Уул уурхайн бодлого судлаач, Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторантур Г.Дамдиннямтай ярилцлаа.

Монголын уул уурхайн засаглалын өнөөгийн дүр зургийг үнэлбэл ямар байдалтай байна вэ?

-Улс орнуудын уул уурхайн засаглалыг Байгалийн баялгийн засаглалын олон улсын хүрээлэн, Канадын Фрейзерийн институт гэсэн хоёр байгууллага үнэлж байна. Манай орны уул уурхайн засаглал дундаас доогуур үнэлгээтэй явдаг. “Маккензи” институтийн 2014 онд хэвлүүлсэн судалгаанд дэлхийд ойролцоогоор 100 орон байгалийн баялагт суурилсан эдийн засагтай гэж дурджээ.

Манай төмөр замын төслийн судалгааг хийсэн “Маккензи” компани биш шүү. 100 орны дундаас хойгуур яваа гэхээр уул уурхайн засаглал сул гэсэн үг. Монголын байгалийн баялгийн засаглал ямар вэ гэхээр зарим хүн муу гэсэн ерөнхий үнэлгээ өгдөг. Ямар нэгэн зүйлд суурилж, үнэлгээ өгөх ёстой. Шинжлэх ухааны үндэслэлтэй, тогтсон аргачлалаар тогтмол гаргадаг үнэлгээгээр сул гэсэн дүн авч байгаа хэрэг.

-Уул уурхайн засаглалын хамгийн чухал үзүүлэлт юу байдаг бол?

-Баялгийг олон нийтэд тэгш хүртээх боломж олгож байна уу, энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг хэрхэн өргөдөг вэ, ингэхдээ сайн засаглалын хүрээнд хэрэгждэг үү гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт. Дарангуйлагч төр иргэн бүртээ мөнгө тараадаг байж болно. Туркменистан, Саудын Арабын жишээг дурдаж болно. Эдийн засаг, нийгмийн байдлаа өргөдөг үү гэвэл үнэн.

Гэхдээ эрх чөлөөгүй учраас сайн засаглал гэж үзэх боломжгүй. Манайд эрх чөлөө байгаа ч сайн засаглал алга. Монгол туулах ёстойгоо туулаад л явж буй, баялагтай орны нэг. Баялагтай улс орнууд бидний туулж буй замыг дайраад өнгөрсөн байдаг. Тойрох аргагүй юм шиг байна лээ. Байгалийн баялгийн засаглалын асуудалд олон нийтийн оролцоо сул байсан. Одоо сайжирч байна. Байгалийн баялгийн засаглал гурван талын оролцоонд тулгуурладаг.

Төр, засаг, ард иргэд, компани гэсэн гурван талын тэгш эрх дээр тогтдог юм. Аль нэг нь давуу эрх эдлээд эхэлбэл засаглал бурууддаг. Дан ганц төр, засаг, эсвэл компаниуд удирдаад байвал буруу засаглал болно. Хоёр нь нийлээд нэгийгээ шахаад байвал бас буруу.

-Уул уурхайн замбараагүй засаглал эмх цэгцэндээ ортол тодорхой хугацаа шаардах байх. Цэгцрэх хугацааг нь богиносгох арга бий юү?

-Судалгаанаас харахад байгалийн баялагтай орнуудын алдсан, оносныг бусад нь дагасан байдаг юм. Хугацааг нь богиносгож болно гэсэн бодол төрдөг. Түүнээс биш алгасаад өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Баялгийн сан байгуулах гээд бид яаж алдлаа. 2006 оноос байгалийн баялгийн сан байгуулахаар ярьж эхэлсэн. Ингээд 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан.

Энэ сан нэг их наяд төгрөгийн өр үлдээгээд дампуурлаа. Богино хугацаанд сайн засаглалтай болох, эсэх нь иргэдийнх нь мэдээлэлжсэн байдал, төр, засаг, компаниудынх нь алсын хараатай үйл ажиллагаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл, гурван оролцогч талын үр дүнтэй хамтын ажиллагаанаас хамаардаг гэсэн үг. Хамгийн гол нь иргэдийнх нь зөв оролцооноос ихээхэн зүйл шалтгаална. Буруу оролцвол хугацаа нь улам л сунана.

Иргэд нь англи хэл сурч буй 80 гаруй улсаас манайх 70 орчимд жагссан байна лээ. Англи хэл бол дэлхийн мэдээлэлтэй холбогдох гүүр. Иргэд нь англи хэлтэй, өндөр боловсролтой байвал бусад улс оронд ямар үйл явдал өрнөсөн, юуг алдсан, оносон, яаж зөв оролцох ёстойгоо мэднэ. Ингэвэл иргэд төр, засгаа зөв талаас нь шахах юм. Мөн зөв үзэл бодолтой улстөрчийг сонгоно. Үүнээс хамаарч туулах замын урт, богино нь хэмжигдэнэ. Манай орон урт зам туулах болов уу.

-Яагаад урт зам туулна гэж?

-Уул уурхайн хоёрхон төсөл хөдөлгөж чадахгүй удаж буй нь хангалттай үндэслэл гэж бодож байна. Хоёр байгууллагын үнэлгээгээр дундуур явж байгааг дурдсан. Тэгэхээр дундаж хурдтай явж байна гэж ойлгодог. Бүр ч мөлхөөгүй гэсэн үг. Би үүнээс илүү хурдтайгаар засаглалаа сайжруулах боломжтой гэж үздэг. Манай орны өгөгдөл маш өндөр.

Чөлөөт худалдаатай, дэлхий нийттэй холбогдсон, олон улсын хөрөнгө оруулалт татсан, иргэд нь бичиг үсгийн өндөр чадвартай, нэг үндэстэн давамгайлсан, эв найрамдалтай улс хэтэрхий удаан сайжирч байна. Энэ нь өгөгдлөө ашиглаж чадахгүй байгаатай холбоотой.

-Өндөр өгөгдлөө олж харахгүй байна уу. Эсвэл мэдэж байгаа ч уул уурхайн засаглалаа сайжруулахыг хүсэхгүй байна уу?

-Зөв чиглүүлэгчгүй байна. Баялагтай улсад тохиолддог хамгийн том бэрхшээл нь иргэд нь зүгээр сууж байгаад мөнгө авах сонирхолтой болдог явдал. Ерөнхийлөгчийн институцээс байгалийн баялгийг иргэдэд өгөх санаа цухалзуулж эхэллээ. Хөдөлмөр шингээхгүйгээр иргэдэд баялгийг тэгш хуваарилна гэж тайлбарлаж байгаа нь маш буруу. Ингэж яриад байвал юу ч өөрчлөгдөж, байрнаасаа хөдлөхгүй.

Уул уурхай бол хүний хөдөлмөр, нэмүү өртөг шингээж байж үнэ цэнэ бүтээдэг үйлдвэрлэл. Баялгаа эхлээд мөнгө болгох ёстой. Түүний дараа ямар ч бизнест хөрөнгө оруулж болно. Түүнээс биш алаагүй баавгайн арьсыг хуваасан гэдэг шиг газрын хэвлийд байгаа нөөцийг тараана гэж ярьж болохгүй. Хөдөлмөр шингээгүй баялгийг өнөөгийн дэлхийн зах зээлийн үнээр үржүүлээд, та нарт ийм их мөнгө өгнө гэж яриад байвал иргэд нь ажил хийхээ больчихдог юм.

-Та түрүүнд баялгийг тэгш хүртээх санаа хөндсөн. Ерөнхийлөгч ч гэсэн ийм санаачилга гаргасан гэж ойлгосон. Тэгэхээр нэг саналтай байгаа юм биш үү?

-Би баялгийг тэгш хүртээх боломжийн тухай хөндсөн. Боломж гэсэн ойлголтыг анхаараарай. Боломж гэдэг бол хүн бүрт баялгийг тэгш хуваарилж өгөөд идүүлж, уулгаад дуусгана гэсэн үг биш. Баялгаас гарах эдийн засгийн үр өгөөжийг бүгдэд нь тэнцүү хүртээх боломж бүрдүүлэх хэрэгтэй гэсэн санаа.

Боломжоо хэрхэн ашиглах нь хувь хүний чадвар, чадамжаас хамаарна. Хүн бүрийн чадвар, чадамж адилгүй. Хүн бүр өөрийн чаддаг зүйлийг хийгээд баялгийн үр ашгаас хүртээд тайван амьдрах боломж бүрдүүлэх ёстой. Бүх баялгийг төр гартаа бариад, иргэддээ тарааж өгөх ойлголт биш.

-Төр нь баялагтаа дулдуйдаад, иргэддээ тарааж өгөөд баларсан жишээ байна уу?

-Венесуэл бэлэн жишээ болж байна. Дэлхийн хамгийн арвин, Саудын Арабаас ч их газрын тостой орон. Тэднийх бүх иргэндээ мөнгө тараасан. Аргентин, Туркменистан ч ялгаагүй мөнгө тараасан. Бараг бүгд ийм алдааг давтаж өнгөрдөг.

-Манай улстөрчид ч иргэн бүртээ мөнгө тараасан.

-Тарааж дуусаагүй ээ. Дөнгөж эхэлж байна гээд ойлгочих. Уул уурхайн засаглал сайтай гэж бидний ойлгодог Австрали улс, Канадын Альберто муж хүртэл мөнгө тараасан байдаг. Бид сайн талыг нь хараад байгаа болохоос биш, уул уурхайн зөв засаглалтай гэдэг орнууд ч алдсан л байхгүй юү. Байгалийн баялгаас өөр зүйлд толгой нь ажиллахаа больсон олон жишээ бий.

Хэрэв байгалийн баялаг, уул уурхайг бэлэн мөнгө гэж харвал баларна. Уул уурхайг нэмүү өртөг шингээдэг үйлдвэрлэл, салбар гэж харахгүй бол олсон мөнгийг нь хувааж идээд дуусгана. Уул уурхайгаас мөнгө ол, түүнийгээ эдийн засгаа төрөлжүүлэх буюу бусад салбараа хөгжүүлэхэд зарцуул. Төрийн бодлого үүнд чиглэх ёстой юм. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал ч юм уу тодорхой салбартаа хөрөнгө оруулах ёстой. Төр нь бүх баялагтаа эзэн суугаад үр дүнтэй ашиглана гэдэг хэцүү.

-Уул уурхайн том төслүүдээ хэрэгжүүлэхэд төр оролцох ёстой гэх үзэх хүмүүс бий. Тэгвэл хувийн хэвшилд даатгаад татвараа л хураах хэрэгтэй гэж үздэг хэсэг байдаг. Аль нь оновчтой вэ?

-Юуны түрүүнд хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. Уул уурхай бол газрын тосны салбар биш. Нийлүүлж ойлгоод байдаг юм. Бас байгалийн хийн салбар биш. Бид өөрсдийгөө байгалийн хий, газрын тостой орнуудын бодлоготой ижилсүүлж ярьдаг. Байгалийн хий, газрын тосоор баян орнууд дарангуйлагч төртэй, эсвэл маш сайн засаглалтай байдаг. Сайн засаглалтай нь цөөн.

Зөвхөн уул уурхайтай, өөрөөр хэлбэл, эрдэс түүхий эдээ ухаж аваад, боловсруулдаг орнуудын төрийн өмчийн компани амжилттай ажилласан дөрөвхөн жишээ байдаг. Төрийн өмчит хэдэн мянган компани ажиллаж байгаа шүү дээ. Төрийн өмчит компани уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээр авлигад идэгдээд, улс дотор улс үүсдэг. Ямар ч хяналт тавих механизм байдаггүй. Манай “Эрдэнэс Тавантолгой” компани ийм л замаар явж байна. Нүүрсээ зах зээлийн үнээс доогуур зарсаар л байгаа.

Төрийн өмчит компани хэмнэхээ мэддэггүй. Манай Эрдэнэтийн хэмжээтэй ордоос ижил аргачлалаар зэс олборлодог 800 ажилтантай компани бий. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” 6000 ажилтантай. Дуучин, бүжигчин, бөх цалинжуулдаг. Тэдгээрийн нийгмийн хангамж, цалин хөлсөнд зарцуулдаг мөнгийг өөр бизнест оруулбал эдийн засгийн илүү үр дүн гарна. Уул уурхайн төслийг төр хэрэгжүүлбэл ийм л бантан болдог юм.

Манайхан “Эрдэнэс Монгол” компанийг “Темасек”-ийн загвараар өөрчилнө гэж яриад л байна. Тэр нь уул уурхайн төсөл хэрэгжүүлдэггүй компани. Уул уурхайн компани энгийн компаниас өөр араншинтай байдаг. Би “Темасек”-ийн загвараар өөрчлөөд сайжирна гэдэгт итгэдэггүй.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн буруу замаар явж байгаа алдаа юу вэ?

-Төр уул уурхайн компанийг мэдэлдээ байлгах гэж байгаа юм бол ямар чиглэлээр ажиллуулахаа тодорхойлох ёстой. Хэрэгжүүлэгч, лиценз эзэмшигч, олборлогч байх уу гэх мэт компанийн таван янзын төлөв бий. Эдгээрийн аль нэг байвал төрийн мэдэлд ажиллаад байх боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” лиценз эзэмшээд, төлөвлөөд, өөрийгөө хянаад, нүүрсээ зараад, зардал гаргаад явж байгаа. Энэ нь бүх зүйлийг будлиулах боломжийг бүрэн олгоно.

Нүүрсээ хямд үнээр зарж буй нь үүний бодит жишээ. Нүүрсээ яагаад ядаж угаагаад зарж болдоггүй юм бэ. Үр өгөөж гэхээсээ өндөр зардал гарч л байвал удирдлагуудад нь сайн. Өндөр зардал гарах тусам мөнгө “цавчих” боломж олдоно. Нүүрсээ сорчилж олборлоод байгааг нь судлаачид шүүмжлээд эхэлсэн. Сайн нүүрсээ чанар муутай нь хольж борлуулбал ордыг ашиглах хугацаа уртасна.

Зөвхөн сайн чанарын нүүрсээ зараад дуусгавал, үлдсэн нь эдийн засгийн үр ашиггүй болоод уурхайгаа хаахад хүрнэ. Овор ихтэй бүтээгдэхүүнийг зарахад өртөг багатай тээвэр чухал. Мөн урт хугацаатай тогтвортой үнэ барьсан гэрээ амийг нь авардаг. Уул уурхайн түүхий эдийн үнэ 8-12 жилийн давтамжтайгаар унаж, босдог. Тээврийн өртөг өндөр, урт хугацааны тогтвортой үнэтэй гэрээ байхгүй гэх мэтээр үйл ажиллагааны нарийн алдааг хөндөөд байвал их цаг зарцуулна. Маш муу засаглалтай компани.

-“Эрдэнэс Тавантолгой”-д компанийн ямар төлөв тохирно гэж бодож байна вэ?

-Зөвхөн лиценз эзэмшдэг холдинг компани байж болно. Операторууд оруулаад нүүрсээ олборлуулдаг, зарахыг нь ч өөр компани хийдэг байх ёстой. Зэсийн зах зээл шиг загвартай болгох ёстой гэсэн үг. Зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бүх компанийн бүтээгдэхүүнийг “Клинкор” борлуулдаг. Уул уурхайн түүхий эдийн зах зээл аль хэдийнэ төрөлжсөн.

Олборлодог, борлуулдаг, хайдаг компаниуд бий. Хайгуул хийхэд нь хөрөнгө оруулдаг компаниуд ч бий. Чаддаг чаддагаа хийх хэрэгтэй. Нэг компани бүгдийг нь хийх гэвэл чадахгүй. Хамгийн хямд үнэ санал болгосон компанийг ажиллуулах хэрэгтэй. “Энержи ресурс” компани “Thiess”-ийг ажиллуулаад илүү үр ашигтай ажиллаж байна. Харьцуулбал “Эрдэнэс Тавантолгой”-нхоос “Энержи ресурс”-ийн ашигт үйлийн коэффицент нь илүү байгаа. Эндээс төрийн өмчийн компани ард түмний баялгийн төлөө үнэхээр санаа зовж байна уу гэсэн логик харагдана.

Нүүрсийг нь өндөр зардлаар сорчилж олборлоод, хямд үнээр борлуулахаар хайран баялгийг үрэн таран хийж байгаа хэрэг биш үү. Төрийн өмчит компани баялгийг хэр үр ашигтай ашиглаж байгаа, эсэхийг судлах хэрэгтэй. Хувийн компани өндөр ашиг олохоор баяжаад сүйд болно гэж бодож байна уу. Их ашиг олох тусам өндөр татвар төлнө. Их зардал гаргаж, бага ашиг олох тусам бага татвар төлнө. Эцсийн дүндээ хэн нь ард түмний төлөө ажиллаж байна вэ.

-Манай бодлого яагаад буруу байна вэ?

-Бодлогыг хэд хэдэн янзаар ойлгодог. Манайхан шийдвэр гаргах үйл явцыг бодлого гэж ойлгодог. Манай шийдвэр гаргах үйл явц буруу учраас буруу бодлого гарч таарна. Хувийн хэвшлийн компанийн шийдвэр гаргах үйл явц зөв байгаа учраас ашигтай ажиллаж байгаа юм. Маш товчхондоо ийм.

-Болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар нэлээд ярилаа. Уул уурхайн засаглалд бага ч гэсэн гэрэл гэгээ гарч байгаа байлгүй.

-Уурхайн хаалт, ашиглалтыг уртасгах тухай ярьдаг боллоо. Дэлхийн хэмжээний том компаниуд орж ирээд, тухайлбал, “Оюутолгой”-гоос эхлээд иргэдийн зөв оролцооны тухай ярьдаг болсон байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хамгийн сайн гишүүдийн нэг болж.

Одоо зөвхөн компанийн биш, хамгийн их ашиг хүртдэг эздийнх нь нэрийг зарлах хууль батлахаар яригдаж байна. Энэ бол дэвшил, сайн хэрэг. Иргэд мэдээллийг ашиглаж, уул уурхайн засаглалыг сайжруулахаар шахахгүй байгаа нь алдаа болж байна.

-Уул уурхайн засаглал, өнөөгийн замбараагүй байдлыг сайжруулахад ямар алхам хийх нь чухал вэ?

-Засах аргачлал нь иргэдийн зөв оролцоог хангах. Иргэдийн зөв оролцоог хангахын тулд төр, засаг, компани туслах ёстой. Уул уурхайн компанийн удирдлага төр, засаг, популист иргэд ойлгохгүй байна гэдэг. Иргэд нь муу луйварчид бүгдийг нь аваад явчихлаа гэдэг. Төр, засаг нь зохицуулах үүргээ хийж чадахгүй, олон сонгогчтой тал руу нь налдаг. Монголд ийм л байдал үүсчихээд байгаа.

Мэдээлэл сайтай, чадвартай хүмүүсийг цуглуулж чадсан тал нь санаачилгыг гартаа авдаг юм. Энэ бол Канад, АНУ, Австралийг ч дайрсан бэрхшээл. Үүнийг давахын тулд компаниуд төр, засагтайгаа хамтраад олон нийтийг гэгээрүүлэх ажил хийсэн байдаг. Иргэдэд зөв ойлголт өгч байж зөв оролцоо бий болдог.

Канадын Бритиш Колумб, Австралийн Күинслэнд, АНУ-ын Аризона гэх мэт уул уурхайн шилдэг хөтөлбөртэй их сургууль төгсөгчдөөсөө салбараа олон нийтэд ойлгуулах чадварт суралцахыг шаарддаг болсон. Энгийнээр хэлбэл, чиний хоолоо олж идэх салбар учраас чамаас өөр хэн ч аврахгүй, тиймээс бодитоор ойлголт түгээ гэдэг болсон. Иргэд ойлгодоггүй учраас эсэргүүцдэг.

Манай салбарынхны хийх хамгийн том ажил иргэдэд зөв ойлголт төрүүлэх. 2004-2014 онд уул уурхайн төсөлтэй холбоотой иргэдийн эсэргүүцэл найм дахин өссөн. “Оюутолгой” нэг өдөр зогсоход хэдэн сая ам.доллар алдана. Ингэвэл зөвхөн “Оюутолгой” компани биш, Монгол Улс нэг өдрийн татвар, иргэд боломжоороо хохирно. Бүгд хохирно гэсэн үг.

Тэгэхээр ойлгож буй хэсэг нь бусдадаа ойлгуулахыг хичээ, оролд. Ингэх аргачлал бий. Сүүлийн үед хайгуулын компани нийт зардлынхаа 60 хувийг олон нийтэд зөв ойлголт төрүүлэхэд зарцуулдаг болсон статистик бий.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn