Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж нар болон бусад аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Цэрэг спортын “Дөл” тэмцээн дүүрэгт жил бүр Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулагдаж, 2 жил тутам нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж баг тамирчид тогтмол амжилттай оролцож ирсэн. Тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж нар тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын байр, тэмцээний бэлтгэл сургуулилттай танилцаж, шаардлагатай амин дэм, бусад бүтээгдэхүүнийг гардуулж амжилт хүслээ.