Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг орон нутгийн төсөв, түүний бүрдүүлэлт, гүйцэтгэл, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого, төсвийн данснаас өөр дансанд төвлөрүүлсэн хандивын болон бусад орлого, төрийн сангийн нэгдсэн данснаас гадна арилжааны банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилт болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, аудитын дүгнэлт, санхүүгийн бичиг баримтад хяналт шалгалт хийж байна.

Энэ үеэр авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг зөвлөлийн гишүүд Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын төсөв санхүү, ил тод байдал, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх юм.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр төрийн байгууллагад олон жил ажилласан, дадлага туршлагатай хууль эрх зүйн өндөр боловсрол мэдлэгтэй Б.Зандраа, Г.Төмөртогоо болон залуучуудын төлөөлөл Ж.Баяржаргал нарыг сонгож, ажлыг нь эхлүүллээ.