Шинэ жил гэж баахан энд тэндгүй дэлгүүр хэсэж, харайлгасан улсууд өнөөдөр нэг амьсгаа авч байгаа байх. Гэхдээ тэд амьсгаагаа хэдхэн хоног авах нь энэ удаад... Учир юу гэвэл, Энэ жил бидний тэмдэглэж ирсэн уламжлалт үндэсний томоохон баяр болох  "Цагаан сар" шинэ жилийн дараахан тохиож байгаа билээ.

Монголчууд бид шинэ он, хаврын тэргүүн сараа угтан авах гэж хэр хэрэндээ л хөөрхөн санхүүгийн хямралд ороод авдаг. Нэг ёсондоо буузаа хийх гэж хаврын уртад идэх хэдэн сарын махаа давиад туучихна. Ээ дээ энэ Монголчууд уу. Гэхдээ л тэд энэ баяраа наашаа нэг харан инээж, цаашаа харж уурлаж нэг үзэн тэмдэглэн өнгөрүүлсээр олон жилийг ардаа орхиж байгаа.

Нас дээр гарсан ахмадууд энэ баярыг юм элбэг хангалуун сайхан үед хямралгүй нуруу тэнгэр тэмдэглэдэг байсан гэж дурсаж суухыг нэг биш удаа сонссон. Харин тэдний яриад байгаа юм элбэг, дэлбэг гэдэг нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, махны үнэ тэнгэрт хадаагүй үе байсныг ийн ярьдаг аж.

Гэтэл өнөөдөр бидний өргөн жилдээ ганц удаа тэмдэглэдэг баяр дөхөөд ирэхээр бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгддэг. Тааралдсан хүн болгон юм үнэтэй байгааг хэлнэ.

Өнөөдрийн байдлаар хөөрхий хэдэн тэтгэврийн хөгшид тэтгэврийн зээлээ авах гэж банкин дээр дугаарлан зогсож байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Тэдний хувьд залуучуудаасаа илүү бэлдэх зүйлсийн дараалал урт хөвөрнө. Тухайлбал, шинэ дээл, гутал, малгай, бүс гээд за тэгээд дээрээс нь ууц, цагаан идээ, бууз, ирж золгосон хүмүүсийн гарыг цайлгах бэлэг сэлт гээд л цуварна.

Шинэ оны өмнөхөн тэтгэврийн нэмэгдэл гэж хэдэн төгрөг нэмэх сураг гарахад хамгийн ихээр хөгшчүүл хэдэн төгрөг нь хаа юм гэж баярлаж суусан. Гэтэл энэхүү нэмэгдлийг нь дараа сард олгохоор болсон юм.

Хөгшчүүл тэтгэврийн зээлээ аваад хүүнд нь бас овоо хэдэн төгрөгөө банкинд өгөөд тавьчихна. Дараа нь үлдсэн хэдээрээ Сар шинийхээ бэлтгэлийг базаахаар зах, дэлгүүрүүдээр харайлгаж гарна.

Ингээд бодохоор баяруудаар наймаачид, цаашлаад бизнесмэнүүд халаасаа түнтийлгэн, цулайдаг бололтой.

Манай улсын мал сүргийн тоо жилээс жилд л өсөн нэмэгдсээр хүн амаасаа 15 дахин их буюу 45 саяд хүрсэн сайхан мэдээтэйгээр шинэ оныг угтсан билээ. Мал дагаж ам тосдоно гэдэг болохоор малчид ч мах, сүү, цагаан идээ талдаа санаа зовохгүй, Нийслэлийн биднийг бодвол. Тавгийн идээгээ цагаан идээгээр засахад багагүй мөнгө хаядаг цаг ирээд удаж буй. Монгол улс мал ихтэй ч махны үнэ нь байнга тэнгэрт хаддаг. Жилдээ ганц тэмдэглэдэг баяр дөхсөн өдрүүдэд мах магнаг боллоо, үнийг нь буулга О.Магнай дарга аа гэж хашгираад ч нэмэр болохгүй нээ.

Ууцны мах, ул боов, цайны сүү, цагаан идээ, бууз, баншаа бэлтгээд нэг амьсгаа авна. Дахин зочиддоо өгөх гарын бэлэг авах гэж худалдааны төвөөр бараа таваарын үнэ, чанар хоёрыг нь шалгаж явсаар өдрийг барна. Чанарыг нь бодоод авах гэхээр үнэ нь өндөр, үнэ нь хямдхан юм гэж мөнгөө тоолох гэхээр чанар нь хүний өмнөөс барихаар ч ичмээр зүйлүүд олон. Ийнхүү иргэд бид  үнэ, чанар хоёрын дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчийн үлгэрээр хавчуулагдаж орхино.

Хөгшчүүлийн хамгийн ихээр мөнгө зардаг зүйлүүдийн нэг нь Сар шинийн ширээний ууц.Өчигдрийн байдлаар л гэхэд “Хүчит шонхор” зах дээр ууцны үнэ 200-500 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Жижиг ууц 200 мянган төгрөг бол тарган, том ууц 500 мянга буюу түүнээс дээш үнэтэй байна. Гэхдээ энэ их үнэтэй ууцанд мөнгө хаяж авч чадахгүй хөгшчүүл олон бий.

Ямартай ч уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэх гэж түрүүвч нимгэн ч чадлаараа зүтгэсээр сар шинээ угтдаг. Засгийн газар "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" ярьсаар хувийн хэдэн компаниудын халаасыг зузаатгаж, иргэдийн түрүүвч хоосорсоор л... Засгийн газар ажлаа сайн хийсэн бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахгүй. Хэрэв зээ үнэ тогтворжуулна гэж амлаагүй байсан бол бас үнэ хөөрөхгүй байх ч магадлал өндөртэй.

Х.Даваа