Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга У Ян Соб, Солонгосын сүрьеэгийн судалгааны хүрээлэн /KIT/-ын хэлтсийн дарга Чой Хун Жу, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол даь төсөл хариуцсан мэргэжилтэн Ким Жи Юун, мэргэжилтэн Ким Кён Юүн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн  хүрээнд Чингэлтэй дүүргийн  1-19 хороодын амьжиргааны 1-10 дугаар түвшний  11900 хүн амыг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулах үзлэг шинжилгээг өнгөрсөн 9 дүгээр сард зохион байгуулсан.

Үзлэгийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн дижитал рентген аппаратыг ашиглан мэргэжлийн дүрс оношилгооны эмч, рентген техникч болон сувилагчдаас бүрдсэн баг иргэдийг үзэж оношлосон юм.

Цаашид Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтын ажиллагаатай байж хүн амын дундах сүрьеэгийн илрүүлгийг идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.