Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг.

Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой.

Иймд Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг.

ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг болно. Хэрэв 2017 оны 04 дүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байсан аж.