“Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд ирээрэй. Монголчууд юм хийж чаддаг болсон шүү. Үнэхээр чанартай, эх орондоо үйлдвэрлэсэн эко бүтээгдэхүүн худалдана” гэх мэт сүртэй зарлалуудад хууртахаа болиод удаж байна. Эхэндээ ч яахав, гүйгээд очдог байлаа.

Эсгий таавчиг, түлхүүрийн оосор, ээзгий ааруулхныг үзэсгэлэн худалдаа бүрээс харсаар залхаж эхэлсэн хэрэг. Бүр зугатмаар санагддаг болсон. Ер нь яахаараа ажилгүй хүн бүрт эсгий таавчиг хийхийг зааж, арьсан дээр зураг зурж будуулж сургасан юм бол. Нэг хэсэгт нь эсгий таавчигаа заалаа гэхэд нөгөөд нь арай өөр зүйл сургаж болоогүй юм болов уу гэж халагламаар. Үүнийг зорилготой төслүүдээр сургаж бий болгосон тодорхой нэг хэсэг үйлдвэрлэгч нар гэж бодъё. Тэгвэл манайхан ер нь юу хийж бүтээдэг юм бол. Үндэсний том үйлдвэрлэгчдээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчид маань ямар зүйл бүтээж амьдралаа залгуулдаг юм бол.

“Монгол” телевизээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой шоу нэвтрүүлэг гарч байна. Банкир болон Монголын нэртэй бизнесмэнүүд шүүж, ашигтай болоод ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулж буй дээрх нэвтрүүлгээс харахад монголчууд бидний жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, хэм хэмжээ нэвт харагдаж байх юм. Нэвтрүүлгийн дугаар болгонд ноосон буюу эсгий урлаачид, модон эдлэл, модон болон чулуун сийлбэр эрхлэгчид эсвэл ямар нэгэн аппликэшн зохион бүтээгчид оролцож байна. Байдаг л нэг загварууд. Зарим нь хуулбарууд. Урлаачид, сийлбэрчдийн хувьд мэдээж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, борлуулалт энэ тэр нь түгээмэл биш ч захиалга басчиг ор тасардаггүй бололтой. Илүү том бизнес хийхэд санхүүжилт хэрэгтэй байна гэж тэд хүсэж байх юм. Хамгийн гол нь эсгий таавчиг, модон сийлбэр, нийгмийн эрэлт хэрэгцээ мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ер нь монголчууд бид ийм үйлдвэрлэлээсээ хэзээ салж, хүний амьдралд арай ойр, хэрэг болохуйц зүйл хийж эхлэх билээ.

Хэрэв жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих юм бол ажилгүйдэл, ядуурал багасч, нийгмийг нуруундаа үүрч явдаг дундаж давхаргынхан олноороо бий болно гэсэн үг. Үүнийг дагаад улсын эдийн засаг сайжирч, нийгэм тогтворждог гэдэг. Улстөрчдийн “ард түмнийхээ амьдралыг сайжруулна” гэсэн хоосон амлалт огт хэрэггүй болно гэсэн үг. Манайд жижиг дунд үйлдвэрийн тухай хууль хэрэгжиж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ажиллаж, жил бүр л өчнөөн төчнөөн зээл олголоо гэж дуулддаг. Тэгвэл амьдрал дээр жижиг бизнес эрхлэгчид хөл дээрээ босч чадахгүй, тэдэнд зориулсан зээл тусламж эзнээ ололгүй дэргэдүүр нь зөрсөөр байна. Дэлхийн хөгжингүй орнуудын нийт үйлдвэрлэлийн 7080 хувийг жижиг дунд үйлдвэрийнхэн гүйцэтгэдэг нь энэ салбараа хэрхэн дэмждэгийн илэрхийлэл юм. Харин буурай хөгжилтэй орнуудад авилга, хээл хахууль, төрийн хүнд суртал энэ салбарын чөдөр тушаа болдог бөгөөд манайд ч ийм хүндрэлүүд тээг саад болсоор байгаа.

Ялангуяа нэгэнт хөл дээрээ тогтож, санхүүгийн хувьд бүрэн чадамжсан том компаниуд охин компани олноор байгуулж жижиг дунд үйлдвэрлэгчдийн орон зайг булааж байгаа нь өнөөгийн манай нийгмийн хамгийн том гамшиг юм. Том компаниуд ашиг олж болох бүхий л орон зайг аалзны тор мэт хэрсээр байгаа бөгөөд орон нутагт ч монополь байдлаа тогтоож эхэлсэн талаар манай сонин цувралаар нийтэлж байсан билээ. Ийм нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, монголд дундаж давхарга бий болно гэдэг боломжгүй зүйл билээ. Хамгийн энгийн жишээ байна. Иргэн Дорж найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, дажгүй сайхан амьдарч байтал дэргэд нь шахам сүлжээ том дэлгүүрүүд нээгдэж, бөөний үнээр бараагаа зарж эхэлдэг. Хөөрхий Доржийн дэлгүүрийн үйлчлүүлэгч нарыг сүлжээ дэлгүүр хуу хаман одно. Иргэн Бат хичнээн сар хөөцөлдөж гүйсний үр дүнд зоогийн газрын зөвшөөрлөө авч, үйлчилгээ явуулж эхэлтэл Монголын хамгийн том сүлжээ ресторан хажууд нь хаалга нээж дампууруулах нь энүүхэнд. Энэ мэт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл гээд хийж болох юу л байна бүгдийг нь том компаниуд хуу эзлэн авч, зах зээлээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг шахаж зайлуулж байна.

Гэтэл бидний жишээ болгон ярьдаг өндөр хөгжилтэй орнууд жижиг дунд бизнес эрхлэгчдээ бүхий л хэлбэрээр дэмжиж, ёстой л алган дээрээ бөмбөрүүлж байдаг. Үр дүнд нь эдийн засаг нь эрүүл, хүчирхэг болж, хүмүүс нь ажлын байртай, чинээлэг, болж, тэр хэрээр улс орон нь хүчирхэгжиж байдаг. Европын холбооны улсуудад төрийн байгууллага буюу хариуцсан яам нь жижиг, дунд бизнес эрхлэгчдээ ажлаар хангах, олон улсын хэмжээнд гаргах, хөгжүүлэхэд голчлон анхаардаг байна. Арилжааны банкууд нь зээлээр дэмждэг бол судалгааны компаниуд маркетинг, менежментийн зөвлөгөө өгөх зэргээр хамтардаг. Мөн тусгай портал сайт ажилладаг бөгөөд үүнд Европын Холбоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбосон хэдэн зуун агентлаг, байгууллага багтсан бөгөөд жижиг, дунд бизнестэй холбоотой бүх мэдээллийг үнэгүй авч болдог гэдэг.

Америкт л гэхэд гурван хүн тутмын нэг нь жижиг дунд бизнесмэн эзэлдэг судалгаа байна. Америкчууд хуулиндаа улс орны эдийн засаг нь хөгжингүй жижиг дунд үйлдвэрлэлийн салбаргүйгээр хөгжих боломжгүй гэж зааж өгчээ. Төрийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдээ санхүүгийн эх үүсвэрт чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна энэ салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг.Ялангуяа шинийг нэвтрүүлэгч хүмүүст голлон тусалж, төрөл бүрийн шинэ арга технологи нэвтрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх өгдөг байх жишээтэй.

Японд жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан төрийн байгууллага нь монополын эсрэг хуулиа хатуу хянаж байдаг. Манайх шиг том компаниуд нь жижгийнхээ зах зээлийг булаахаас сэргийлж байдаг гэсэн үг. Мөн зээл олгоход дэмжлэг үзүүлэх тусгай холбоодыг байгуулсан байдаг.

Манай өмнөд хөршийн жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих сангууд нь бизнес зээл авахад нь дэмжлэг үзүүлдэг. Хятадын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн экспортод гардаг учраас төрөөс байнга дэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангаж байдаг.

Гадны орнууд юм хийх гэсэн иргэдээ ингэж дэмжиж, нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг дундаж давхаргынхаа нэмж байхад манайх ажил хийх гэсэн хүмүүсээсээ авлига нэхэж, зээл олгохгүй дарамталж, тэднийг үгүй хийж байна. Өөрөө өөрийгөө аваад явах чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд төрөөс зайлшгүй анхаарах цаг нь болжээ. Тэгэхгүй бол улстөрчдийн поп амлалтуудад бялуурсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өнөө л эсгий улавчаа оёж, модоор сийлбэр хийж өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэд маань зээл, санхүүжилт олдвол илүү их зүйл хийнэ гэж ярьж байна. Харин төр засаг нь “харганы ноос түүж эсгий хий” гэдэгтэй ижил царай гаргаад сууж байгаа нь хөөрхийлөлтэй.