд гүйцэтгэх үүрэгтээ илүү анхаарахаар шийдэв. Учир нь цахилгаан хөдөлгүүрт автомашин, зай хураагуурын технологид ч газраас ухаж гаргадаг таваар нэн чухал байгаа юм.

“Энэ удаагийн чуулган сүүлийн хэдэн жилд тохиолдож байгаагүй өөдрөг уур амьсгалтай өнгөрөх нь тодорхой” хэмээн BMO Capital Markets-ийн Колин Хэмилтон тайлбарлав. Тэрбээр долоо хоногийн яриа хэлэлцээний гол сэдэв цахилгаан машин гэсэн бодолтой байгаа юм.

Дэлхийн эдийн засаг сэргэж, манай гарагийн таваарын гол хэрэглэгч Хятадад ханган нийлүүлэлтийн шинэчлэл өрнөсөнтэй уялдан аж үйлдвэрийн төмөрлөгийн үнэ он гарсаар 20 гаруй хувиар өслөө.

Лондоны металлын биржийн долоо хоногийн анхаарлын төвд никель байх талаар шинжээчид таамаг дэвшүүлсэн. Зай хураагуур үйлдвэрлэдэг том компаниуд бүтээгдэхүүнийхээ хүчин чадлыг өсгөх үүднээс никелийн орц ихтэй шинэ загвар гаргаж буйн ачаар цахилгаан машинд шаардлагатай ханган нийлүүлэх сүлжээнд уг металл улам бүр чухал болж хувирав. Илүү багтаамжтай зай хураагуур нь цахилгаан хөдөлгүүрт автомашин нэг удаагийн цэнэгээр туулах зайг уртасгаж байгаа юм.

Wood Mackenzie-ийн судалгаагаар цахилгаан машинд шаардлагатай никелийн эрэлт 2016 онд 40 мянган тонн байсан бол 2025 онд 220 мянгад хүрэх төлөвтэй. “Хорвоо ертөнцийн анхаарал юунд чиглэж байгааг л харууллаа. Цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх тусам зэс үнэд орно гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ л зэс хамгийн чухал нь биш” хэмээн шаргал металлын трейдер, “ноён Зэс” нэрээр алдаршсан Жеффри Сэмбрүүк тайлбарласан юм.

Лондоны металлын биржийн ажлын группт багтаж буй зай хураагуур, автомашин үйлдвэрлэгч, олборлогчдыг хамарсан 70 орчим компани энэ долоо хоногт литий, кобальтын шинэ фьючерс гэрээ байгуулна. “Зай хураагуурт ордог металлууд зах зээлийн нөхцөлийг өөрчилж байна. Өсөлтийн гэрэлт ирээдүй төмөрлөг үйлдвэрлэгчдийг хүлээж байгаа нь таатай хэрэг” хэмээн дөрөвдүгээр сараас Лондоны металлын биржийн ерөнхий захирлаар ажиллаж буй Мэтью Чэмберлен тайлбарлав.

Ган төмөрлөг гальванжуулахад ашигладаг цайр ч улам чухал болж хувирлаа. Цайрын нийлүүлэлт нь уг таваарын гол үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 2015 оны эцсээр 30 гаруй хувиар багасгасан Glencore- оос ихээхэн хамаардаг.

Энэ хооронд цайрын үнэ 90 гаруй хувиар өссөн тул Glencore чухам хэзээнээс үйлдвэрлэлээ сэргээх нь чухал асуулт боллоо.

Хөнгөн цагааны хувьд БНХАУ энэ жил хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор хөнгөн жинтэй металлын ханган нийлүүлэлтээ үлэмж бууруулсан. Тус улс хууль бус үйлдвэрлэгчдийг нухчин дарж, зүүн хойд Хятадын үйлдвэрүүдийг өвлийн улиралд ажиллахыг хориглов. Хятадын дотоодод хөнгөн цагааны үйлдвэрлэл буурснаар гадаад зах зээлд уг таваар 1.9 сая тонноор хомсдох нөхцөл бүрдээд байгааг CRU Group-ийн шинжээч Ион Динсмор тооцоолжээ. “Ирэх 2018 онд хөнгөн цагааны үнэ хэр өсөх нь толгой өвтгөсөн асуулт” хэмээн ноён Динсмор анхааруулсан юм.

Хэнри Сэндерсон, Нил Хьюм

Засгийн газрын мэдээ