1998 оны дөрөвдүгээр сарын 17. Ерөнхий  сайд М.Энхсайханы тэргүүлсэн “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барив. Энэ бол сөрөг хүчин бус журмын нөхөд нь танхимаа огцруулах нь зүйтэй гэж үзсэний үр дүн байлаа. Өөрөөр хэлбэл эрх баригч МҮАН, МСДН-ын удирдлагын түвшинд ярьж тохирсон улстөрийн шийдэл биеллээ олсон гэсэн үг. Дөрөвдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө МҮАН-ын Ерөнхий зөвлөл хуралдаад л ийм шийдвэр гаргасан гэдэг. Гарцаагүй унах нь тодорхой болсноо мэдэрсэн М.Энхсайхан яаран сандран “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар хууль ёсны Засгийн газрыг огцруулах санаархлаа надад тулгасан. Улмаар энэ санаагаа МҮАН-ын Ерөнхий зөвлөлөөр дэмжүүлэхийг оролдож байна” гэсэн утгатай мэдэгдлээр эсэргүүцлээ илэрхийлэв. Гэвч Засгийн газар нь аврагдах боломж хэтэрхий оройтсон байлаа. Эрх баригч намын удирдлагууд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар шийдвэрээсээ буцсангүй. Намын шийдвэр гал, ус шиг  хүчтэйг М.Энхсайхан тэргүүтэн яс махандаа тултал ойлгосон биз ээ. Тэр цагаас хойш ерөнхийдөө голлох байр суурьтай намын удирдах дээд байгууллага асуудлыг хэрхэн дүгнэнэ, байдал тэгж шийдэгдэх нь хэвийн үзэгдэл болсон юм. Нэг ёсондоо  1998 оноос эхлээд төрийг нам жолооддог тогтолцоогоо руугаа аажмаар буцаж эхэлсэн нь тэр байжээ. Үүгээр ч зогсохгүй “УИХ-д  олонхи болсон намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн  “хууль” үйлчилж эхлэв.

             “Ардчилсан холбоо” эвслийн гуравдахь Ерөнхий сайдаар Ж.Наранцацралтыг томилогдоход Ц.Элбэгдорж түүнд МҮАН-ын даргын тамгаа шилжүүлж байлаа. Р.Амаржаргал ч гэсэн цөөхөн сар засаг толгойлохдоо намын даргынхаа ажлыг давхар хашиж үзсэн.

            Тэгвэл 2000 оны УИХ-ын  сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН (МАН) “Парламентад олонхи болсон намын дарга Ерөнхий сайд байна” гэдэг олдмол зарчмыг  хуульчлах асуудлыг 2001 он гарахаас хэдхэн сарын өмнө ярьж эхлэв. Тэгэх тэгэхдээ тайлбар хийх аргаар Үндсэн хуульд  өөрчлөлт оруулан байж энэ зорилгодоо хүрэхээр зүтгэв. Зарим улстөрчдөөс гадна хуульч, нийгмийн зүтгэлтэн гээд цөөнгүй хүн эсэргүүцсэн ч галт тэрэг хэдийнэ хөдөлжээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Үндсэн хуульд гар дүрэх нь ямар ч утга учиргүй зүйл. Гэтэл сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байхаар сая тулгуур хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Энэ бол засаглалын эрх мэдлийг хуваарилах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилж 1960 оны Үндсэн хуулийн зарчим руу ойртууллаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь эрхзүйт төрийн тогтолцоог эрх баригч намын ноёрхолын тогтолцоонд шилжүүлсэн ноцтой үр дагаварт хүргэхээр боллоо. Төрийн хэргийг төрийн хуулиар биш эрх баригч нэгэн намын дүрмээр хөтлөх болох нь ээ. УИХ-ын гишүүд нь эрх баригч нэг намын шийдвэр бодлогыг төрийн шийдвэр болгон хувиргагчид байх гэж үү?” гэж юм бодогдвол бодогдохоор дуугарч байсан. Гэвч эрх мэдэлтнүүд нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрсөн. Хамгийн сонин нь тав зургаан намын нэгдлийн үр дүн болох АН асуудалд дэмжигчийн байр суурь хандсан гэгддэг.

        МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээс улстөрийн нүүдэл, Засгийн газрын хувь заяа хамаардаг болсон жишээ дэндүү олон. Цөөхнийг онцлоё:

         -2006 он гараад тун удаагүй байлаа. 2004 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хоёр жилтэй дөнгөж золгоод байсан үе л дээ. Гэтэл нэг л өглөө эвслийн бүрдүүлсэн танхимыг огцруулах нь зүйтэй гэдэг дүгнэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хийж орхив. УИХ дахь МАН-ын гишүүд ч намынхаа дээд удирдлагуудын шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болов. Ц.Элбэгдорж Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж гуйж үзээд бараагүй. “Шийдвэр нэгэнт гарсан. Буцах тухай яриа байхгүй” гэдэг хариуг хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд болох МАН-ын шинэ дарга М.Энхболд өгөв. 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Ц.Элбэгдорж явж, эвслийн Засгийн газар түүх болов.

        -2007 оны 10 дугаар сард хуралдсан МАН-ын 25 дугаар Их хурлын төлөөлөгчид “Намын дарга Ерөнхий сайд байх нь зүйтэй” гэдэг тогтоолыг батлав. Улмаар 12 сарын 05-нд тус намын шинэхэн дарга С.Баяр УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Ерөнхий сайдаар томилогдож, МАН-ын даргаасаа мултарсан М.Энхболдын Засгийн газар (Үндэсний эв нэгдлийн хэмээх гоё тодотголтой)-ын  бүрэн эрхийн хугацаа дуусав. Улстөрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөж эхлэв. 

        -МАН 2008 оны сонгуулиар  45 суудал авч олонх болсон нь хэлтэй амтайхан хүлээн зөвшөөрөгдсөн ч гэлээ МАН-ын шийдвэр гаргагч ноёд хамтарсан Засгийн газар байгуулах нь зөв гэж үзэв. Энэ бол МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн далд тохиролцооны үр дүн байлаа. Гэвч 2012 оны УИХ-ын сонгууль болохоос жил ч хүрэхгүй хугацааны өмнө АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг АН хамтарсан Засгийн газраас гарах болсныг зарласан. Энэ бол мөн л АН-ын бусад бүлэглэлүүдийн шахалтаар хийгдсэн алхам бөгөөд Гүйцэтгэх зөвлөлөөс нь гаргасан  шийдвэр байлаа.  

   Үүнээс үзвэл төр засгийн дээр намын шийдвэр ноёлдог хуучин нийгмийн зарчим ардчиллын 27 жилд ч үйлчилж байсан нь үндсэндээ тодорхой харагдана. Харин 2016 оны сонгуулийн дараа улстөрийн тогтсон өнгө, чиг хандлага өөрчлөгдөх  төлөв ажиглагдав. Эрх баригч намын Удирдах зөвлөл нь Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч өөр ашиг сонирхол бүхий журмын нөхөд нь удирдах дээд байгууллагынхаа шийдвэрийг тас зөрж мэргэжлийн гэгдэх танхимынхаа хувь заяаг эргүүлж дөнгөв. Үүнээс болоод МАН-ын УИХ дахь гишүүд хоёр хуваагдсан бөгөөд одоо хэр талцсан дүр зураг ажиглагдсан хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлага, удирдах бүтцийнхээ үгээр явдаг “аялдан дагагчид”-ын эсрэг тодорхой эрх ашиг, зорилгын төлөө намынхаа нэр хүндээр дэнчин тавигч “эрэмгий зоригтнууд” төрөн гартлаа эрх баригч МАН-ын дотоод асуудал  өөрчлөгдөв. МАН-ын удирдах байгууллага л улстөрийн бодлогоо тодорхойлдог тогтолцоог хэсэг нөхөд нь ийнхүү хазаарлав. Энэ хоёр том ашиг сонирхол хэрхэн учраа олохоос тус намын ирээдүй хамаарах болоод байх шиг байна. Гэхдээ талууд намын даргын төлөө өөр өөрсдийнхөө хүнийг амь тавин зүтгүүлж байгаа нь хуваагдал мөддөө үргэлжлэхийн цондон ч байж болох.

 Юутай ч эрх баригч намын удирдлага, удирдах дээд байгууллага  л улстөрийн асуудал болоод Засгийн газрын хувь заяаг шийддэг уламжлал энэ удаад эвдэгдлээ. Гэхдээ  намын шинэ даргаа МАН-ын УИХ дахь гишүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч чадвал тус намд ашигтай ч төрийн бүх шийдвэр эрх баригч намын бодлого шийдвэрээр  л явна гэсэн үг.  

                                                                                       Дажсүрэнгийн Лхагвадорж