Өнөөдөр нийгэмд олныг түгшээсэн янз бүрийн гэмт хэрэг гарах болсон. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад такси дуудлагатай холбоотой гэмт хэргүүд удаа дараа бүртгэгдэх болоод байгаа.

Тиймээс иргэд аюулгүй байдлаа бодон тусгай дугаарт залгаж такси дуудахыг илүүд үзэх болжээ. Зорчигчдын эрүүл,  аюулгүй зорчих баталгааг хангахын тулд Нийтийн тээврийн газраас хэд хэдэн тусгай дугаарын утсанд такси дуудлагын үйлчилгээг үзүүлэх эрх олгосон байна. Гэвч сүүлийн үед  эдгээр такси компаниудын тусгай дугаарт залган үйлчилгээ авахыг хүссэн иргэдийн дунд гомдол, шүүмжлэл ихээр гарах болов. Такси дуудахын тулд мэдээж эхний ээлжинд тусгай дугаарт залган дуудлага өгөх шаардлага гарч ирнэ. Харилцуурын цаанаас оператор хүсэлтийг нь эелдэг гэгч нь хүлээн авч  “За та түр хүлээнэ үү. Би таныг такси дуудлагатай холболоо” гэж хэлээд нэг хэсэгтээ таг болдог. Хэсэг хүлээсний эцэст арай гэж нэг такситай нь холбогдоно. Хаяг байршилаа хэлэн бас дахин хүлээсээр л байна. Төд удалгүй “Уучлаарай такси ойр хавьд алга” гэсэн ундуйцмаар хариулт сонсно. Мэдээж, такси дуудчих санаатай горьдон утсаа тавилгүй нааштай хариулт сонсохоор ийнхүү зогсохдоо хоёр гурван минутыг зарцуулсан байдаг.

 

Лавлах утас ямар үнэтэйг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс Ийнхүү удаан хугацааны турш харилцуурын цаанаас нааштай үг сонсох санаатай хүлээх зуураа үйлчлүүлэгч ямар их мөнгө зарцуулж буйг тэд мэдэж л баймаар юм. Мэдсэн ч тэдэнд ашигтай юм хойно.. яалаа гэж боломжийг алдах билээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон ийм л бурангуй үйл ажиллагааг "ТУСГАЙ  ДУГААР"-ууд явуулж байна.

 

Иймэрхүү байдлаар хэрэглэгийн эрх ашгийг уландаа гишгиж байгаа дураараа авирлагчдийг хэн номхотгож, хэн хэрэглэгчийн эрх ашигийг хамгаалах юм бэ. Монголд уг нь "ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР" байдаг л санагдах юм. Гэвч ийм нэр сонссоноос биш,, ямар үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийн эрх ашгийг яаж хамгаалж байсныг дуулсангүй.

 

Тусгай дугаарт холбогдоход хүмүүсийг чилээн удаан хүлээлгэдэг байдал нь зөвхөн ганц удаагийн холболтоор бус олон удаагийн давтамжтай байдаг нь хүмүүсийн дүргүйг хүргэж байгаа нь энэ. Тэгэхээр лавлах утсанд төлж буй иргэдийн халааснаас гарсан мөнгө яах болж байна. Үйлчилгээгээ бүрэн  үзүүлж чадаагүй хирнээ төлбөрөө бүтнээр нь авч иргэдийг монждог такси дуудлагын компаниудад зориулан зорчигчийн ая тухтай зорчих баталгааг хангах тухай доорх заалтуудыг маш тодорхой оруулсан байна.

 

Тухайлбал: "Зорчигчийн гомдлыг шуурхай барагдуулна, зорчигчийн дуудлагад ойрхон яваа такси алга, “боломжгүй” гэсэн хариулт  өгөхгүй заавал такси явуулах бөгөөд такси хүрч очих хугацаа, тээврийн хэрэгслийн марк, өнгө, улсын дугаар, үнэ тариф зэргийг хэлэхээс гадна зорчигчийг зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд суух ёстойг сануулна. Мөн дуудлага хүлээн авсан жолоочид зорчигчийн байршил, хүрч очих хугацаа, харилцах утасны дугаарыг хэлэхээс гадна нэмэлт хөлс шаардахгүй байхыг сануулж бүртгэлд тэмдэглэнэ" хэмээн заажээ. Дээрх заалтууд нэгээхэн нь ч одоогийн такси үйлчилгээ эрхэлж буй компаниудад хэрэгжиж байгаа зүйл алга. Харин ч дуугүй байх тусам чимээгүйхэн хүмүүсийн халааснаас мөнгө урсгаж, тэднийг шулсаар байна.

 

Ямартай ч такси дуулагын үйлчилгээ үзүүлж буй компаниуд чимээгүй аргаар энэ мэт  ард иргэдийг шулах нь шударга бус хэрэг биш байлтай. Тиймээс холбогдох газрууд энэ мэт шударга бус байдлыг анхааралдаа авч, ямар нэгэн арга хэмжээ авч, ард түмнийг гялайлгана гэдэгт найднам.

 

Б.Цацрал