Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Гэлэгийн Баасантай ярилцлаа.

Та Ерөнхий сайдад ямар чиглэлээр зөвлөгөө өгдөг юм бэ?

Миний хувьд 2013 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Орон тооны бус гэхээр мэдээж л дээ, цалин урамшуулал гээд байх юм юу байхав. Би олон жилийн турш жагсаал цуглаан зохион байгуулж явахдаа нийгмийн бүхий л салбарынхантай харилцаад сурчихсан. Тийм болохоор мэдээлэл сайтай байдаг юм. Төр засгийнханд хүрч чадаагүй мэдээлэл ч надад олддог. Ер нь төрийн засгийн түвшинд хүргэх шаардлагатай  мэдээллүүдийг нэгтгэж Ерөнхий сайдад өгөхдөө эдгээрийг ингэж шийдэх боломжтой  гэсэн саналаа бас боловсруулж өгдөг юм.

Бичгээр биш зөвхөн хэлж ярьж зөвлөх тохиолдол гардаг уу?

Үгүй ээ. Миний нэг онцлог бол дандаа бичгээр өгдөг. Энэ нь баримт үлдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр төр засгийн түүхийн нэг хэсэг болно. Юун түрүүнд би төр, засгийн байгууллагууд нь олон түмэнд үргэлж нээлттэй байх ёстой гэдгийг чухалчилж байгаа.

Нийтдээ хэдэн удаа бичгээр зөвлөмж, санал өгөв. Тэдгээрийн хэд нь ажил хэрэг болов?

Би энэ ажлыг хариуцсанаас хойш Ерөнхий сайд Н.Алтанхуягт нийтдээ 20 удаа  бичгээр  тодорхой асуудлуудыг хөндөж тавиад байна. Ийнхүү 20 удаа Ерөнхий сайдтай биеэр уулзаж танилцуулга, мэдээлэл хийсэн бүх зүйлийн минь хэдийг нь биелүүлж, хэд нь биелэх шатандаа яваа болон хэд нь огт биелээгүй вэ гэдгийг удахгүй судалж тооцно.

Монголын ахмадын холбоо, Монголын чөлөөт ахмадын холбоо гэдэг нэг чиг үүрэгтэй хоёр холбоо зэрэгцээд, уралдаад л ажиллаад байна уу?

Есөн жилийн өмнө Монголын ахмадын чөлөөт холбоо  байгуулагдсан. Энэ холбоо  Үндсэн хуулийн үзэл санааны дагуу иргэний ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан ганц байгууллага гээд хэлчихэд буруутахгүй болов уу. Монголын ахмадын холбоо харин социалист системийн үеэс уламжлалтай, нэг намын хараа хяналтан дор өдий хүрлээ. Тус холбоо нь үндсэндээ яг ийм хэлбэр агуулгаараа ахмад настангуудынхаа хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, байгууллага хамт олонтой байх, эдийн засгийн болоод санхүүгийн эрх чөлөөг эдлэх, хүрэлцэхүйц тэтгэвэр тэтгэмжтэй байх гэх мэт маш олон эрхийг нь хамгаалж чадаагүй. Зүгээр л эрх барьж байсан намынхаа сонгуульд хэрэглэдэг машин маягаар ахмадуудыг ашиглаж байлаа. Мөн ахмадуудын тэтгэврийг санаатайгаар, бүр зориуд гэмээр туйлын бага хэмжээнд барьж, тэдэнд шинэ нийгмийг үзэн ядах  үзэл санаа шингээж байсан нь олон талаар нотлогдох хэмжээнд хүрээд байна. Монголын ахмадын чөлөөт холбоо тэр бүхнийг сөрж гарахаас аргагүй байсан юм.

Монголын ахмадын холбоо татан буугдах хэмжээнд хүрчээ гэсэн үг үү?  

Монголын ахмадын холбоо 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах эрх нь үндсэндээ хаагдчихаад байгаа юм.  

Хаанаас, хэн эрхийг нь хаачихсан юм бэ?

Монголын ахмадын холбооны үйл ажиллагаа  “Төрийн бус байгууллагын тухай хууль”, “Засгийн газрын тухай” зэрэг хуулиар зохицуулагддаг. Манайх ч мөн ялгаагүй, эдгээр хуулийн дагуу явж байгаа. Засгийн газрын тухай  хуулийн 19.2-т “Засгийн газар нь зарим чиг үүргээ төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэсэн байгаа. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуульд “Төрийн бус байгууллага нь гэрээний үндсэн дээр Засгийн газрын зарим чиг үүргийг хүлээн ажиллаж болно” гэсэн заалттай. Энэ хоёр хуулийн огтлолцол дээр Монголын ахмадын  холбоо  өнгөрсөн хорь гаруй жилд төсвөөс санхүүжиж ажилласан боловч ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалаагүй. Тэгвэл Монголын ахмадын чөлөөт холбоо есөн жил гаруй хугацаанд тэрхүү хөсөр хаягдсан эрх чөлөөг нь эдлүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон асуудлыг  шийдвэрлүүлж чадсан. Аль байгууллага нь шударга тууштай ажиллаж байгаагаас  хамаарч Засгийн газар  өөрийн зарим  чиг үүргээ  тухайн төрийн бус байгууллагад үүрүүлнэ шүү дээ. Иймээс өнөөгийн Засгийн газар Монголын ахмадын чөлөөт холбоотой гэрээ хийсэн.  Одоо  улсын хэмжээнд ахмад настангуудын асуудлыг Монголын ахмадын чөлөөт холбоо хариуцан ажиллаж байна.  Бид өнгөрсөн онд энэ том ажлыг аваад нийтдээ 13 аймгийн бүх сумаар орж ахмадуудтайгаа нүүр тулж уулзсан. Ахмадуудаа сонсох тусгай утас ажиллуулдаг боллоо. Мөн “Ахмад.мн” сайт ажиллуулж  байна. Ер нь нэг ч ахмад настанг хараа хяналтаасаа гадуур байлгахгүйг  хичээж байгаа. Ингэснээрээ бид олон улсын жишиг, стандарт шаардлагад хүрч ажиллах учиртай юм.

Та нарыг хөдөө орон нутгаар явж байхад билүү дээ, Монголын ахмадын холбооныхон “Баасан тэргүүтэй нөхөд бидний хамаг юмыг булаагаад авчихлаа” гэсэн гомдол заргын бичиг хэвлэлүүдээр цацаж байсан. Энэ маргаан яаж шийдэгдсэн бэ?  

Булаасан энээ тэрээ гэж байгаа бол өмчийн харилцааны асуудал болоод явчих байх. Бид хүний эрхийн асуудал ярьсан болохоос биш өмч хөрөнгө яриагүй. Зөвхөн ахмад настангуудын хувь заяаны талаар л ярьж  тэмцсэн. Гэтэл тэдний зарим  нь “Та нар тэгж л бай. Бид дараагийн сонгуулиар нам ялаад гараад ирэхээр наад эрх мэдлийг чинь буцаагаад авчихна” ухааны юм ярьцгааж байна гэсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр, тэр хуучимсаг нөхдүүд чинь өнгөрсөн хорь гаруй жилд ахмад настангуудыг худалдаад авчихсан байсан юм уу гэдэг асуултын тэмдэгтэй, их сонин дүр төрх ажиглагдаад байгаа юм.

Тэгвэл тэд Монголын ахмадын холбооны нэр дээр урьд нь байсан өмч хөрөнгийг ярих гээд байгаа юм уу?

Монголын ахмадын холбооны өмч хөрөнгө гэвэл тухайн орон нутгийнх нь  өмч шүү дээ. Тэд нэг намын дэглэмийн үед эзэмшиж байсан өмч хөрөнгөндөө дулдуйдан ахмадуудыг боол мэт байлгадаг байсан юм. Биднийг ахмадуудын орон сууц, тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ сувилгаа зэрэг олон асуудлыг хөөцөлдөж явахад Монголын ахмадын холбоо байнга бидний эсрэг ажилладаг байлаа. Тэдний зүгээс бидэнтэй  хамтарч ажиллах талаар нэг ч удаа ам нээхийг бид харсангүй. Даанч дээ, үнэхээр Монголын ахмадын холбоо ахмад настангуудынхаа төлөө ажилладаг юм бол хамтраад ажиллах нь яасан юм. Цагаан сараар нэг удаа ч гэсэн хамтраад ахмадууддаа мэндчилгээ дэвгүүлье гэхээр үгүй гэдэг улс шүү дээ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Хэд их намжирхаж байна гэхээс өөр хэлэх үг олдохгүй байгаа юм. Намынхаа дарга нарын хараа хяналт, дохиураар л ажиллаж иржээ Монголын ахмадын холбоо.  

Танай холбоо ахмад настангуудын түрээсийн орон сууцны асуудлыг анх хотын захиргаанд санал болгосон уу? 

Үгүй ээ. Хотын захиргаа үүнийг өөрсдөө л хийж байгаа юм. Манай холбоо арай өөр байр суурьтай байдаг. Энэ оноос ахмад настангуудынхаа төлбөрийн чадамж болон бусад онцлогт тохирсон нөхцөлөөр орон сууцыг нь шийдэх бодолтой байна. Бид  түрээсийн орон сууцанд шүүмжлэлтэй ханддаг. Монголчууд маань бурхан болсон хүний араас байр сууцанд нь орох бүү хэл бусдын  хуучин хувцас хэрэглэхийг хүсдэггүй шүү дээ. Одоогийн энэ яриад байгаа түрээсийн байр нь нэг ахмад настан сууж байгаад бурхан болоход дараагийнх нь залгаж ороод бурхан болох зориулалттай юм билээ.  Түрээсийн сууц нь ахмад настангуудын өмч хэзээ ч болохгүй. Тэгэхээр бурхан болохоос өмнө үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх гал гомломтгүй байх хэрэг үү. Иймээс бид орон сууцны асуудлыг нь өөрөөр зохион байгуулах хэрэгтэй байна. Ямартай ч үл хөдлөх хөрөнгөтэй байлгахыг  зорино. Эрх баригчид иргэдээ ялгаварлахгүй, тэгш шударга харилцах тухай ярьдаг атлаа ахмад настангуудаа банкны зээлд ч хамруулахгүй байж болохгүй биз дээ. Энэ бүхнийг бид засч залруулах ёстой.

Ахмадууд зээлийн орон сууцанд орох боломжтой гэж үү?

Ахмад настангууд  үр хүүхдүүдтэйгээ нийлээд орон сууцны зээлд хамрагдах боломжтой баймаар байна. Хэрвээ ахмад настан  зээл аваад нас барсан тохиолдолд үр хүүхдүүд нь залгамжлан төлбөр тооцоог нь дуусгаад байртай үлдэх хэрэгтэй. Иймэрхүү  л системийг бий болгох нь чухал гэж бид үзэж байгаа.

Та хуулийн магистрын дипломын ажлаа ямар сэдвээр бичиж байгаа вэ?

Захиргааны эрх зүй, түүний дотроос  нутгийн өөрийн удирдлагын чиглэлээр магистрын дипломын ажлаа хийж, ирэх хавар хамгаална. Үндсэн хуулиараа бол бид иргэний ардчиллыг бэхжүүлэхийн төлөө явж байгаа. Энд иргэдийн дуу хоолой хамгийн гол үүрэгтэй. Өнөөдөр харамсалтай нь нутгийн өөрөө удирдах байгууллагууд  эдийн засаг, улс төр, эрх зүйн  баталгаагүй  байна. Ардчиллын үнэт зүйлс бодит хөрсөндөө бууж ирээгүй, хэдхэн намын эрх ашгийн асуудал мэт болоод байгаа юм. Энүүнийг дагаад олигархижсан төр засаг бий боллоо.

Иргэдээ намаар ялгаварлах нь хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэлийг та хэрхэн хүлээн авч байна?

Энэ үнэн. Намаар ялгаварлах нь сүүлдээ бүр хүмүүсийн хайр сэтгэл рүү хүртэл яваад орчихжээ. Арай дэндэж байна. Хөдөө орон нутагт явж байсан чинь хүмүүс энэ тухай ярьж байна билээ. Ардчилсан намын гишүүний хүүтэй охиноо суулгахгүй гээд бухимддаг болж гэнэ. Юу гэсэн үг вэ. Хөгийн юм болж байна, цаана чинь. Нэг үндэстэн  ингэж намын хатуу гишүүнчлэлээс болоод хуваагдаж, хагарч бутарч болохгүй шүү дээ.  

                                                                                                    Ярилцсан: Б.Отгонбаяр