М.БААСАНДЭЛГЭР

Оны эхний өдөр бензин, шатахууны үнэ 50 хүртэлх төгрөгөөр нэмэгдэх талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь оны эхний өдрөөс Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх нь тодорхой болоод байгаа.

Түүнчлэн 2017 он гарснаас хойш брент газрын тосны ханш найман хувиар өсч, 63 ам.доллар даваад байгаа.  Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт таваарын ханш 64 ам.доллар давж сүүлийн хоёр жилийн оргилд хүрч байсан юм. Өнгөрсөн сард АНУ-ын занарын олборлолт 7.1 сая баррель давж, түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Ийнхүү АНУ-ын олборлолт эрчимжсэн газрын тосны ханшийн өсөлтийг нэг түвшинд барихад хүргэсэн билээ.

OPEC болон ОХУ-ын тал газрын тосны гарцаа танах хөтөлбөрөө ирэх оны эцэс хүртэл сунгахаа зарласан. Ингэснээр үргэлжлүүлэн олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийг бууруулж, ханшийн өсөлтийг хадгалах зорилт тавиад байгаа юм. OPEC-ийн зүгээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор газрын тосны ханш өсөхөд нөлөөлсөн. OPEC-ийн зүгээс ирэх онд буюу 2018 онд газрын тосны ханш тогтвортой, жигд байдлаар өсөх хандлагатай байгааг мэдэгдээд байгаа.

Энэ нь манай улсад бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүйд хүргэх нь ойлгомжтой. Ингэхдээ АИ92 болон 80 бензинийг литр тутамд нь 40 төгрөгөөр, дизель түлшийг литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэх товтой байгаа юм. Гэхдээ энэ бол өнөөдрийн нөхцөл байдалд нийцүүлж буй үнэ биш гэдгийг эх сурвалжууд хэлсэн. Засгийн газартай тодорхой ойлголцолд хүрч чадахгүй бол 50-100 төгрөгөөр нэмэх аж. Энэ сургаар иргэд оноос өмнө амжиж банкаа дүүргэж байгаа талаараа цахим орчинд  бичээд эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn