ЮНЕСКО-ийн судалгаагаар дэлхийн 216 орны 70 гаруй хувь нь 12-с дээш жилийн боловсролын тогтолцоотой аж. Харин манай улс 2005 оныг хүртэл 10 жилийн боловсролын тогтолцоотой байж, 2005 оноос хойш 11 жилийн загварт шилжсэн бол 2008 оны хичээлийн жилээс Дэлхийн улс орнуудын боловсролын жишигт нийцүүлэн 12 жилийн тогтолцоонд шилжсэн билээ.

Ийнхүү 2014 оноос дэлхийн жижигт нийцсэн стандартад бүрэн шилжсэнээр бага боловсролыг зургаа, суурь боловсролыг ес, дунд боловсролыг 12 жилд олгоход хүүхэд зургаан настай сургуульд орж 12 жил суралцаад 18 настайдаа 12-р анги төгсөж байгаа юм.

Одоогоор манай улсын ерөнхий боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрдөг 17 орон байдаг бөгөөд бусад улс орнуудад манай 10, 11 дүгээр анги төгсөгчид их, дээд сургуульд суралцах боломжгүй байдаг. Энэ шийдвэр нь хэдийгээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол авахад дэмтэй шийдвэр хэдий ч монгол багачуудын бие физологид хэрхэн нийцэх бол гэдэг талаар иргэд олон байр суурьтай байгаа. 

Нэгэнт манай улс 12 жилийн ерөнхий боловсролын тогтолцоонд шилжсэн тул бид бусад улс орон болон дэлхий нийтийн боловсролын талаар баримтлах чиг хандлагын дагуу хүүхдүүдээ зургаан настай сургуульд оруулах учиртай. Гагцхүү бяцхан хүүхдүүдийнхээ сурах орчин, олох мэдлэгийг стандартын хэм хэмжээнд байлгах төрийн тогтвортой бодлого, мөн хүүхдүүддээ сурах боломжоор нь хангах гэр бүлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Харин эцэг, эхчүүд бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ үр хүүхдүүдийнхээ төлөө зориулж, төрийн хариуцлагыг өндөржүүлэх дээр иргэний хяналтаа тавих нь зүйтэй болов уу гэж үзэх хүмүүс ч байгаа. 

Тэгвэл дэвж, дэргэж явдаг тэр цагтаа очих гэж томчууд бид хүсдэг атлаа хүсээд ирэхгүй хүүхэд насанд нь том хүн болгох гэж яарах учир юусан. Хуучин цагт найман настайдаа сургуульд элсэн ордог байсан тэглээ гээд надад муудсан юм алга. Энэ арга барил яагаад энэ цагт хэрэгжиж болохгүй гэж. Бүүр болохгүй юм гэхэд долоон настай. Балчир хүүхдийн оюуны өсөлт жилээр биш сараар, хоногоор ялгаатайг надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй, энэ цагийн сайд нар. Тэр дундаа гадаадад гарч, галуу шувууны мах идсэн юм гэсэндээ үүнээс ч илүүг нь мэдэх биз гэх эцэг эхчүүд байгаа. 

Энэ мэтээр бяцхан сурагчдын талаар аль аль талынх нь байр суурийг тусган харууллаа. Энэ хөтөлбөр хэрэгжээд бараг 10 жилтэй нүүр тулж байна. Харин хэр идээшиж байгааг эрхэм эцэг эхчүүд та бүхэн үнэлж хэлэх хугацаа хэдиййнэ болжээ. .

Хичээлийн хөтөлбөрт эхний жилээ харилцаа хүмүүжлийн хичээл голлон орно гэж байсан ч өдөр шөнөгүй л үсэг, зурлагаар бөмбөгдүүлэх юм. Ер нь нэгдүгээр ангид үсэг тоог ор тас зөвхөн хүн байхын утга учрыг ойлгуулсан хөтөлбөр оруулвал зүгээр болов уу. 

С.Отгон