Доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Нийслэл хотод яг одоо тулгарч байгаа хамгийн том асуудал нь утаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, арга зам, боломжууд гэвэл юу байна вэ?

-Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд хот суурин газрын хамгийн аюултай зүйл нь утаа. Намайг хүүхэд байхад буюу 1970-аад оны үед хөдөөнийхөн “Өвлийн улиралд Улаанбаатар хотод очиход агаар нь муу, уушги муудчихаар газар байна” гэж ярьдаг байсан юм.

Би 1986 онд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Тэгэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдол болохоо байчихсан байна гээд Дэнжийн мянгад дулаан хураагуур, цахилгаан зуух гэдгийг тавьж байлаа. Тэр үед би III цахилгаан станцад ажиллаж байсан учраас тэр зуухыг гэртэй нь иж бүрнээр нь судлах завшаан тохиолдсон юм. Түүнээс хойш гучин хэдэн жил болчихож дээ. 31 жилийн турш утаатай тэмцсээр ирсэн ч өнөөдөр утаа гамшгийн түвшинд ирчихлээ. Үүнийг төрийн гурван өндөрлөг уулзаж ҮАБЗ “Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрчээ” гэдгийг зарлаад холбогдох газруудад даалгавар өгч байсан билээ. Өмнөх Ерөнхий сайд Улаанбаатар хотыг цахилгаан халаагуурт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Өнөөдөр харж байхад өнгөрсөн 30 жилд хийсэн хамгийн өнгөтэй, өөдтэй ажил нь Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагуурт шилжүүлэх байжээ.

У.Хүрэлсүх сайд айлуудаар орж утаатай хэрхэн тэмцэж байгаатай танилцахад цахилгаан халаагууртай айлууд асуудлаа бүрэн шийдсэн нь харагдаж байна лээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хот утаанаасаа салах нэг арга нь цахилгаан халаагуурт шилжих нь нэг боломж юм гэж харж байна.

2016 онд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” гэсэн хурал болсон юм. Уг хурал дээр агаарын бохирдол яагаад үүсээд байна, түүнийг бууруулах ямар арга байна вэ гэдэг дээр эрдэмтэн, судлаачид ярилцсан. Улаанбаатар хотын агаарын бохирдол юунаас үүдэлтэй вэ гэхээр өвлийн хүйтэн сэрүүний улиралд асуудал үүсдэг болохоос биш бусад үед нь гайгүй. Монгол оронд өвлийн улиралд гаднах агаарын температур буураад ирэхээр инверцийн үзэгдэл болдог.

-Инверци гэдгээ энгийн үгээр тайлбарлахгүй юу?

-Агаарын тогтонги үе. Улаанбаатар хотод, ялангуяа Туул голын хөндийд агаарын тогтонги үед тогтдог. Агаар хөдлөхөө байчихдаг. Өрхийг нь бүтээчихсэн гэр шиг л болчихдог. Улаанбаатар хотод хоёр хоног л утаа гарахад хүн амьдрахын аргагүй болчихож байгаа юм. Үүнийг зүйрлэн хэлэх юм бол өрхийг нь бүтээчихсэн гэрт нэг хүн тамхи татаад байвал гайгүй. Таван хүн хоёр юм уу, таван өдөр нэгэн зэрэг тамхи татчихвал тэнд хүн амьдарч чадахгүй. Үүн шиг л болчихож байгаа юм. Энэ бол байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдлийг хүн яаж ч чадахгүй. Тийм учраас энэ их утаанд бид ялагдаад байгаа юм. Үүний эцсийн шийдэл бол байгалийн үзэгдэл байж агаар тогтчихоод байгаа учраас энэ дотор утаа гаргахгүй болбол л асуудал байхгүй болно. Өрхийг нь бүтээчихсэн гэрт хэн нэгэн тамхи татахгүй байхад л болно гэсэн үг.

-Хэрвээ Улаанбаатар хот салхины ам, салхитай газарт анх байгуулагдчихсан бол ийм асуудал үүсэхгүй байж. Тийм үү?

-Тийм, тийм. Салхитай газарт байгуулагдчихсан байсан бол ийм асуудал байхгүй. Түрүү үед хотыг төлөвлөхдөө салхигүй, намуухан газруудад хотыг барьдаг байжээ. Одоо бол хүн ам их хэмжээгээр суурьшаад эхлэхээр салхитай газарт барихгүй бол болохоо байж байгаа юм. Та Дорнод аймгийн Чойбалсан хотыг үзсэн үү.

-Үзсэн?

-Чойбалсанд би зөндөө очиж байсан. Тэнд очих бүрт станцын яндан перпендикуляр байдаг байхгүй юу. Тал газар, салхитай газарт инверцийн үзэгдэл тогтохгүй. Инверцийн үзэгдэл хэзээ гардаг юм гэхээр цаг уурчдын судалснаар, 7-8 м/секунд салхитай болоход инверци буюу агаарын тогтонги байхгүй болчихдог. Салхи гарангуут утаа алга болно.

-Цаг агаарын мэдээгээр ихэвчлэн “Улаанбаатарт салхи 6-10 м/сек” гэж ярьдаг?

-Та нар судалж болно. 6-10 м/секунд хурдтай салхитай гэвэл тэр өдөр бараг салхигүй гэсэн үг. Ер нь салхигүй байна гэвэл утаатай байна гэсэн үг. Салхины давтагдлыг аваад үзвэл нэлээд хоногуудад нь агаарын тогтонги үе бий болчихоод байгаа юм.

-Лондон хотын 1900-гаад оны эхэн үеийн утааг юутай ч зүйрлэшгүй гэж ярьцгаадаг. Энэ удаад тэр холын зүйлийг яриад яахав. Энүүхэнд байх, урд хөршийнхөө туршлагыг бид ярих нь зүйтэй байх. Бээжин хот утаанаасаа салаад эхэлчихлээ. Өндөр насжилттай машин, үйлдвэрүүдээ хотоос гаргаж, шингэрүүлсэн хийг бүхий л хэрэгцээндээ нэвтрүүлж байна?

-Би сүүлийн үед Бээжин орсонгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад Бээжин хот утаанаасаа салчихжээ. Инверцийн үзэгдэл хаа сайгүй л тогтоно. Инверцийн үед утаа гаргах юм бол л утаатай болно. Тийм учраас Хятадын Засгийн газраас Бээжин хотод утаа гаргадаг юмыг л болиулж байгаа байхгүй юу. Тэр олон айл, жижиг, хувийн уурын зуух, нүүрс түлдэг бүхий л цэгийг болиулаад, утаа гаргадаг машинуудыг зогсоогоод эхлэхээр утаа гаргах нь багасна. Утаа гаргахгүй болоод эхлэхээр аяндаа Бээжин хот утаагүй болчихно. Ийм л юм байгаа юм. Гэтэл манайх олон жилийн туршид дандаа л буруу аргаар тэмцэж ирсэн байхгүй юу. Хятад улсын хувьд утаанаас салсан гол арга нь ердөө шинжлэх ухаандаа тулгуурласан явдал. Шинжлэх ухаанд тулгуурлах, шинэ, зөв зүйтэй технологийг нэвтрүүлэх нь аливаа хүндрэлээс гарах гол арга. Ер нь хүн төрөлхтний өмнө тулгарсан аливаа бэрхшээлийг шинжлэх ухаанд тулгуурлаж л даван туулж ирснээс биш хар бор аргаар зүтгээд байвал мухардлаар төгсдөг нь олон.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны голомтуудаар явж нөхцөл байдалтай танилцах үеэрээ утааны эсрэг нийтдээ 147 тэрбум төгрөг, зээл тусламжаар 60 сая ам.доллар зарцуулсан талаар ярьж байсан?

-Утаанд маш бага мөнгө зарцуулсан. ДЭМБ-ын судалгаа байдаг юм. Улаанбаатар хотын иргэд утаанаас болж жилд 400 сая ам.долларыг эрүүл мэнддээ зарцуулж байна гэдгийг тогтоосон.

-Арай л их юм аа?

-400 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийг иргэд утаанаас болж эрүүл мэнддээ зарцуулж байна. Та утаанаас болж харшилтай болж, ханиад хүрч, хордлогод орж хатгаа авахад эмнэлэгт хэвтэх, ажлын чадвараа алдах зэрэгт тодорхой хэмжээний мөнгө зарцуулна. Эм тариа гээд нэрлэвэл их мөнгө гарна.

-Утаанд хордож, хатгаа авч эмнэлгээр явахад шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд нийтдээ 500 мянга орчим мянган төгрөг зарцуулж, энэ хооронд ажлаа хийж чадаагүйгээс цалингүй хоцрох жишээний?

-Нэг л иргэн утаанаас болж нэг удаад ийм хохирол амсч байна. 1.3 сая хүний хэд нь ханиад хүрч, хатгаа авч, утаанд хордох вэ. Тэр тоонд үржүүлээд үзэхэд тэр утааны эсрэг зарцуулаад байна гэдэг 147 тэрбум төгрөг бол өчүүхэн мөнгө шүү. Олон жилийн турш л утааны эсрэг мөнгө зарцуулж байна. Энэ жил гэхэд цахилгаан халаагуурт зургаа, долоон тэрбумыг л нөхөн олговорт өгч байгаа юм. Жил жилээр нь иймэрхүү мөнгө төсөвлөөд нийтэд нь бодоход 147 тэрбум л болж байгаа юм. Сүүлийн 30 жил утаанд дарлуулахдаа жилд 200 сая ам.долларыг утаанаас гаралтай элдэв өвчинд зарцуулсан гэж бодвол нийтдээ хэдэн төгрөг болох вэ, бараг зургаан тэрбум ам.доллар болно биз дээ. Ийм их мөнгөөр иргэд, улс орон минь хохирсоор иржээ. Тэрний дэргэд тэр 147 тэрбум төгрөг, 60 сая ам.доллар юу ч биш.

Тэгэхээр Улаанбаатар хот утаанаас салах гол арга нь утаа гаргадаггүй технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Цахилгаан халаагуур, хийн халаагуур гэх мэт утаа хамгийн бага гаргадаг аргууд руу шилжих хэрэгтэй. Гал түлдэг юм болгон л утаа гаргадаг.

-Утаанаас салах олон арга байна. Бараг бүгдийг нь ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Бэлээхэн Бээжингийн жишээ байхад ч үл тоох. Тэгэхээр эхлээд сэтгэхүйдээ утаанаас салъя, салцгаая гэсэн зүйлийг л маш сайн суулгах хэрэгтэй юм биш үү?

-Нүүдлийн соёл иргэншил нь монголчуудын сэтгэлгээнээс арилаагүй. Таных ч, минийх ч арилаагүй. Би Улаанбаатарт нүүж ирээд бараг 40 жил болж байна. Тэгэхэд миний өнөө малчин сэтгэхүй одоог хүртэл арилаагүй. Хэдэн үе өнгөрч байж тэр сэтгэлгээ арилах байх. Тэгэхээр манайхан хөдөөнийхөө сэтгэхүйгээр л сэтгээд байгаа юм, Улаанбаатарт нүүж ирж байгаа улс. Төрөөс тэрүүнд нь таарсан бодлого явуулах ёстой. Монгол гэртэй ерөөсөө ноцолдох хэрэг байхгүй. Дандаа монгол гэртэй ноцолдсоор ирсэн нь өнгөрсөн 30 жилийн алдаа. Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын ихэнх нь орон сууцанд орохыг хүсч байгаа. Жижигхэн байшин ч атугай барьсан айлыг сайн дулаалуулаад л цахилгаан халаагуур, дэвшилтэт технологийн аргуудыг хэрэглүүлэх хэрэгтэй. Гэрт ерөөсөө дэмжлэг үзүүлж болохгүй. Хажуу талын байшинтай айл нь байшингаа сайхан дулаалаад гар хөлөө нүүрсэнд халтартуулахгүй, ая тухтай дулаахан амьдраад байгааг гэрт амьдарч байгаа хөрш нь хараад аяндаа дуурайна.

-Дуурайна, барьцана гэдэг чинь монголчуудын сайн хийж чаддаг “ажил”-уудын нэг шүү дээ?

-Хөдөө малчдыг цахилгаанжуулах чиглэлээр ажилласан юм. Монголын хөдөөгийн малчид бүрэн цахилгаанжсан. Монголын сэтгэхүйгээр бол бие биенээ дуурайж шинэ технологийг нэвтрүүлэн амьдардаг байхгүй юу.

Тэр маягаар Улаанбаатар хотыг аль болох сууцжуулах хэрэгтэй. Сууцыг дулаалах хэрэгтэй. Дулаалгатай байшинтай айл маш бага цахилгаан хэрэглээд эхэлбэл бусад нь дуурайгаад л эхэлнэ. Авгай нь хэлнэ. “Чи энэ Балдангийнхныг хараач” гээд л эхэлнэ. Тэгэхээр төрөөс маш богино хугацаанд маш их мөнгийг зарцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол жил бүхэн 400 сая ам.доллараар иргэд маань хохироод байвал хүндрэлтэй.

Улаанбаатар хотод агаарын тогтонги гэх байгалийн үзэгдэл байгаа учраас элдэв дээдийн арга хэрэглэнэ гэж ярьцгаагаад нэмэргүй.

-Том сэнс байршуулна, Богд уулыг нүхэлж утааг нь гаргана гээд л ярьцгаадаг?

-Утааг нь сорно, салхилуулна гэдэг. Тэр бүхэн бүгд худлаа. Гагцхүү утаа гаргахгүй л байх ёстой. Утаа гаргахгүй байх арга маш цөөхөн. Нэгдүгээрт, цахилгаан халаагуур тавьж болно. Маш бага утаа гаргадаг хийн халаагуур байж болно. Өндөр үнэтэй технологи хэрэглэж байгаа бол байшин, барилгынхаа дулааны алдагдлыг бууруулах хэрэгтэй. Хүн бүр хэмнэдэг суурин соёл иргэншил рүү дамжих ёстой.

-Цахилгаан халаагуурт шилжихэд хүчин чадал нь бага байгаа биз дээ?

-Станцыг нь барих хэрэгтэй. Гурван жилд иргэд маань эрүүл мэнддээ утаанаас болж нэг цахилгаан станц барих мөнгө буюу 1.2 тэрбум ам.долларыг алдаж байна.