Санхүүгийн зах зээлийн бүх тоглогчид зэрэг хөгжиж байж зээлийн хүү буурахаас биш Монголбанк дангаараа зээлийн хүүг буулгаж чадахгүй гэж Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Вloomberg Finance Forum-2017” чуулганы үеэр  хэллээ.

Түүний хэлсэн гол санаа нь банкнаас гадна санхүүгийн зах зээлийн тоглогчид болох хөрөнгийн бирж, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар “ ломбард”, зэрэг хөгжсөнөөр зээлийн хүү буурах боломжтой гэв.

“Блю скай” зочид буудалд өчигдөр болсон  “Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал ба сорилтууд” форумын үеэр эдийн засгийнхан цугларч, Монголын санхүүгийн зах зээлийн тулгамдсан асуудлыг ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. “Санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, зээлийн хүүг бууруулах хэлэлцүүлэгт” “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголбанкны судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир, Монголын банкны холбооны гишүүн Б.Найдалаа, судлаач, хуульч Батсэлэнгэ нар оролцож “Нэйшнл ньюс корпорэйшн” компаний гүйцэтгэх захирлын орлогч Б Батманлай удирдаж явуулав.

 

Санхүүгийн, ялангуяа банкны салбарт чухал нөлөө үзүүлэхүйц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг УИХ дээр эхлэхээр хүлээгдэж байгаатай зэрэгцэн зээлийн хүүг бууруулах хувилбаруудын талаар олон санал, санаачилга гарч байгаа нь энэ удаагийн арга хэмжээний гол сэдэв байлаа. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох эрхийг Монголбанкинд олгох асуудал тусаад байгаа билээ.

 

Тус хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

 

Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир:

 

-Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулан, урт хугацаанд зах зээлийн зарчмаар хүүг бууруулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. Тухайлбал, олон нөхцөлт, хамаарал бүхий хүчин зүйлсийн дүнд тогтож буй зээлийн хүүд захиргааны аргаар хязгаарлалт тогтоох нь зах зээлийн ерөнхий суурь нөхцөл, зарчмаас ухарсан явдал болно гэв. Мөн Монголбанкны зүгээс хууль эрх зүйн тодорхой зохицуулалтууд дутмаг байна. Зах зээлийн орчинг бүхэлд нь өөрчлөх тухай асуудал сөхөгдөнө. Үүнийг л судалж шалтгааныг нь олж засах шаардлагатай. Зээлийн хүүг богино хугацаанд буулгах нэг арга валютын нөөцтэй байх, мөн төсөвт хуримтлуулсан орлогоо баялагын санд төвлөрүүлж байж зээлийн хүү буурах боломжтой. Энэ зургаар явахад 2021 он гэхэд бодлогын хүү  нэг оронтой тоонд очиж зээлийн хүү буурах боломж харагдаж байна.

 

“Голомт” банкны захирал Ө.Ганзориг: ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМ ХИЙСНЭЭР ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА

 

-Монголбанк дангаараа зээлийн хүүг буулгаж чадахгүй. Зээлийн хүүг бууруулах 20-оод алхам байна. Энэ алхамыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн реформ болно.Үүний 5-6 алхамд  нь Монгол банк хамаарна. Үлдсэн 15 нь бусад төрийн байгууллага, санхүүгийн зах зээлийн тоглогчдод хамааралтай.Төрийн хэмжээний бодлогоор эдийн засгийн реформын түвшинд хийхгүй бол Монголбанк хүчин мөхөстнө. Монголбанк мөнгөний бодлого барих арга хэрэгжүүлдэг газар. Мөнгөний бодлогоор хэчнээн буулгах гэлээ ч төсвийн бодлоготой зөрчилддөг.Эсвэл УИХ гадаад хөрөнгө оруулагчдад зориулж хуулиа баталдаг.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: “ХӨЛДҮҮ САНХҮҮ 17” ГЭЖ ОРЧУУЛМААР БАЙНА

 

-Чингис, Самурай бондоос 2.7, 2.5 их наяд төгрөгийн зээл авсан компаниуд өрөнд орсон. “FF17”-г “Хөлдүү санхүү”  гэж орчуулмаар байна. Сүүлийн найман жилд төв банк бодлогын хүүгээ барьж мөнгөний урсгалаа хянаж чадаагүй.Нөгөө талдаа Сангийн яамны сүүлийн арван жилийн санхүүд аудит оруулах хэрэгтэй. Төсвийн алдагдлыг нь хэрхэн тооцож байгаа юм. Мөн Санхүүгийн зохицуулах хороо яагаад энэ олон хяналтын гадуур үлдээд байна. Өөрөөр хэлбэл нийгэм мөнгөгүй болсон үед санхүүгийн зохицуулах хорооны хөгжил эхэлдэггүй л байхгүй юу. Тиймээс “Хөлдүү санхүү 17” гэж орчуулсан юм.

 

Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Ипотек Эзэмшигчдийн Холбоо, Санхүүгийн Салбарын Хуульчдын Холбоо хамтран “Вloomberg Finance Forum 2017” чуулганыг ийнхүү  өчигдөр амжилттай зохион байгууллаа. Цаашид банкны салбарын тогтвортой байдлаар дамжуулан санхүүгийн салбарыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд бодлогын төвшинд авч хэрэгжүүлж байгаа ажлууд, олон улсын туршлага, боломжит шийдлүүд зэрэг сэдвүүдээр ““Вloomberg Finance Forum 2017” 2017” арга хэмжээнд оролцогчид санал бодлоо хуваалцаж, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг үргэлжилж өндөрлөсөн.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин