Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулах болсон байна. Бид энэ хэргийн талаар тус аймгийн прокурорын газраас тодруулахад “Цалингийн хий бичилт хийж мөнгө авдаг байсан.

Түүгээрээ шүүгч нараа шагнадаг. Түүнийг нь аймгийн Цагдаагийн газраас шалгаж эхлэхэд нь харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн. Уг нь хэрэг бүртгэлт нээх хангалттай үндэслэл бий. Иргэн О болон өөр бусад хүмүүст цалингийн урамшуулал гэх мэтээр санхүүгийн баримт бүрдүүлж мөнгө завшиж байсан асуудал байгаа. ШЕЗ-д Н.Майжаргалтай холбоотой гомдол очиж байсан ч тус зөвлөлийнхөн шалгасан, цалингийн хувиар торгох арга хэмжээ тооцсон болоод өнгөрсөн” гэх мэдээллийг бидэнд өглөө.

АТГ-ынхнаас энэ талаар лавлахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв.

Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй хэмээдэг ч шүүх, шүүхийн Тамгын газрын дарга нь ийнхүү төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байхад ШЕЗ нь  гэмт хэрэг биш гэж үзэж буй гэсэн. Учир нь М.Майжаргалын завшсан хөрөнгийн хэмжээ Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй учраас ямар нэг хариуцлага тооцохгүй хэмээж байгаа аж.

Ямартай ч гэм буруутай эсэхийг нь АТГ нь шалгаж тогтоох болно. Хэрвээ гэм буруутай бол прокурор нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх болно. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтоох болно. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харж л сууя даа...