Найруулагч болж бяцхан танигдсаныхаа дараа би нэг кино зохиол бичсэн юм. Гэхдээ кино компаниуд, продюсерууд шинжлэх ухааны уран зөгнөлт кино хүмүүст таалагддаггүй, наадах чинь хүүхдийн зохиол гээд эхнээсээ надад татгалзсан хариу өгч байв. Эцэст нь нэг юм киног нь маань санхүүжүүлэх продюсер олсон ч тэр хүнд зохиол таалагдсандаа биш, харин дараа нь надтай хамтарч ажиллахын тулд “хүнд тоогдоогүй” киног маань бүтээлцэхээр шийдсэн байлаа. Зохиолоо дэлгэцийн бүтээл болгохын тулд би хэтэрхий бага төсвийг хүлээн зөьвшөөрөхөөс өөр аргагүй байв. Хийх кино маань амжилт олно гэж итгэж байсан болохоор би цалингаа 300%-иар бууруулахыг ч зөвшөөрсөн юм. Гэвч кино маань анхнаасаа л бүтэлгүйтлийн одонд төрсөн мэт зураг авалт эхэлж билээ. Холливуудад дуу дүрсний графикчид байгаагүй учраас би дуу дүрсний студийг цоо шинээр байгуулахаас өөр аргагүй байв. Цахилгаан тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл гарч, зургийн багийн гишүүд гэмтэх нь ёс мэт бидэнд саад болж байсныг би тод санадаг юм. Зураг авалт эхлээд нэг долоо ч хонолгүй, зураг авалт хийгдэж байсан газарт маань хар шуурга болсон юм. Аваад өгье өө ч мөнгө нь байгаагүй болохоор өөр кинонд ашиглаад хаягдсан эд зүйлс, тоног төхөөрөмжийг засаж сэлбэн, зураг авалтандаа ашиглаж байлаа. Зураг авалтын багийнхан илүү цагаар ажиллахаас татгалзаж байсан болохоор шаардлагатай зургаа авахын тулд өөрөө зураглаачийн үүргийг хийж байв. Үнэнийг хэлэхэд зураг авалтын багийнхан маань бүгд хийж байгаа ажлаа үзэн ядаж байсан гэдэгт би эргэлздэггүй. Кинонд гол болон туслах дүрийг бүтээж байсан жүжигчид хүртэл өөрсдийгөө анхнаасаа бүтэлгүйтэх хувь тавилантай кинонд тоглож байгаа гэж эвлэрсэн ч байсан байх. Гэсэн ч би зорилгодоо үнэнч үлдэж, зохиолоо дэлгэцийн бүтээл болгож гаргахаар сэтгэл шулуудсан хэвээр байлаа. Киноны эхлэл хэсгийг өөрийн хүслээр байлгахын тулд би зохих хэмжээний торгууль төлж, Найруулагчдын эвлэлээс хүртэл огцроход хүрсэн юм. Бүтэлгүйтэх эрсдэл өдөр хоног өнгөрөх тусам цаг минутаар нэмэгдэж байлаа. Бусдын нүдээр бүтэлгүйтлийнхээ ангал руу кино багийнхнаа хөтлөөд алхаж байгаа миний хувьд ч гэсэн сэтгэл санаа хямарч, цөхөрч шантрахын ирмэг дээр ирээд байв. Сэтгэлзүйн хувьд дотогшоо хүн учраас өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй болохоор миний дотроо төсөөлж, төлөвлөж байгаа киног минь хэн ч над шиг төсөөлж хараагүй нь ойлгомжтой байсан юм. Кино маань биежиж анхны хувилбар нь гарахад бодож байсанд минь хүрээгүй учраас үнэнийг хэлэхэд надад огт таалагдсангүй. Зураг авалтын саад бэрхшээл, бусдын эсэргүүцэлтэй байнга нүүр тулж байсан ч нэг зорисон зорилгоо биелүүлэхийн тулд би киноны нээлтийн товыг хойшлуулж, дахин ажиллахаар шийдсэн нь багахан байсан төсвийг минь дахин 40%-иар нэмэгдүүлэхэд хүргэв. Киноны гол дүрийн жүжигчин автомашины осолд орсон учраас зураг авалтыг дахин явуулах ч боломжгүй болов. Студи Холливуудад цоо шинэ өнгө төрхтэй гарч ирэх киног минь яг яаж сурталчлахаа мэдэхгүй байсан дээрээ амжилт олно гэж хүлээгээгүй учраас зар сурталчилгааг нь зүгээр л орхигдуулсан юм. Кино маань 1977 оны 3р сарын 25ны өдөр нээлтээ хийж, ердөө 35 кинотеатрт гарч эхлэв. Гэвч бусдын үл итгэсэн хандлагыг хага дарж, киног минь “Гайхамшигтай бүтээл болсон” гэх үгс хээрийн түймэр мэт хүмүүсийн дунд тархав. Хүн бүр л киног минь үзэх ёстой гэж шагшин ярьж, үзээгүй хүн Нэгдсэн улсад лав үлдээгүй гэдэг. Ингэж бусдын эсэргүүцэл, үгүйсгэлийг үл тоон, үл итгэж байсан хүмүүсийг үл харгалзан зорилгодоо бат зогсож, бүтээж, эцсийг нь үзсэн “Оддын дайн” кино маань тухайн цаг үеийнхээ боксоффисын шилдэг бүтээл болоод зогсохгүй, ашиг орлогыг тэрбум тэрбумаар нь олсон франчайз төсөл болж, кино урлагийн түүхийг бүхэлд нь өөрчилсөн юм. Найруулагч Жорж Лукасын кино студиуд, продюсеруудтэй сөргөлдөн байж, 11 сая ам.долларын төсөвтэй бүтээсэн “Оддын дайн” киноны эхний анги дэлхий даяар 775 сая ам.долларын ашиг олоод зогсохгүй, Оддын дайн франчайз нийт 27 тэрбумын ашиг олж, өнөөдөр ч ашиг орлого нь нэмэгдсээр байна. Өдгөө 73 настай найруулагч Жорж Лукасын нийт хөрөнгө 5.4 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Гэтэл бидний сайн Оддын дайн кино анхнаасаа мундаг хит кино байгаагүй бөгөөд 33хан настай найруулагч залуугийн зорилгодоо үнэнч, ажилдаа хайртай шаргуу хөдөлмөрийнх нь үр дүнд ийм их саад бэрхшээлийг давж байж, Холливуудад тэсрэлт хийгээд зогсохгүй, тусгай эффект графикийг хөгжүүлэх, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийг хүмүүс сонирхох үндсийг тавьж байжээ.

"Таны анхаарал, зорилгодоо үнэнч зан бодит байдлыг тань тодорхойлдог" Жорж Лукас.

Орчуулсан: Ариунаа Онгио

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй