Утаа гамшгийн хэмжээнд хүрч, нийслэлчүүдэд аюулын харанга дэлдээд байна. Утаа жирэмсэн эхийн ураг, тархинд нөлөөлж, бүх төрлийн өвчний эх үүсвэр болоод байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Утааг бид яаж ч чадахгүй байна. Зөвхөн агаарын бохирдлоос болж олон төрлийн өвчин эмгэгээс үр хүүхдүүдээ хамгаалах шаардлага тулгараад буй. Тиймээс манай сонины сурвалжлах баг утааны голомт, эмнэлэг, сургуульд үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжилж, гарц шийдлийг албаны хүмүүсээс тодрууллаа.

БАЯНХОШУУНД УТААНААС ХАМГААЛАХ ГАНЦ ЗЭВСЭГ “ОРООЛТ” БАЙВ

Манай сурвалжлах баг 12:40 цагийн орчимд Баруун салааны автобусанд сууж Баянхошууг зорилоо. Нэгдүгээр ээлжийн хичээл тарах, хоёрдугаар ээлжийн хичээл эхлэх цаг тул автобусаар зорчигчдын ихэнх нь дунд сургуулийн сурагчид. Бөөрөнхий хэлбэртэй, цантсан нүдний шилтэй охин утааны эсрэг зориулалтын маск зүүсэн харагдана. Түүнийг эс тооцвол масктай хүүхэд өөр алга. Автобусны цонх цантсаны дээр, утаанаас болж хаана яваагаа баримжаалах боломжгүй байв. Харин автобусанд чанга яригчаар дараагийн буудлыг зарладаг нь ийм нөхцөлд тун зөв шийдэл болсон санагдлаа. “Баянхошуу завсрын буудал” гэж зарлахыг сонсоод автобуснаас буулаа. Эргэн тойрон уулсаар хүрээлүүлсэн гэр хороолол “хотхон”-д хаа сайгүй яндангийн утаа суунаглана. Айл өрх, аж ахуйн нэгжүүд, тэр ч битгий хэл эмнэлэг, сургууль гээд цөм нам даралтын зуухнаас халаалт авдаг байна. Өөрөөр хэлбэл, энд нүүрс түлэхгүйгээр дулаанаа шийдсэн нэг ч албан байгууллага байхгүй гэж байгаа. Ингээд буудлаас холгүй байх Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийг зорилоо. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж бүх л хэвлэл мэдээллээр зарласаар байтал энд утаанаас хамгаалах маск зүүсэн хүүхэд нэг ч алга. Хорт утаагаар амьсгалах нь хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, оюун санаанд хүртэл нөлөөлдгийг эмч нар ярьсаар байна. Наанадаж хамрын ханиад хүрсэн хүүхэд хорт утаагаар амьсгалсаар байвал улам л хүндэрнэ гэдгийг эцэг эхчүүд төдий л сайн ойлгохгүй байх шиг. Баянхошуунд бага насны хүүхдийг утаанаас хамгаалах ганц зэвсэг бол ороолт. Ороолтоо чангахан ороогоод л утаанаас ч, хүйтнээс ч хамгаалчихдаг бололтой. Хоёр настай охиноо өргөөд, дөрөвдүгээр ангийн охиноо сургуулиас нь аваад харьж яваа нэгэн ээжтэй уулзлаа. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэй бөгөөд дөрвөн хүүхэдтэй гэнэ. Иргэн Мөнхзул халуун усны газарт үйлчлэгч хийдэг. Тэрбээр “Ганц хүний цалингаар дөрвөн хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэцүү л байна. Өвлийн цагт хүүхдийн мөнгөөрөө ханиадны эм авсаар байгаад л таарах юм. Манай охин ханиад хүрээд саяхан эдгэсэн ч ангийнхаа хүүхдээс ахиад ханиад авчихсан. Тэгээд энэ жаахан дүү нь дагаад өвдчихнө. Ер нь энэ утаа униартай хүйтний улиралд сургуулийг карентилчихаж болдоггүй юм байх даа л гэж бодогдох юм” гэв. Түүнээс охиндоо маск зүүлгэж, утаанаас болон ханиаднаас урьдчилан сэргийлж болно шүү дээ гэхэд “Маск худалдаж авна гэдэг бидэнд хэцүү байна шүү дээ. Ер нь л энэ хавьд маск зүүдэг хүн гэж байхгүй. Бүгд л ороолтоо зүүгээд явдаг даа” гэсэн юм.

СУРАГЧИД АНГИ ДОТРОО Ч УТААНД ХОРДДОГ

Номин охины анги 43 хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар таван хүүхэд ханиад хүрсэн тул хичээлдээ ирээгүй гэж байна. Охины сурдаг 76 дугаар сургуулийн сургалтын менежер Ц.Нямаатай уулзлаа. Тэрбээр “Манай сургууль 2610 суралцагчтай. Хоёр ээлжээр хичээллэдэг. Бага ангийн 1432 хүүхэдтэй. 76 бүлэгтэй. Баянхошууны хэсэгт 67, 76, 105, 124, 134, 184 дүгээр сургуулиуд багтдаг. Эдгээрээс 67, 76, 105 дугаар сургуулиуд хонхор газарт байрладаг болохоор энэ хэсэгт утаа тогтчихдог. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад утаа бүр их нэмэгдсэн. Сурагчид сургуулиас ирж очихдоо утаанд хорддог байсан бол одоо сургууль дээрээ хорддог болсон. Учир нь өглөө 06:00-10:00 цагт, оройн 18:00-22:00 цагт утаа дээд цэгтээ хүрч, анги танхимд цэнхэр утаа хөшиглөх болсон. Сургуулийн эмч болоод багш нар агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах талаар эцэг эхчүүдэд ярьж зөвлөдөг. Гэвч Баянхошууны айл өрхүүд ихэнх нь эмзэг бүлгийнхэн. Нэг айлаас дөрвөн хүүхэд сургуульд сурдаг айл маш олон. Хүүхдүүддээ аарц, чацаргана, сүү уулгах, 500 төгрөгийн даавуун маск худалдаж авах боломжгүй байдаг. Утаанаас хамгаалдаг, зурагтаар сурталчлаад буй зориулалтын маск нь маш үнэтэй. Энэ хавьд зарагддаг эсэхийг ч мэдэхгүй байна шүү дээ. Гэлээ гээд бид зүгээр суугаагүй. Ерөнхий сайдын ажлын хүрээнд өгөгдсөн найман ширхэг агаар шүүгчийг нэгдүгээр ангиуддаа байрлуулсан. “Өүлэн минж” компаниас 300 ширхэг даавуун маск өгснийг нэгдүгээр ангийн сурагчиддаа өгөөд байна. Манай сургуулиас уруудаад 67 дугаар сургуулийн орчимд бүр их утаа тогтсон байдаг. Гэтэл тэр сургууль гурван ээлжээр хичээллэдэг гэхээр үнэхээр хүнд нөхцөлд хүүхдүүд сурч хөдөлмөрлөж байна шүү дээ” гэв.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.БАЗАРРАГЧАА

НЭГ АНГИД АРВАН ХҮҮХЭД УТААНААС БОЛЖ ХАНИАД ХҮРЧ, ЧӨЛӨӨ АВДАГ

Утааны хорыг багасгах арга бол хүүхдэд сүү уулгах. Гэтэл бид сурагчдадаа хий дэмий л “сүү уу” гэдэг. Тэд ч “сүү ууж байгаа” л гэдэг. Худлаа л даа. Гэтэл хотын төвийн сургуульд сурдаг сурагчдад эцэг эхчүүд нь “Маамуу” сүү өгөөд явуулна. Хүүхдүүд нь ч үдийн цайгаа голдог юм билээ. Манай сургуулийн сурагчид бол үдийн цайнд юу өгөх бол гэж бодож л ирж байгаа шүү дээ” гэж Ц.Нямаа багш арга барагдсан бололтой үргэлжлүүлэн ярьсан юм. Мөн тэрбээр “Арванхоёрдугаар сарын 1-н гараад өвчлөл маш ихэсдэг. Бага ангид өдөрт 10 хүртэл хүүхэд ханиаднаас болж ирэхгүй байх тохиолдол бий. Ханиаднаас урьдчилан сэргийлэх эрүүл хүнс, хоололтын талаар эцэг эхчүүдэд ярьдаг ч Баянхошууны айлуудад энэ бол асуудал. Хүүхдүүдийн хувцаснаас нүүрсний эхүүн үнэр шингэчихсэн байдаг. Сурагчид сургууль дээрээ ч, гэрт ч, гадаа ч нүүрс үнэртэж, утаанд хордож байна шүү дээ. Сургуулийн зүгээс үдийн цайндаа аль болохоор илчлэг сайтай аарц, чацарганы шүүс өгдөг. Ер нь ганц Баянхошуу гэлтгүй урагшаа XXI хороолол, “Орчлон”, “Содон” хороолол, Зүүнсалаа, Зурагт, Зуун айл гээд утааны голомтод байдаг бүх л сургуульд ийм асуудал тулгарч байгаа шүү дээ. Тийм болохоор эдгээр бүсүүдэд байгаа сургуулиудыг карентилж сурагчдыг амраах хэрэгтэй. Карентин тогтоохын тулд утаа гамшгийн түвшинд хүрсэн эсэх, ханиад томуу хэдэн хувьд хүрсэн, анги дүүргэлт хэдэн хувьтай байгаа гээд олон зүйлийг харгалзан үздэг гэсэн. Бидний харж буйгаар өвчний дэгдэлт, агаарын бохирдол энэ стандартыг аль хэдийнэ давсан” гэлээ.

Мөн эндээс гараад Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийг зорьсон юм. Бэлтгэл ангийн багш Эрдэнэцэцэг ярихдаа “Манай анги тавь гаруй хүүхэдтэй. Гэтэл өнөөдрийн ирц 70 хувьтай л байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдээ утааны бүсэд өргөж явах ёстой байтал тэр бүр өргөж явдаггүй. Өвлийн комбинзон, зузаан куртиктэй хүүхдийг өргөж, халтиргаа, гулгаатай гэр хорооллын гудамжаар явна гэдэг амаргүй байдаг болов уу. Хөнгөн хэлбэрийн ханиад хүрсэн хүүхэд бол утаанд хордож ханиад нь улам хүндэрдэг” гэдгийг тэр бүр эцэг эхчүүд мэддэггүй нь харамсалтай” гэв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМН-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН АЧААЛАЛ ХОЁР ДАХИН ИХЭСЧЭЭ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, эмнэлгүүдийн ачаалал ч дээд цэгтээ хүрчээ. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хувьд л гэхэд хүүхдийн амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан уртасгасан цагаар ажиллах НЭМГ-ын тушаалыг биелүүлж 21:30 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Гэсэн ч ачаалал улам ихэссээр байгааг тэд учирласан. Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэгт хүч нэмэн гурван эмч ажиллаж байгаа ч эцэг, эхчүүдийн хөлд дарагдсан байв. Ханиадандаа зовиурлан уйлж унжих хүүхдүүдээ аргадах учраа олохгүй эцэг эхчүүд эмнэлгийн үүдээр хөвөрчээ. Эцэг, эхчүүдийн ярьж байгаагаар ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ханиад нь бүр хүндэрсэн, хатгаа туссан тохиолдолд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Харин хөнгөн зэргийн өвчлэлтэй хүүхдүүдийг гэрээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна.

Ингээд нөхцөл байдал ямар байгаа талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Сүрэнчимэгээс тодрууллаа. Тэрээр “Ачаалал маш их байна. Манай эмнэлэг чадлаараа л хүүхдийн хэвтэн эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж ажиллаж байгаа. Манай эмнэлэг нийт 80 ортой. Харин өнөөдрийн байдлаар нөхцөл боломжоороо 170 болгосон. Үүнээс ачаалал ямар байгааг харж болох байх. Хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн ч дийлдэхгүй л байна. Сургууль, цэцэрлэгийн насны маш их хүүхдүүд өвдөж байна. Нэг зүйлийг онцлоход манай монголчууд ханиад хүрлээ л бол антибиотик уугаад л дарчихна гэсэн ойлголттой байдаг. Вирус үүсгэгчтэй учир энэ ханиад антибиотикт дарагдахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн вирусын эсрэг бэлдмэлд л дарагдана. Вирус үүсгэгч нь хэд, хэдэн төрөл байгаа. Үүсгэгчээсээ хамаараад халуурах хугацаа, зовиур нь ч өөр. Тиймээс тухайн вирус үүсгэгчид л тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд ханиадны хурц үеийг дартал гэрийн нөхцөлд дор хаяж гурваас дөрвөн хоног байлгах ёстой. Гэтэл манайхан ойр зуурын эм өгөөд л сургууль, цэцэрлэг рүү нь явуулчихдаг. Тийм учраас хүүхдийн өвчлөл дарагдахгүй байгаа юм. Түүнчлэн амьсгалын замын өвчлөл тархахад нөлөөлж байгаа гол зүйл нь утаа байна. Хүүхэд багачуудын өвчлөх шалтгаан нь утаа зайлшгүй мөн. Гадаа гараад л утаагаараа амьсгалж байгаа юм чинь аргагүй шүү дээ” гэлээ.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ байгаа дүү нартаа ханиад тараах нь ч элбэг байдаг аж. Ийм байдлаар нэг гэрийн хүүхдүүд эмнэлэгт хэвтэх болсон тухай яриа ч чих дэлссэн юм. Харин Чингэлтэй дүүргийн иргэн Г.Оюунцэцэг “Охин бид хоёр өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Хэд хоногийн өмнөөс халуурч, ханиалгаж эхэлсэн юм. Энэ ханиадын вирус баргийн эм танд дийлддэггүй юм байна. Бодвол агаарын бохирдлоос үүдэлтэй л байх. Гэрийн нөхцөлд эмчилье гэсэн боловч чадахгүй, улам хүндэрсэн. Ямартай ч эмнэлэгт зургаан хоног хэвтлээ. Өмнөхөө бодоход арай дээрдлээ. Гэхдээ яг ч бүрэн эдгэсэнгүй. Хэвтэх хүүхэд маш их байгаа болохоор удаан хэвтэх боломж алга. Одоо цаашид хүндрүүлэхгүй байхын тулд дархлааг нь сайжруулахад анхааръя гэж бодож байгаа. Эмнэлэгт ор нь хүрэлцэхгүй нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчүүлж байна. Эсвэл шалан дээр гудас дэвсээд л эмчилгээгээ хийлгэж байх жишээтэй. Эмнэлгийнхэн чадах чинээгээрээ хичээж, шаардлагатай гэсэн эм тариаг хийж байгаа боловч нөхцөл байдал сайжрахгүй л байх шиг санагдлаа. Ханиад маш их байна. Энэ үед нь хүүхдүүдийг амраачихвал дээр юмсан гэж ярьж байгаа эцэг эхчүүд олон байна. Төр засгаас анхаараасай билээ. Нөхцөл байдал арай л дэндүү байна шүү дээ” гэв.

ТАЙВАНЖАРГАЛ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХӨЛ ХОРИО ТОГТООХОД ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ 20 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРСАН

Үүний дараа бид Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм. Яаралтай тусламжид хүүхдээ үзүүлэхээр эцэг, эхчүүд мөн л дугаарлажээ. Үзүүлэх цагаа хүлээж ядан уйлж, огиулж, ханиалгаж зарим нь дуу шуу ч үгүй ээждээ тэврүүлэх нь өрөвдөлтэй. Хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж буй тасгаар шагайвал хүүхдүүдийн уйлах чимээ тасрахгүй байх аж. Тус эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн их эмч С.Тайванжаргал “Жил бүрийн арваннэгээс гуравдугаар сар хүртэл хүүхдийн ханиад тусах тохиолдол ихэсдэг. Хүүхдүүдэд халуурах, цээж шуугих, суулгах зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрч байна. Вирус үүсгэгч төрлөөсөө хамаараад шинж тэмдэг нь янз бүр. Агаарын бохирдол зэргээс хамаараад вирус хоруу чанартай байна. Үүнээс болоод олон хоног халуурч, бүгшүүлж ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, урьдчилан сэргийлэх нь юу юунаас чухал. Замбараагүй эмний хэрэглээгээ ч багасгах шаардлагатай. Сайн гэсэн эм болгоныг өгөөд байвал хүүхдийн ханиад хүндрэх, антибиотикт дасалтай болгох сөрөг талуудтай. Түүнчлэн өмнөх жил яг энэ ханиад томууны дэгдэлт ихэссэн үед сургуулиуд амарсан. Тэр үед хүүхдүүдийн ханиад томуу тусах нь багасаж, эмнэлгийн ачаалал 20 хүртэлх хувиар буурсан. Тиймээс энэ үед сургууль, цэцэрлэгийн үеэр хүүхдүүдээ амраачих юм бол хүүхдүүдийн өвчлөл багасана. Эмнэлгийн ачаалал ч буурах боломжтой” гэж байлаа.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн хувьд хүүхдийн 135 ортой. Харин одоогоор 220 хүртэл нэмэгдүүлчихсэн, ачаалал нь дээд цэгтээ хүрчихсэн байгаа аж. Гэсэн ч тус төвийнхөн нөхцөл бололцоогоо ашиглан хүүхдүүдээ эмчилсээр байгаа талаараа хэлсэн. Ор хоногийн дундаж хугацаа нь таваас долоо хоног гэсэн. Тус хүүхдийн төвийн хүлээн авахын ачаалал мөн л өндөр байна. Ханиад томууны дэгдэлт ихтэй энэ үед өдөрт 140-220 хүүхэд ирдэг аж. Ачааллын хувьд оройн цагаар бүр ч ихэсдэг гэсэн. Эцэг эхчүүд Өрхийн эмнэлэгтээ хандалгүй шууд л дүүргийн эмнэлэгт ирдэг нь ачаалал үүсэхэд нөлөөлж байгааг ч тэд дурдсан.

БСШУЯ:СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ХАНИАД ТОМУУНЫ ДЭГДЭЛТ ИХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ

Бид албаны эх сурвалжаас ханиад томууны дэгдэлт, түүнтэй холбоотой авах арга хэмжээний талаар тодруулсан юм. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс ханиад томууны дэгдэлт ямар байгаа талаар тодруулахад “Ханиад томуу гарах нь түрүү жилийн мөн үетэй харьцуулахад багассан. Учир нь энэ жил нийслэлийн 150 цэцэрлэгийн 40 мянга гаруй хүүхдийг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан. Мөн хүүхдийн байгууллагын 16700 гаруй багш ажилтанг, эрсдэл бүлгийн 3182 хүмүүсийг томуугийн вакцинд хамруулсан. Иймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд ханиад томуу бага байна” гэж байв.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүх ярихдаа “Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн амбулаторын үзлэгээр нийт үйлчлүүлэгчдийн 5.4 хувь нь томуу болон томуу төст өвчтэй хүмүүс байсан. Энэ үзүүлэлтийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 1.4 хувиар нэмэгдсэн. Уг үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан. Ер нь хүйтний эрч чангарах үеэр буюу арванхоёр, нэгдүгээр сард ханиад томуу ихсэх хандлагатай байдаг. 0-9 насны хүүхдүүдийн дунд томуугийг дэгдэлт 84- 85 хувьтай байна. Ингэхээр энэ насны хүүхдүүдийн дунд их байгаа юм. Хоёроос дөрвөн насныхны дунд 30 гаруй хувьтай байгаа. Бага насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл их байна. Томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өнгөрсөн аравдугаар сараас арванхоёрдугаар сарын эхэн хүртэл үргэлжлээд дууссан. Нийслэлийн хэмжээнд 108 мянга гаруй хүмүүст вакцинжуулалтыг хийсэн. Вакцинжуулалтад хүүхдүүд, иргэд хуваарийн дагуу 98 орчим хувьтай хамрагдлаа. Ингэхдээ 0-5 насныхан, ахмад настай, жирэмсэн, ханиад томуу хүрэх эрсдэлтэй хүмүүс оролцсон. Өнгөрсөн жилүүдийнхээс вакцинжуулалтын нийлүүлэлт нэмэгдсэн. Иймээс өнгөрсөн жилээс харьцангуй олон хүн хамрууллаа. Гэхдээ одоо яг ханиад томууны үе эхэлж байна. Тэгэхээр хүүхдийн эмнэлгийн орны ачаалал их болсон. Ингэхээр тодорхой хэмжээгээр боловсон хүчнээ аль болох нэмэгдүүлж ажиллах шаардлага тулгарсан. Тиймээс энэ чиглэлээр хурдан шуурхай зохицуулалтууд хийгдэж байгаа. Үндсэн хоёр байдлаар орны ачааллыг зохицуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийт 869 хүүхдийн ор байдаг. Өнөөдрийн байдлаар ачаалал ихэсч 1400 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлж байна. Томуугийн олон төрлийн вирусын гаралтай өвчлөл их бий. Орны зохицуулалт хийхдээ насанд хүрэгчдийн орыг хүүхдэд шилжүүллээ. Эмнэлгүүдийн боломжтой нөөц талбайг ашиглаж ор тэлэх ажлыг зохион байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар насанд хүрэгчдийн орны 14.1 хувь буюу 175-ыг хүүхдийг хэвтэн эмчлүүлэхэд шилжүүлчихлээ. Нөөц өрөөнд нийтдээ 342 орыг нэмэлтээр тавьсан. Хүүхдийг коридорт хэвтүүлсэн тохиолдол байхгүй” гэсэн юм. Мөн тэрээр амбулатороор томуу, томуу төст өвчлөгчдийн тоо арваас дээш буюу 15 хувьд хүрэх юм бол холбогдох байгууллагууд хэлэлцэж, хөл хорио цээрийн дэглэмийг сайдын тушаалын дагуу тогтоож болно. Одоо бол идэвхжил нь нэмэгдэж, дэгдэлт гарч эхэлж байгаа юм гэдгийг онцлов. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Томуу болон томуу төст өвчний дэгдэлт одооноос эхлэн нэмэгдэж эхэлнэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Иймээс дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд ажлын өдөр 09.00-22.00 цаг хүртэл зөвлөгөө өгөх утас ажиллаж байгаа аж. Мөн тус төвүүдэд хүүхдийн кабинет гэж байдаг. Үүний ажлын цагийн хуваарийг уртасгаж 17.00-22.00 цаг хүртэл болгожээ. Иргэд хүүхдүүдээ ханиад хүргэхгүйн тулд Эрүүл мэндийн газруудаас сайтар зөвлөмж, зөвлөгөөг тогтмол авч байх хэрэгтэй юм байна. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд маск тогтмол зүүж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, амрах хэрэгтэй ажээ. Антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байхыг санууллаа.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэл мэдээллийн албанаас ханиад томууны дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоох эсэх талаар тодруулахад “Сургуулийн сурагчдын дунд ханиад томууны дэгдэлт их хэмжээнд хүрээгүй. Ингэхээр Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудаас хичээл сургуулийг амраая, хөл хорио тогтооё гэсэн ямар нэг хүсэлт ирээгүй” гэж байлаа.

Холбогдох яамдууд нөхцөл байдал төдийлөн хүндрээгүй гэсэн хариу өглөө. Үнэн хэрэгтээ гэрээс гараад машинд, машинаас албан тасалгаанд залардаг шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүдийн ой тойнд борчуудын амьдрал буухгүй нь тодорхой. Тэдний хувьд сүүлийн үеийн технологи бүхий дээд зэрэглэлийн шүүлтүүрээр орчин тойрноо тоноглосон байдаг. Тиймдээ ч агаарын бохирдол, түүнээс улбаалж ханиад, томуунаас салж чадахгүй өвлийг бардаг бяцхан үрсийн зовлонг тэд бүр мэдэхгүй. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Эмнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдсэн. Энэ бүхэн хөл хорио тогтооход хангалттай биш гэж үү, шийдвэр гаргагчид аа...

Б.НАРАНЧИМЭГ

О.АРИУНЦЭЦЭГ

Б.УРАНЧИМЭГ

dnn.mn