Өчигдөр орой УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, хотын дарга тэргүүтэй албаны хүмүүс агаарын бохирдолтой бүсэд ажиллав. Гамшгийн хэмжээнд хүрснийг тэд өөрсдөө анзаарч, арай дөнгүүр газруудаар явсан нь нууц биш. Тиймээс хууль санаачлах болох гүйцэтгэх засаглалынханд хандан цахилгааны төлбөрийг цагаар биш улирлаар тэглэдэг байх саналыг гаргаж байна.

Өнөөдөр Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орж, гамшгийн хэмжээнд хүрсэн. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч хотын хүн ам ДЭМБ-ын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс буюу 25 µg/м3-ээс 3 дахин өндөр бохирдолд өртөж байна. PM2.5-ын ялгарлын 70% нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарч байгаа ба үлдсэн хувь нь цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг байна. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд нүүрс түлдэг зуухыг өвлийн (10-р сараас 3-р сар) турш ашигладаг бөгөөд түлшний зардал нь өрхийн эдийн засагт ихээхэн дарамт болдог. Нүүрсээр галладаг зуух агаарын бохирдлын гол шалтгаан болж байгаа тул агаарын бохирдлын концентраци нь оройноос шөнө дунд хүртэл, мөн үүрээр хамгийн өндөр байдаг.

Тиймээс агаарын бохирдлын 70 хувийг үүсгэж байгаа гэр хорооллын бүх айл өрхийн цахилгааныг цагаар биш улирлын чанартайгаар тэглэх шаардлагатай байна. Ингэснээр гал түлэхгүйгээр гэртээ агаар цэвэршүүлэгч болон  тень аваад тавьчих ухамсартай айл өрх гэр хороололд цөөнгүй бий. Мөн түлээ түлш авах мөнгөгүй айл юу тааралдсанаа түлж агаарын бохирдолд хувь нэмэр оруулдгаа болино. Түлээ түлш авах мөнгөгүй иргэд ядаж цахилгааныхаа төлбөрт санаа зовохгүй хуучин ч хамаагүй халаагуур гэртээ авад тавьчих сэтгэлтэй л байгаа.

Гэр хорооллын бүх айлын цахилгааныг тэглэж чадахгүй байгаа бол эхний ээлжинд хамгийн их бохирдолтой дөрвөн бүсийн айл өрхүүдийн цахилгааныг тэглээд үзээрэй. Утаагүй зуух тарааснаас илүү үр дүнтэй байна.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан мөнгөн дүн багадаагүй. Хэдэн дарга, хурган даргатайгаа нийлж мөнгө идсэн уусан хэргээр “аав”-ын хаалга татаад л татвар төлөгч бидний мөнгө үр дүнгүй салхинд хийссэн. Одоо дарга нарыг идэж уулгахад утаагүй зууханд мөнгө зарах биш, цахилгааны төлбөрөө тэглээд өгчих Ерөнхий сайдаа...

 

Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн аманд агаарын цэнгэг орчинд сайхан амьдардаг. Харин жирийн иргэд бид чинь үр хүүхэдтэйгээ агаар биш угаар, утаа тоос шороонд дарагдаад амьд явах эрх зөрчигдөхөд хүрээд байна шүү...