Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/-ын тухай хуулийн дагуу иргэдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан олгодог болсон билээ. Энэ дагуу 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан иргэдэд олгох аж.

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголт авах иргэд цахим төлбөрийн ebarimt.mn системд бүртгүүлсэн, хувийн мэдээллээ үнэн зөв оруулсан байх шаардлагатай.

Хувийн мэдээлэлд овог нэр криллээр байх, регистрийн дугаарын формат зөв эсэх, банкны нэр, хамтран эзэмшигчгүй өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгаж баталгаажуулснаар буцаан олголт авах боломжтой болдог.  

Мөн хувь хүн 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23.59 цаг хүртэл хэвлэгдсэн баримтуудаа 2018 оны эхний ажлын тав хоногт e.barimt.mn сайтад бүртгүүлнэ.

Ингээд Гааль, татварын мэдээлэл технологийн төв УТҮГ нь 2018 оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан авалтын мэдээллийг хувь хүн бүрээр нь гаргаж, ТЕГ-ын орлогын газарт ажлын тав хоногт багтаан илгээж, ТЕГ мэдээллийг ажлын 9 хоногийн дотор хянан баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх юм байна.

Ингэснээр Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүн, албан байгууллагын бүртгүүлж, баталгаажуулсан данс руу НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг шилжүүлэх ажээ.

Хэрэв журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй, мөн Албан татвар төлөгчид  нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох боломжгүй болдог. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг http://butsaalt.ebarimt.mn/-ээс авах боломжтой.