Монголын зэс, алт, нүүрс, уранаас эхлээд байгалийн ховор элемент хүртэл дэлхийн анхаарлын төвд ороод байна. Ойрын 10 жилд нэг монгол хүнд ноогдох орлогын хэмжээ дөрөв дахин өсөх тамааглал байгааг Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивен Барнетт Улаанбаатарт ирэх үеэр тэмдэглэсэн.

Гэхдээ эрдэс баялагийн нөөц аливаа орны хөгжих баталгаа болдоггүй ч тэрбээр мөн сануулсан юм. Бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд “ Өнөөдөр” сонин ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс толилуулж эхэлсэн билээ. Энэ удаа Кувейт хийгээд Иракийг танилцуулж байна. Хил залгаа оршдог энэ хоёр орон газрын тосны баялгаараа дэлхийд толгой цохидог бөгөөд хоёулаа ОПЕК-ийн гишүүн юм. Гэтэл кувейтчүүд асар баян амьдарч, иракчууд усны төлөө хөнөөлдөн тэмцэлдэж байдаг....

КУВЕЙТ

ТУСГААР ТОГТНОСОН ӨДӨР: 1961.06.19 ХҮН AM: 3.5 сая 
ДНБ: 135 тэрбум доллар 
НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ: 84 мянган доллар 
ҮНДЭСНИЙ ВАЛЮТ:Кувейтийн динар 

Персийн булангийн баян орнуудын нэг Кувейтийг Монголтой харьцуулах зүйл олон аж. Хүн амын хувьд манайхтай ойролцоон зэрэгцээ мөн л хоёрхон улстай хил залгаа оршдог. Кувейт нь XX зуунаас өмнө ядуу орнуудын ангилалд багтдаг байжээ. Харин эдүгээ кувейтчүүд амьдралын боломж хийгээд амьжиргааны түвшнээрээ дэлхийд толгой цохиж явна. Ашигт малтмалын орлогоо зөв зүйтэй хуваарилж чадвал Монгол Улс "Төв Азийн Кувейт болно" хэмээн цөөнгүй эдийн засагч тэмдэглэж буй.  Тиймээс энэ орон юугаараа үлгэр жишээ юм бэ гэдэг нь монголчуудын хувийн сонирхолтой байх болов уу.  3-5 caя хүн амтай Кувейнт улс нь Ирак, Саудын Арабтай хил залгаа оршдог аж. XVIII зуунд энд Бану Халид хэмээх суурьшлын төв бий болсон нь газар зүйн байршлын давуу талаа ашиглан Персийн булангийн томоохон боомт болж чаджээ. Үүний ачаар худалдаа хөгжсөн бөгөөд кувейтчүүд сувд, морь, кофе болон элдэв төрлийн амтлагч экспортолж эхэлсэн байна. Удалгүй Кувейт нь Их Британи болон Османы эзэнт гүрний хоорондох "хэрүүлийн алим" болж хувирсан байна. Анхандаа кувейтчүүд Османы эзэнт гүрний удирдлага дор байсан ч 1897 онд Их Британи энд цэргийн хүчээ оруулав. 1899 оноос Их Британийн ивээлд орж, 1913 онд нефтийн олборлолтод англичуудад монополь эрх олгох шийдвэр гаргах үедээ Кувейт дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байлаа.1961 онд тусгаар тогтнолоо зарлахдаа ч Кувейтийн нийгэм, эдийн засгийн байдал сайн байсангүй.   
Сувд олборлолт, худалдаагаар багагүй мөнгө олдог байсан ч 1920-иод онд хиймэл сувд гарч ирснээр кувейтчүүдийн орлогын эх үүсвэр хаагдсан нь тэр. Элсэн цөлөөр хучигдсан энэ орны нийт газар нутгийн нэг хувьд нь л тариалан эрхлэх боломжтой гэнэ. Тиймдээ ч "нефтийн бүүм" болохоос өмнө Кувейтэд мал аж ахуйн салбар голлодог байжээ. Голлодог ч гэж дээ, усны нөөц байхгүй шахам, бэлчээрийн даац муутай энэ оронд мал аж ахуй ч тэгтлээ хөгжих боломж байсангүй. Харин 1970-1980 онд кувейтчүүд нефтийн экспортынхоо ачаар баяжсан байна. 1990 онд Иран, Иракийн дайны үеэр Кувейт Иракийг хөрөнгө мөнгөөр дэмжиж байсан. Гэтэл энэ тусламжийг үл харгалзан Саддам Хусейн Кувейтийг хиар цохиж, олон кувейт амь үрэгдэн ихэнх иргэн нь Саудын Араб руу дүрвэж нийслэл Эль Кувейт үнсэн товорго болон хоцорч байсан түүхтэй. Гэхдээ хэдхээн жилийн дотор тус улс эргээд сэргэж, бүр хөгжиж чаджээ.Эдийн засгийн хувьд авч үзвэл, нефтийн олборлолт, боловсруулалт, нефть-химийн үйлдвэрлэл асар сайн хөгжжээ. 


Кувейтийн ДНБ-ий 50, экспортын 90 хувийг "хар алт" дангаараа бий болгодог байна. Жил-дээ 100 сая тонн нефть олборлож, 4.5 тэрбум шоо метр байгалийн хий үйлдвэрлэдэг кувейтчүүд эрчим хүчээ хүртэл газрын тосноос гаргаж авна. Эдүгээ нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Кувейт дэлхийд 11 дүгээрт бичигдэх баян орон болжээ. Үнэндээ газрын тосны арвин нөөц илэрснээс л кувейтчүүд гэнэт баяжсан гэхэд болно. ТУс улс 96 тэрбум баррель нефтийн нөөцтэй байгаа нь дэлхийн нийт нөөцийн есөн хувийг бүрдүүлдэг аж.Ингээд бодохоор Кувейтийн эдийн засаг ганцхан газрын тосноос л хамааралтай байгаа биз? Гэвч үүнээс өөр салбараа хөгжүүлье гэхэд үнэндээ хэцүү гэнэ.  
Цэвэр усны нөөц багатай учраас усаа цэвэршүүлж хэрэглэдгээс гадна бүр импортолдог юм байна.Энэ бүхнээс шалтгаалаадгазар тариалан, мал ажахуйн салбараа хөгжүүлэх боломжгүйг дээр дурдсан.Гэхдээ л эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд Кувейтийн эрх баригчидчадах чинээгээрээ хичээдэг аж. Тиймдээ ч барилгын материал, хүнсний үйлдвэрлэл,сувд олборлолтоо хөгжүүлэхийг ихэд чухалчилдаг байна. Мөн аялал жуулчлалын салбарт онцгой анхаарах болжээ.Яаж ч хичээсэн Кувейтийн эдийн засаг"хар алт"-ны үйлдвэрлэлээс шууд шалтгаална. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн хэлбэлзэл тус улсын орлоготой шууд хамааралтай. Үүнээс сэргийлэхийн тулдКувейтийн эрх баригчид нөөц гэдэгт хамаг анхаарлаа төвлөрүүлж иржээ.  
Энд Хойч үедээ зориулах, Ерөнхий нөөцийн гэх Засгийн газрын мэдэлд байдаг хоёр томоохон сан бий. 1990-ээд онд уг хоёр сангийн хөрөнгө 100 тэрбум орчим долларт хүрсэн ч дайнаас болоод 40- 50 тэрбум доллар болтлоо дундарсан байна. Саддам Хусейнд хиар цохиулсан хэрнээ нүд ирмэхийн зуур сэргэсэн нь нөөцөлсөн мөнгөнийх нь буян биз ээ. Эдүгээ дээрх хоёр сангийн хөрөнгө 200 тэрбум доллараас давчихаад явж буй аж. Хуримтлалынхаа нэлээд хэсгийг Кувейтийн эрх баригчид хөрөнгө оруулалтад зарцуулж, арвижуулдаг байна.

 

 

 

ИРАК

ТУСГААР ТОГТНОСОН ӨДӨР: 1932.10.03 
ХҮНАМ:31.5сая 
ДНБ: 65.8 тэрбум доллар 
НЭГ ХУНД НОГДОХ ДНБ: 2.1 мянган доллар 
ҮНДЭСНИЙ ВАЛЮТ: Иракийн динар 

Тигр, Ефрат гэх хоёр мөрний завсар орших Месопотамиг хүн төрөлхтний  соёл иргэншлийн өлгий болсон нутаг гэдэг. Дэлхийн хамгийн үржил шимтэй энэ нутагт түүхэнд анх удаа газар тариалан үүсэж байв. Ирак улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордгийн зэрэгцээ фосфорит, хүхэр,төмөр, цайр, зэс, никель гээд байхгүй зүйлгүй орон аж. Ийм сайхан нутагт амьдарч буй хүмүүс ядуугийн туйлд хүрч, балга усны төлөө бие биеэ хөнөөх болсны шалтгаан юу юм бол оо?




Месопотами нь 1534-1914 оны хооронд Османы эзэнт гүрний нэгэн хэсэг байв. 1914 оноос Их Британийн дарангуйлал дор байсан Ирак улс Кувейтээс 3О жилийн өмнө буюу 1932 онд тусгаар тогтнолоо зарлажээ. Гэвч иргэний дайн амар заяа үзүүлэхгүй ээлж дараалан болж, төрийн эргэлт толгой эргэм олноор гарч эхлэв. Иракийн төрийн тэргүүнээр хамгийн удаан байсан нь Саддам Хусейн. Тэрбээр 1979-2003 онд төрийн эрх барихдаа олон ч дайны нүүр үзсэн. Гэвч америкчууд, англичууд тэргүүтэй олон улсын хүчин Саддам Хусейныг буулгасан ч эмх замбараагүй байдал арилаагүйг бид мэднэ. 2003 оны тавдугаар сарын 1-нд Жорж Буш "Ирак эрх чөлөөтэй боллоо" хэмээн тунхаглажб айсан ч Ирак дахь улс төрийн тогтворгүй байдал өнөө хүртэл үргэлжилсээр... 

Өнгөрсөн гуравдугаар сард Ирак улсад парламентын сонгууль болсон ч үр дүнг нь одоо гуртал албан ёсоор зарлаагүй байна. Засгийн эрхийн төлөөх замбараагүй тэмцэл өрнөсөөр... 

Уг нь Иракийн эдийн засаг 1970-аад онд нэлээд өсөлттэй байжээ. Тухайн үед нефть, хийн орлого асар их байсан ч эрх баригчид нь бух хөрөнгөө дайнд зарцуулсаар юу ч үгүй хоцорсон байна. "Бид ийм баян юм чинь" хэмээн бардаж, байгаа мөнгөнөөсөө гадна байхгүйгээ зээлж өрөнд оржээ. Найман жил үргэлжилсэн Иран, Иракийн дайны үеэр  иракчууд 80 тэрбум гаруй доллар зарлагадсан гэх тооцоо ч бий аж.  
Уг нь 112 тэрбум баррель нефтийн батлагдсан нөөцөөрөө Ирак нь дэлхийд хоёрдугаарт ордог.  
Төрийн өмчит "North Oil Company" (NOC) болон "South Oil Company" (SOC) нь нефтийн салбартаа монополь эрхтэй. Иракийн нийт олборлолтын 90 орчим хувийг SOC дангаараа биелүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1.8 сая баррель "хар алт" үйлдвэрлэдэг байна. Эдүгээ газрын тосны олборлолт хийгээд экспорт Иракийн төсвийн орлогын 98 хувийг бүрдүүлж байгаа юм. Гэвч тус улсын ард иргэд эрчим хүчний хомсдолд ороод удаж буй. 

Сүүлийн мэдээллээс үзэхэд Иракийн эрх баригчид байгалийн хийн гурван томоохон ордоо ашиглалтад оруулах тендер зарлажээ. Нийт 311 тэрбум шоо метр байгалийн хий агуулж буй энэ гурван ордод тус улсын нийт нөөцийн 10 хувь нь багтдаг аж. Аккас ордод үйл ажиллагаа явуулах эрхийг БНСУ-Казахстаны консорциум авсан бол үлдсэн хоёр ордыг Кувейт, Турк, БНСУ-ын компаниуд ашиглахаар тогтсон байна. Дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангах шаардлага тулгамдаж байгаагаас тендер зарласан тухай гадаадын хэвлэлүүдэд бичжээ.  Олон улсын валютын сангийн тооцооноос үзэхэд Иракийн хамгийн том хөрөнгө оруулагч Турк улс юм байна. Өнгөрсөн онд Туркийн компаниуд 5.6 тэрбум долларын хөрөнгө оруулсан бол Сири 3.9, АНУ хоёр тэрбум долларын санхүүжилт хийснээрээ Хятадтай дүйцэж буй. Байгалийн асар их баялагтай энэ оронд хөрөнгө оруулах хэрэгтэйг орлогч Франсиско Санчес хувийн хэвшлийнхэндээ хандаж хэлсний "Америкийн дуу хоолой" радио энэ сарын эхээр дамжуулжээ. 


Аюулгүй цаг ирэхийг хүлээвэл бүтэхгүйг Ф.Санчес анхааруулсан байна. Гэвч улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн тодорхой бус орчинтой. Ирак улсад зориглон хөрөнгө оруулах компани ховор байх нь мэдээж. Сүүлийн гурван сарын хугацаанд Багдадаас холгүй орших Абу-Грейб мужийн Ус хариуцсан албаны долоон ажилтан амь насаа алджээ. Энэ сарын эхээр үл мэдэгдэх хүмүүс тус албаны захирал Хасан Фейсалын гэрт халдаж, эхнэр, хоёр хүүхэдтэй нь хамт цааш харуулчихаад зугтсан тухай "РИА Новости" мэдээлсэн байна."Энэ бүхнийг зохицуулах төр бидэнд байхгүй. Тийм ч болохоор бид асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Газраа усаар хангахын тулд галт зэвсэг барихаас ч буцахгүй" хэмээн Иракийн нэгэн шейх Сажид аль Зубайди хэлснийг "РИА Новости" дамжуулжээ. Сүүлийн үед Ирак улс усны хомсдолд орсон тул "чандманъ эрдэнэ"-ээ хуваарилах тусгай албатай болжээ. 

Гэвч холбогдох албаныхан усаа хуваарилахдаа авлига авдгаас дээрх шиг аллага энгийн үзэгдэл болсон байна.Тйгр, Ефрат мөрний өглөг хаачив аа? Улс төрийн тогтворгүй байдал, дайн дажин юунд хүргэдгийг Иракийн жишээ xaруулax ажээ.