Хятад жолооч нар хэрэглэдэг байсан мими гэх бодисыг нүүрсний тээвэрт явдаг Монгол жолооч нар олон хоног унтахгүйн тулд хэрэглэх болсон. Мими гэх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. Түүний 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээтэй юм байна. Уг бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэдэг байна. Тиймээс урд хөршид мимиг хориглосон. Харин Өмнөговь аймагт хөгшин залуугүй  “мими” гэх бодисыг  гар дээрээс бэлнээр зардаг болсон бөгөөд үүнд хууль, хяналтынхан анхаарал хандуулснаар эхнээсээ хэргийг шүүхээр шийдвэрлэж байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт гэр гуанзууд мими зардаг байсан бөгөөд  тухайн орон нутагтаа  зардгаараа алдаршсан байна. Мими зарсан тэтгэврийн зээлтэй гэр гуанз ажиллуулдаг эмэгтэй, Өмнөговь аймагт ажилладаг тээврийн жолооч Мими зарсан хэргээр Өмнөговь аймгийн шүүхээр таслагдаж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан байгаа юм. Тэдний хувьд гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд цаашид дахин энэ төрлийн хэрэгт холбогдох юм бол ял нь хүндрэх болно гэдгийг ухамсарласан байна.

Мими нь коффейн их хэмжээгээр агуулсан бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд байдаггүй. Коффейн нь Монгол Улсын бүртгэлд эмийн түүхий эд гэдэг нэршлээр бүртгэгдсэн. Хэрэв тухайн каффейны хэрэглэн ашиглах тохиолдолд эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлөөр хэрэглэх, ашиглах эрхгүй байдаг. Монгол улсад эм, эмийн түүхий эд бүртгэх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаалаар баталсан журмын дагуу явагддаг ба мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, үндэсний эмийн үйлдвэр болон тухайн гадаадын үйлдвэрийг Монголд төлөөлөх хууль ёсны эрхтэй төлөөлөгчийн газар нь Улсын бүртгэлд эм, эмийн түүхий эд бүртгүүлэх хүсэлтийг гаргадаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн түүхий эдийг экспортлох болон импортлох асуудал нь Эрүүл мэндийн Сайдын 2011 оны 343 дугаар тушаалаар зохицуулагддаг ба тул тушаалын нэгдүгээр хавсралтаар лиценз хүсэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөлтэй байгууллага байхыг заасан. Хувь хүн эм, эмийн түүхий эдийг гар дээрээс худалдан борлуулах болон худалдаалах зорилгоор гаднаас импортлох эрхгүй ба энэ талаар эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтад хуульчлан өгсөн байдаг. Тиймээс мимиг хэн ч борлуулах эрхгүй гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан нэгжээс хорин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг бөгөөд мимиг хилээр оруулах, гаргах, худалдах зэрэгт хуулийн хариуцлага хүлээх болно.

Тиймээс иргэд хавдар, үхэлд хүргэж болзошгүй  мими зарж байгаа мэдээллийг хуулийн байгууллагад өгч бусдыг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.