..,Хөөе, залуу адуу яаж авч байна?

Кг нь 4400.

 Хэдэн адуутай яваа юм.

96 тооны.

“Тэгвэл анд аа, манай эзэн кг-ыг нь 4500 төгрөгөөр авна, намайг дагаад явах уу. Манай нядалгааны газар энүүхэнд, булан тойроод л”   хэмээгээд урд орон замчлан гүйх эрийн өдөр тутам хийдэг ажил нь ердөө энэ. Хэдий чинээ эрт босч зам тосч  олон хүнд зуучилна, тэр хэрээр эзний чулуудах зоосны хэмжээ өснө. Бас сайхан загнаж, орой нядалгааныхаа газрыг хаах үедээ ганц шил Ерөөлийн бараа харуулах хаялгатай тул аль болох олон адуу зуучилж өгөхийг хичээнэ. Тэр сүүлийн хоёр жил ийм ажил хийж байгаа тул хүнд ачаатай тэрэг даваа өөд өгсөн уухилах чимээг андахаа больжээ. Бас цас  манарган давхих олон адууны нүргээнийг унтаж байхдаа ч сонсдог болсон.  Энэ удаад ч алдсангүй. Долир Цэрэнгээс түрүүлж гүйсний буянаар Завханаас гарсан 96 тооны адууг Эмээлт рүү өнгийхөөс өмнө барьж авч, эзэндээ хүргэж өгөхөөр майжигнаж яваа нь энэ.  Харин адуун сүргийн тухайд амийг нь авч явах цус үнэртсэн газар руу ойртох тусам хөлийнх нь хурд саарч, ижил сүргээ санан хамраа тачигнуулан үргэвч мөнгөнд улангассан эзэн нь килограмм нь 4500 төгрөг гэх сургаар 96 тооны адууг бүгдийг  нь энэ үнээр өгчихвөл дор хаяж жар гаруй сая төгрөгтэй болох нь байна гэж цээжний бангаар бодмоцоо хөөрсөндөө  дуугаа улам өндөрсгөж, замын турш нутаг гүйх гээд зовоосон өндөр хээр азарганы ташаан толгой руу уурганы үзүүрээр хэд сайн евроод авлаа. Өнгө мөнгөний хорвоогийн нэгэн өглөө Эмээлтэд ийн эхэллээ.  Хөөрхий 96  адуу их  үд гэхэд  цээж бөгс болон өлгөгдөж, адуучин эр хамгийн багадаа жар гаруй сая төгрөг өвөртлөн Улаанбаатарыг зорих бол нядалгааны газрын эзэн, хятад боосынхоо өгсөн даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байгаадаа  хөөрч цусанд будагдсан цементен талбай дээрээ бүжиглэх шахан баярлах нь гунигтай.

     Амь гуйсан  адууны нүдийг хэн ч харж чаддаггүй  юм билээ

Уг нь энэ газрын эртний нэр Эмээлт. Өвөг дээдэс маань  их холын ерөөл, учир билэгдлийг бодож ийн нэрлэсэн байх. Гэвч өдгөө  амьтны голыг тасалдаг нядалгааны  газар болж хувирсан.  Хүн гээч хоёр хөлтний  хамгийн тансаг зоог нь мах болохоор яалтай ч билээ. Гэхдээ өвөг дээдэс маань  талаар дүүрэн мал сүрэг байна гээд  өглөө бүр үхэр унагаж байгаагүй.  Зунд нь сүү цагаан идээгээр өвөл идсэн махныхаа хорыг гадагшлуулж, мал сүргээ тэнцвэртэйгээр өсгөж үржүүлсэн ирсэн. Харин эдүгээ шинэ цагийн монголчууд өвөл зунгүй тарган хонины өөхтэй хавирга зооглодог болоод удлаа.  Бас мөнгө л болж байвал юугаа ч хайрлахаа больсны жишээ бол дээр дурдсан адуун сүргийг үй олноор нь амьд үхсэн ялгаагүй хил дамнуулан наймаалах болсон явдал. Ингэж хэлэхээр бэлчээрийн даац нь хэтэрсэн учраас мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй яах юм бэ гэх хүн захаас аван таарах байх. Гэхдээ сүргийн бүтэц гэх зүйлийг  ямагт санаж л явах учиртай. Таван хошуу мал нэг  хотонд байх л ёстой. Хонь нь голчлох уу, адуу үхэр нь зонхилох уу гэдэг нь тухайн нутаг уснаас ихээхэн хамааралтай  нь мэдээж. Бас байгаа хэдээсээ хэдийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь тухайн малчны асуудал. Мөнгө л хэрэгтэй гээд малаа  хуйгаар туун нядалгааны газарт тушааж хотоо харлуулсан малчин баяжина гэж ч юу байх билээ. Түүнтэй адил хятадууд адууг өндөр үнээр худалдан авч байна гээд сүрэг сүргээр нь таслан хөөж, мах болгоод байвал хожмын өдөр адуу гэж ийм амьтан байсан юм гээд зураг үзүүлээд сууж байх хэрэг үү.  Өнөөдрийн  байгаа дүр зургаар бол Монгол Улс таван жилийн дараа адуугүй болно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Эмээлт зах 18 том, жижиг махны үйлдвэртэй гээд бод. Ид ачааллын үедээ өдөрт хамгийн багадаа 120 адуу нядалгаанд ордог гээд бодохоор зөвхөн нэг өдөр 2160 адуу мах болон хувирдаг байна. Энэ бол өнөөдрийн дүр зураг. Харин урин цагт хятадууд монгол адууг амьдаар нь хилээр гаргахыг чухалчилдаг.

 

 

Тиймээс сүрэг сүргээр нь туухаас эхлүүлээд, аагим халуунд машинд олноор нь ачиж тээвэрлэснээс зам зууртаа харангадах, өлдөх, цаашлаад бага залуу нь дарагдаж үхэх бол энүүхэнд. Ийм бичлэгийг өнгөрсөн зунжингаа цахим хуудаснаас үзсэн. Монгол Улс адуугаар баян хэмээгддэг ч 2016 оны мал тооллогын дүнг харвал үнэн хэрэгтээ дөнгөж л 3,6 сая адуутай аж. Энэ тоон үзүүлэлт хүн амтайгаа харьцуулахад л өндөр байгаагаас биш дэлхийн бусад орнуудад ийм дайны адуу байж л байгаа. Тэд л манайхан шиг мөнгө хөөн  өлөв долов хийж, мах болгон экспортлодоггүй болохоос. Хэдхэн жилийн өмнө  вьетнамчууд манайх шиг мөнгөний хойноос хөөцөлдөн хэдэн үхрээ барсан байдаг. Тэр үед хятадууд  зах зээлээс өндөр үнээр үхрийн шийр  худалдаж явсан байдаг.  Өндөр үнэ дуулсан үхэрчид манайхан шиг л  хоёр гурав, дөрөв таваар нь тууж, аваачсаар таван жилийн дараа гэхэд улсынхаа хэмжээнд 2400 тооны үхэртэй үлдэж баларсан юм  гэнэ лээ. Одоо тэд амаа барин экспортын мах идэж буй. Манайх ч тэгэх биз.  Нөгөөтэйгүүр, эдгээр үйлдвэрийн эзэд нь бүгд хятад. Тэд зөвхөн адуунаас дан хар махыг нь л шулж авахыг шаарддаг байна.  Гадар, дотор өөх, гэдэс дотор, элэг, уушиг, толгой, хэл нь тэдэнд хэрэггүй. Тэгсэн мөртөө ядарсан монгол толгой шийр, гэдэс дотор, хаягдал, өвдөл цөвдөл гуйхаар өгдөггүй атлаа хашааны буланд овоолж нохой ч тоож идэхгүй өмхийрөх  үед нь хаядаг гэж байгаа.  Энэ үйлдэл нь монголчуудыг нутаг дээр нь доромжилж буй хэрэг.   

Дэлхий дээр хамгийн аюулгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг бэлчээрийн адууны мах гэдгийг тэд хэдийнэ мэдчихэж. Адуу барагтай л бол өвддөггүй амьтан гэдгийг биднээр хэлүүлэх юун. Тэр утгаараа кг  мах нь 28 ам.доллароор дэлхийн зах зээл дээр зарагддаг байна. Харин адууны өлгий нутаг болсон Монгол Улсад кг нь 1,2 ам. доллар. Ийм үнээр худалдаж аваад зах зээлд нийлүүлэхэд кг махнаас унах ашиг алт олборлосноос хэд дахин их байгааг гадныхан маниар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өвс ургамал бол хөрсийг нь бордоод өгөхөд л хураах ургацын хэмжээ тэр хэрээр нэмэгдэнэ. Харин адуу жилд нэг л удаа төллөдөг амьтан. Зарим жил сувайрна, цаг агаар таагүй бол хээл хаяна.    

 

 “Танай адуу дуусна, бид буцна”

Хятад худалдаачны хэлсэн үг болохоос биш чин үнэн зүйл нь энэ.  “Саян-Уул” компаний харуул хамгаалалтын ажилтан  залуу “ Манай найз ярьсан юм. Түүний ажилладаг  махны үйлдвэр дээр Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт ирээд үйлдвэрийн ариун цэвэр болон бас бус асуудал дээр торгууль тавиад буцаж. Шалгалт явсны дараа үйлдвэрийн эзэн хятад “Байцаагчийн дансанд мөнгө хий. Торгууль төлснөөс  бага зардал гарна.  Тэртээ тэргүй бид буцна. Монгол  Улс таван жилийн дараа адуугүй болно. Тэр цагт энэ үйлдвэр бидэнд хэрэггүй” хэмээсэн гэнэ лээ” гэж ирээд харуусан ярьсан.  Үнэхээр тийм. Өдөрт хоёр мянгаараа нядалгаанд орохоор адуу үлдэх үү. Энэ өдөр ч хоёр гурав, дөрөв, таваар нь тэвшин дээр ачсан морьд Эмээлт рүү хөвөрч л байна лээ.  Адуу зөнтэй амьтан. Хүнээс илүү ухаантай гэж ирээд л хөгшчүүд ярьдаг.  Үнэхээр тийм аж. Нядалгааны газрын хашаа руу оруулах гэж бөөн юм болж байгааг хоёр нүдээрээ харлаа. Нүдний нулимс бүрхээд ямар хэцүү байсан гэж санана. Цахим сүлжээгээр хятадууд адууг тарчлааж байна, шөрмөсийг нь тасалж байна гэж шуугиад л байсан. Чухам үнэнийг хэлэхэд, монголчууд тэгдэг учраас хятадууд биднийг дууриасан хэрэг. Цусны үнэр авсан морьд хамраа тачигнуулан нядалгааны  хашааны руу орохгүй амь тавин зүтгэж байхад цусанд улайрсан нядлаачид мод, төмөр гарт юу таарсанаараа толгой тархигүй нүдэж байгааг юу гэх вэ. Тэдэн дунд хээлтэй гүү хүртэл байсан. Айсандаа нүдэн дээр хээлээ хаяж байсан гээд төсөөл дөө.  Хэлэх ч үг олдохгүй байна.  Хээлтэй гүүгээ үнэлэн, сохор зоосны төлөө  нядалгаанд өгч явуулж байгаа  малчныг хүн гэж хэлэхэд үг эвлэхгүй нь.  Өчигдөр хэсэг адууг  Архангайгаас тууж ирэн нядалгаанд оруулж. Орой нь нэгэн эр нядалгааны газраас уутай зүйл бариад гарч. Юу авч явааг нь шалгахад, “Би хурдан удмынхаа толгойг авч явна. Нутагтаа аваачаад уулан дээр зална” хэмээн хариулж. Бас л хэлэх үг олдсонгүй. Дэргэд байсансан бол тархи руу ороолгоод авмаар л байлаа.

 

 

Юу гэсэн үг вэ. Мөнгөгүйдлээ мөнгөгүйдлээ гэхэд хурдан морио тууж авчраад нядалгаанд өгтлөө хувхайрлаа гэж үү дээ. Шинэ цагийн монголчууд ингэтлээ өнгө мөнгө хөөж, доройтлоо гэж үү. Бид чинь ямар ард түмэн байлаа даа. Төрийнхөө сүлдэндээ залж, хурдан морины уяан дээр очихдоо хүртэл ёс жудгийг сахидаг байсан бус уу. Морины тухай олон сайхан зүйлийг өгүүлж болно. Хүний  сайн нөхөр гээд л. Гэвч өнөөдөр монгол хүнд, адуучин эрд эрдэнэт хүлэг нь бус ирмэж тоолдог  мөнгө чухал болжээ. Хурдны удамтай байна уу, хээлтэй гүү байх эсэх нь хамаагүй. Мөнгөтэй эрийн нүдэнд туссан бол аргамаг хурдан хүлгээ ч барьж өгөөд зогсч байх болж.  Дайны талбарт эзнээ орхилгүй, дайчин нөхдөд нь хүргэж өгсөн  монгол морь, монгол адууны гайхамшгийг магтан дуулсаар ирсэн  атлаа хэдэн халтар төгрөгийн сургаар адуун сүргээ азарга азаргаар нь тууж авчраад мойл хар нүднээс нь унах  нулимсыг нь ч үл тоон  нядалж  байгааг юу гэх билээ. Өдөр бүрийн улайг харсаар нүд сэтгэлийнх нь сүв битүүрсэн гэдэс арилгагч авгай нар өрөөсөн гартаа цусанд будагдсан түмпэнгээ эргэлдүүлэн ташаа тулан таахалзах нь цаанаа л зэвүүн.

 

 Төрийнхөө сүлдэнд залчихаад төгрөгийн сургаар нядалж орхих монголчууд

Би худал хэлээгүй. Мөдхөн  “Унага тутамд урамшуулал” олгох тухай гэсэн төрийн зарлиг уншаад зогсч байх вий.  Зах зээлд шилжсэн он жилүүдийн эхэнд  дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээгээ бууз, хуушуур болгоод дууссан  билээ. Хүү өрх тусгаарлах гээд дөрвөн тэмээний учрыг олох гэсэн юм гээд дөрвөн сайхан амьтан хөтөлж явсан  тэмээчинтэй таарч л байлаа. Намайг их сургууль төгсгөх гээд  ижий, аав хоёр минь хэдэн тэмээгээ дуусгасан даа хэмээн шүүрс алдах нэртэй дуучинтай ярилцлага хийж л явлаа. Тэр үед надад юм бодогдоогүй. Харин одоо Монгол Улс тэмээгүй болчих шахаад баларч байгаа.  Үүний араас адуу орж байна. Адуугүй  Монголыг Монгол гэх үү.  Мориндоо мордсон байхад монгол хүн ялдаг байсан юм.  Хийморь сүлд нь моринд нь байсан учраас бид ялж байж. Морь ч үгүй, хийморь ч үгүй монгол хүн хаа хүрэхийг  хэлж мэдэхгүй юм. Морь бус мөнгө л чухал болсон юм бол төрийнхөө сүлднээс морио авах хэрэгтэй. Тэгээд морины оронд  гадна дотны хэн байх нь хамаагүй хүний  зурагтай зоос  тавьчихгүй юу. Ийм л бухимдал өвөртөлсөөр Эмээлт захаас хөдөллөө.    Монголын адуу дуусахын цагт хятад худалдаачид Эмээлтээс хэдийнэ буцсан байна.

Эрхэм Ерөнхийлөгч Таныг адуун сүргээ хайрласан, хамгаалсан, өмгөөлсөн зарлиг гаргах байх гэж найдаад Эмээлтийг зорьсон минь ийм учиртай.

 Ч.Чулуунцэцэг

www.24tsag.mn