Бид Стандарт,хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйл ажиллагааны талаар

· Стандарт, хэмжил зүйн газрын дарга АТГ-д дуудагдлаа

· Г.Гантөмөр та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ? Нийтлэлүүдийг бид өмнө нь хүргэж байсан. Эдгээр нийтлэл гарсантай холбоотойгоор тус газарт ажиллаж байгаа албан хаагчид болон тус байгууллагаас халагдсан иргэд Стандарт,хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус, ёс бус үйлдлүүдийн талаар мэдээлсээр байна. Үүнтэй холбоотойгоор тус газар ажилладаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд манайд хандсаар байна.

Тухайлбал СХЗГ-т ажилладаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж: Хэмжил Зүйн Хүрээлэнгийн дарга асан З.Ганболд 2017 оны 2 дугаар сард гавьяаны амралтад гарсан бөгөөд СХЗГ-ын Г.Гантөмөр нь өөрийн дотны найз н.Цогтгэрэлийн хүүгийн найз болох ахлах мэргэжилтэн Д.Дамбасүрэнг зохион байгуулалттайгаар ялуулсан. Д.Дамбасүрэн нь “Электрон түлхүүр” хэмээх хэмжих хэрэгслийн тусгай зөвшөөрөл бүхий компанитай. Компанийн захирал нь өөр хүн байдаг болохоор энэ тухай Д.Дамбасүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгадаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ Д.Дамбасүрэн удирдаж, түүний эхнэр н.Хонгорзул үйл ажиллагааг нь явуулдаг. Энэ компанийг шалгах юм бол Д.Дамбасүрэнтэй холбоотой нь тогтоох бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдох аж.

Мөн тус байгууллагын ажилтнууд байнгын дарамтад байдаг, ажлаас халагдахаас айдаг байна. Ажилчид нь цахим орчинд хэний ямар постод лайк дарсан, шэйр хийж байгаа зэргийг хянаж, зарим тохиолдолд өрөөндөө дуудаж загнадаг ажээ. Тиймээс гэмт үйлдлийн хажуугаар ус балгасан мэт чимээгүй өнгөрдөг байна.. Харин энэ бүхнийг эсэргүүцэн дуугарсан СХЗГ-ын ХХШБГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ариунааг ажлаас нь хууль бусаар, үгсэн хуйвалдаж халсан бөгөөд бид түүнтэй уулзаж цөөн зүйл тодрууллаа.

-Та СХЗГ-ын даргыг Төрийн албаны зөвлөл болон АТГ-т өгсөн. Яагаад өгөх болов?

- СХЗГ-т хууль бус үйл ажиллагаа явагдах бүрт би тус газырн дарга Г.Гантөмөрт анхааруулж хэлэх болгонд алдааг засахын оронд “Хууль, цагдаа хуулийн байгууллагад өг” гэж хэлдэг байсан. Миний хувьд газрын дарга хийхээс гадна ҮЭ-ийн даргын сонгуульт ажилтай. Байгууллагын үйлдвэрчний эвлэлд ажилчдаас маш их санал гомдол ирдэг. Үүний дагуу асуудал бүрийг Г.Гантөмөр даргад хэлэхэд хүлээж авдаггүй байсан. Хамгийн сүүлд хэмжил зүйн хүрээлэнгийн даргын сонгон шалгаруулалт явагдсан. Сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөн ч шударга бус болсон. Тиймээс би Төрийн албаны зөвлөлд 2017.10.24-ны өдөр гомдол гаргасан. Яг энэ үеэс эхэлж над руу дайрч эхэлсэн. ҮЭ-ийн хорооны өрөөг хураахаас эхлээд асуудлууд яригдсан. Тиймээс би 2017.10.30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл АТГ-т гурван удаа хандаж гомдол гаргаж, хуулбарыг Шадар сайдын ажлын алба болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд мөн илгээсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын ажлын албанаас Г.Гантөмөрийг дуудаж, уулзсан. Ингээд зохион байгуулалттайгаар намайг гүжирдэж ажлаас хууль бусаар халсан.

-ТАЗ-өөс танд ямар хариу ирсэн бэ?

- Төрийн албаны зөвлөлөөс надад ирсэн. Гэтэл үүнийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр дундаас нв авч цохолт хийгээд өөр алба руу шилжүүлсэн байсан. Үүнийг би сүүлд нь мэдсэн. Уг нь надад ирсэн бичгийг байгууллагын дарга замаас нь авч цохолт хийх ёсгүй.

- Хууль бус гэдгийг хэрхэн баталж байгаа вэ?

- Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2-т “2.Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.” Гэж заасныг зөрчсөн. Мөн ёс зүйн хорооны дүрмийг зөрчиж, гүжирдлэгийн чанартайгаар үгсэн хуйвалдаж ажлаас халсан. Ёс зүйн хороо нь ямар ч баримт нотолгоогүй, Г.Гантөмөр болон түүнтэй холбоотой 2-3 хүний бичгийг үндэслэн дүгнэлт гаргаад Удирдах ажилтны ёс зүйн хорооны хурал зохион байгуулж намайг халсан.

- СХЗГ хэдийгээр стандарт зарах эрхтэй ч энэ мөнгө байгууллагын данс болон улсын төсөвт төвлөрдөггүй тухай?

- СХЗГ стандарт зарах эрхтэй байгууллага мөн. Харин зарж байгаа стандартын мөнгө нь СХЗГ-ын данс буюу санхүү рүү орохгүй, нэр бүхий ахлах мэргэжилтэн, газрын даргын хувийн данс руу ордог. Мөн газрын дарга, ахлах мэргэжилтнүүд стандартыг бэлэн мөнгөөр зарж өөрсдөө хувьдаа завшдаг талаар би Г.Гантөмөр даргад удаа дараа хэлэхэд “Юу яриад байгаа юм. Би тийм асуудлыг мэдэхгүй байна” гэж байсан. Гэвч саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр эсрэг юм ярьж байсан.

-Европын холбооны санхүүжилтээр хэвлэсэн үнэгүй тараагдах ёстой хоёр номыг зарж байгаа. Үүнийг Европын холбоо мэддэг болов уу?

- Мэдээгүй байх гэж бодож байна. Миний бодлоор Европын холбоо санхүүжүүлсэн бол СХЗГ ямар нэгэн байдлаар ашиг олох биш, хэрэгцээ газруудад үнэгүй тараах ёстой байх. “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар”, “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” гэсэн номуудыг СХЗГ-ын санхүүгээр дамжин нууцаар худалдаалагдаж байгааг АТГ шалгаж байгаа болохоор тодруулах байх.

- Үнэт цаас болон тамга хуурамчаар үйлдсэн зөрчил СХЗГ-т гарсан. Энэ хэрэг хэрхэн ил болов?

- 2015 онд шалгалт хийсэн ажлын хэсэгт би орж ажиллаж байсан. Шалгалтын явцад яах аргагүй хуурамч үнэт цаас, тамга хэрэглэсэн нь илэрсэн.Үүнийг ШШҮХ нотолсон байдаг. Шалгалт хийсэн ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад, хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт танилцуулсан. Гэвч Г.Гантөмөр дарга болон тухайн үед хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Өнөржаргал нар холбогдох баримтыг авсан ч цагдаагийн байгууллагад хандаагүй. Харин үнэт цаас, тамга хуурамчаар үйлдсэн гурван албан хаагчийг ажлаас халсан. Энэ хэргийн хохирлын хэмжээг тогтоогоогүй. Үүнийг СХЗГ-ын удирдах албан тушаалтнууд удаа дараа хурал дээр яригдахад Г.Гантөмөр ямар нэг тайлбар өгдөггүй. Асуудлыг дарсан гэдэг нь үнэн байх.

-Цаашид хэрхэн бодолтой байна вэ?

- Намайг ҮЭ-ийн даргаар ажиллаж байхад СХЗГ-ын ажилтнуудаас газрын дарга болон ахлах мэргэжилтнүүд хувьдаа мөнгө завшдаг тухай, байнгын дарамтад байдаг  тухайгаа хэлдэг байсан. Намайг ажлаас халж байгаа энэ үйлдэл нь Г.Гантөмөртэй холбоотой асуудлыг хөндөх юм бол ажлаас хална гэдгийг харуулж байгаа жишээ. Би хууль бус үйлдэлтэй тэмцэх болно. 2013 онд СХЗГ-ын даргаар н.Энхтайван ажиллаж байхдаа намайг үнэн шударга юм ярь ярьсны төлөө хууль бусаар ажлаас халж байсан. Тухайн үед би шүүхэд хандаж, хуулийн дагуу ажилдаа эргээд орж байсан. Тийм болохоор шударга үнэний төлөө явна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа

Төрийн албан хаагч ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бол эхлээд заавал Төрийн албаны зөвлөлд ханддаг. Үүний дагуу Б.Ариунаа ТАЗ-д хандаад байгаа аж. Мөн СХЗГ-ын даргын хууль бус үйлдлүүдийг баримт нотолгооны хамт АТГ-т хүлээлгэн өгч, өөрийг нь гүтгэсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тус тус хандаад байгаа ажээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор СХЗГ-ын дарга Г.Гантөмөр рүү уулзах цаг авахаар хоёр өдрийн турш хичээсэн боловч чадаагүй юм. Тэрбээр өөрийн гар утсаа бүтэн хоёр өдрийн турш аваагүй. Өчигдөр л гэхэд ажлын байрандаа 08:30-09:30 цагт ирээгүй Тиймээс бид түүнээс тодруулга авч энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа