Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хурал болж, дүүргүүдийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар мэдээлэл сонслоо. Хурлыг тус ажлыг хэсгийн орлогч дарга нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар удирдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагдсан гэдгийг дүүргийн Цэргийн штабынхан мэдэгдлээ. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Хурлаар бүртгэлийн ажлыг зохион байгуулахад иргэдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байх үүргийг холбогдох албаныханд өглөө.