Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж иржээ.

2013 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байна. Түүнчлэн, 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764 галт зэвсэг тоологдсоноос үзэхэд  жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байна. Цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул түүнийг худалдан авах, ашиглах, эзэмшихтэй холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай болжээ.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь зургаан бүлэг, 27 зүйлтэй бөгөөд галт зэвсэг өмчлөх, эзэмших, галт зэвсэг, сум ашиглах, хадгалах, худалдах, цуглуулах, үзмэрт тавих, бүртгэх, зөөх, тээвэрлэх, хураах, устгах, тооллого явуулах, Монгол Улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой харилцааг зохицуулна. Төсөлд галт зэвсэг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдах, галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилах, жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батлах, гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавих, хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх зохицуулалт хийх юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт-сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага  хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй болно